Дэлхийн утга зохиолын ноён оргилын нэг У.Шекспирийн “Гамлет” жүжгийн нээлт энэ сарын 9-нд болно. Энэ жүжиг анх 1601 онд үзэгчдийн хүртээл болж, түүнээс хойш дэлхийн олон оронд олон арван найруулагч өөр өөрийнхөөрөө тавьсан байдаг. Харин манайд анх 1979 онд урлагийн гавьяат зүтгэлтэн С.Галсанжав найруулан Монголын үзэгчдэд хүргэсэн. Н.Сувдын хувьд “Гамлет”-ыг гучин гурван жилийн өмнө Монголын тайзнаа анх амилахад гол дүрүүдийн нэг Гамлетын хайртай бүсгүй Офелияд тоглож байсан юм.
-Танай театрынхан дэлхийн сонгодог бүтээлийг тайзнаа амилуулах гээд зав зай муутай байна уу. Нээлтийн өдөр нь товлогдсон шинэ бүтээлийн явц хэр амжилттай байна вэ?
-Дажгүй сайн байгаа. Бид өнгөрсөн долоо хоногт дотоод хяналтаа хийсэн. Манай залуучууд мундаг байгаа. Өнөө маргаашгүй гадаад хяналт гэж хийнэ. Жүжиг үндсэндээ бэлэн болчихсон шүү дээ.
-“Гамлет” жүжгийг энэ удаа бүтээж байгаа хүмүүс нь дандаа энд, эх орондоо боловсрол эзэмшсэн залуус байна билээ. 33 жилийн өмнө тавьж байсантай харьцуулбал ямар санагдав?
-1979 оны “Гамлет”-д ажиллаж байсан найруулагч, зураачаас гадна оролцож тоглосон миний хувьд бүгд ЗХУ-д мэргэжил эзэмшсэн хүмүүс байжээ. Дээр нь манай алтан үеийнхэн маань тоглож байлаа. Манай алтан үеийн жүжигчид ч орос сургалтаар бэлтгэгдэж гарсан уран бүтээлчид шүү дээ. Харин одоогийн “Гамлет”-ыг бүтээж байгаа уран бүтээлчид цэвэр Монгол үндэсний сургалтаар боловсрол эзэмшсэн хүмүүс. Өөрөөр хэлбэл, бүгд үндэсний “бүтээгдэхүүн” гэж хэлж болно. Тавилтын онцлог нь ч гэсэн илүү сэтгэхүйн, гүн ухааны талыг барьж ажилласан байна. Энэ жүжгийг дэлхийн тайзнаа тавьж байсан түүхийг харахад галзуу, өшөө авагч гээд олон Гамлет гарч байсан. Анхны Гамлетыг Английн жүжигчин Бербедеш гэж хүн бүтээсэн. Тэр хүн энэ жүжгийг нэрд гаргахад маш их үүрэг гүйцэтгэсэн гэж үздэг. Жүжгийн зохиол доторх үг хэчнээн олон утга санаатай, гүн гүнзгий ухаж ойлгож болдог гэдгийн эх суурийг энэ хүн тавьсан. Түүнээс хойш алтны уурхай ухаж байгаа аятай л янз янзаар гаргах гэж найруулагчид, жүжигчид ажиллаж байгаа. Манай “Гамлет”-ын хувьд үнэнийг эрэлхийлэх, амьдарч байгаа үеийнхээ утга учрыг олно гэсэн залуучуудын эрэл хайгуулын дүр төрхийг өөртөө хадгалсныг анзаарч болно.
-Өнөөдрийн залуус та нарын хэмжээнд хүртэл тоглож чадаж байна уу?
-Шууд тэгж харьцуулж болохгүй. Цаг үе нь өөр. Өөр өөр оргил гэсэн үг. Уулын оргилуудыг хооронд нь нийлүүлж болохгүй шүү дээ. “Эверест мөн ч өндөр шүү” гээд манай Отгонтэнгэрийг муулж болохгүй. Тиймээс тэр болгоныг ижилсүүлж, адилтгах хэрэггүй. Уран бүтээлчид өөр өөрийнхөө оргил өөд тэмүүлж яваа. Түүнээс биш Лоолийн Жамсранжавтай Сугарын Болд-Эрдэнийг заавал харьцуулж харах гээд ижилсүүлэх гээд хэрэггүй шүү дээ. Манай Болд-Эрдэнэ өөрийнхөө Гамлетыг урлаж байгаа. Тиймээс энэ “Гамлет” өнөөдрийн Монголын лидер уран бүтээлчдийн бүтээл байх болно. Түүнээс биш өмнөхийг давтах боломж ч байхгүй, тэгэх ч ёсгүй.
-Энэ удаагийн орчуулга нь ч гэсэн өөр гэсэн үү, та нарын тоглож байсан үеийнхээс?
-Биднийг тоглоход манай алдартай орчуулагч Ч.Чимэд гуайнхаар тавьж байсан юм. Ч.Чимид гуай Борис Пастернакийн орчуулга дээр үндэслэж орос хэлнээс хөрвүүлсэн. Харин энэ удаа Х.Мэргэний орчуулгаар хийж байна. Х.Мэргэн англиас нь шууд орчуулахын зэрэгцээ оростой нь тулгасан. Өөрөөр хэлбэл, англи, орос, монгол хэл дээрх гурван “Гамлет” дотроос шигшсэн орчуулга гэж ойлгож байгаа. Тиймээс үндсэн эх зохиолд нэлээд ойртох гэж хичээсэн, өмнөх орчуулгаас цаг үетэйгээ болон монгол хэллэгтэй уяж өгсөн сайн болсон. Тиймээс Монголын театрын уран бүтээлчид, найруулагч, орчуулагчдын өнөө үеийг харуулсан уран бүтээл болсон гэдэгт итгэж болно.
“ӨДРИЙН ШУУДАН”