Эрчим хүч, газрын тосны асуудалд ОХУ-аас шууд хамааралтай Монгол Улсын хувьд хойд хөршөөс манайд нийлүүлж буй шатахууны үнээ нэмсэн нь гол асуудал болоод байгаа. ОХУ шатахууны үнээ өнгөрсөн аравдугаар сард тонн тутамд 44 ам.доллараар, харин энэ сард 49 ам.доллараар нэмсэн нь Монголд шатахууны үнэ нэмэгдэх гол нөхцөл шалтгаан болоод байгаа. Нефть импортлогч компаниудын хувьд одоогоор “НИК”, “Петровис” шатахууны үнээ нэмнэ гэдгээ албан ёсоор мэдэгдээд байгаа аж. Ингэхдээ литр тутамд нь 200-250 төгрөгөөр нэмэх гэнэ. Харин ШӨХТГ-аас хийсэн тооцоогоор хойд хөршийн үнийн өсөлттэй холбоотойгоор Монголд шатахууны үнийг литр тутамд нь 40-50 төгрөгөөр нэмэх үндэслэлтэй болохыг тооцоолжээ. Тиймээс нефть импортлогч компаниуд ямар учир шалтгаанаар, ямар үндэслэлээр, ямар тооцооны үндсэн дээр үнэ нэмэх болсон тухайгаа ШӨТХГ-т дэлгэрэнгүй тайлбар хүргүүлэх ёстой гэнэ. Түүнийг нь нягталж үзсэний дараа үнэ нэмэх эсэх асуудлыг ШӨТХГ-аас зохицуулах тухай тус газрын дарга О.Магнай хэллээ. Хэрэв ШӨХТГ-т ямар нэг тайлбар хүргүүлэлгүй үнээ нэмсэн тохиолдолд тухайн компанид хариуцлага хүлээлгэнэ гэдгийг ч тэр хэллээ.
Шатахууны үнийг 40-50 төгрөгөөр нэмэх үндэслэлтэй гэв
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Магнай өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэр шатахууны үнийн асуудлаар иргэдэд таатай мэдээлэл дуулгалаа.
Д.ЖАРГАЛСҮРЭН