Тэд өнгөрсөн бямба гаригт болсон Засгийн газрын хуралдаанаар ТТАХНЭ-ийн баригдаж буй барилгыг Хууль зүйн яам, Улсын ерөнхий прокурорын албан конторын байр болгох шийдвэр гаргасныг эсэргүүцэж буйгаа илэрхийллээ.
Эмч нар өөрсдийг нь БХЯ-нд шилжүүлж буйг эсэргүүцсэнгүй, харин Монголд байхгүй орчин үеийн эмнэлгийн барилгыг оффис болгож, суурилуулсан тоног төхөөрөмжийг ямар ч хэрэггүй төмрийн хаягдал болгох гэж байна гэв.
ТТАХНЭ-ийн эмч нарын төлөөлөл ямар ч тохиолдолд эмнэлгийн барилгыг эмнэлэг хэвээр нь үлдээж, иргэдэд орчин үеийн тоног төхөөрөмжөөр үйлчлэх ёстой хэмэээлээ. Эмнэлгийн барилгад MRI CD төхөөрөмж, хүчилтөрөгчийн аппаратыг бүрэн суурилуулаад байгаа аж. Уг барилгыг 10,6 тэрбум төгрөгөөр барих бөгөөд одоогийн байдлаар 8,3 тэрбум төгрөгийн санхүүжилтийг бүрэн авч, үлдсэн 1,7 тэрбум төгрөгийн санхүүжилт 2012 оны төсөвт бүрэн суужээ. Мөн 500 сая төгрөгийг 2013 оны төсөвт оруулахаар УИХ-аар хэлэлцэж байгаа юм байна. Барилгыг ирэх арванхоёрдугаар сард ашиглалтад оруулах ажээ.