Хуучирсан мэдээ: 2012.11.05-нд нийтлэгдсэн

Цас орсон аравдугаар  сарын өглөөгүүр Улаанбаатараас ниссэн манай багийнхан 30 градусын халуунтай, намуухан бороо шивэрсэн Вьетнамын Хо Ши Мин хотод үдшээр буулаа.  Хүн зоны их урсгал, аагим халуунтай давхцан амьсгалахад хүртэл тээртэй мэт санагдах Вьетнамын үдэш цаанаа л “соньхон”.

85 сая хүн амтай, хүн амынхаа тоогоор дэлхийд 13-т жагсч байгаа тус улс хөгжлийн төлөө эргэлт буцалтгүй тэмүүлж, тэрхүү хөгжлийнхээ хөшүүргийг эрчим хүч хэмээн тодорхойлж байна. Тиймээс ч эрчим хүч+ Вьеатнам гэсэн бодлогыг төрөөс нь  баримтлах  болсон гэнэ. Далайгаар хүрээлэгдсэн, экваторын бүсэд ойрхон орших Вьетнамын хамгийн том мөрөөдөл нь зүүн Азид эрчим хүчний хаанчлалыг тогтоох. Түүнийгээ хэрэгжүүлэхийн тулд цөмийн технологийг ашиглахаар шийджээ.  Монголчуудыг эсэргүүцэж айгаад байгаа тэр цөмийн технологи гэгчийг вьетнамчууд хөгжлийн гарц болгон харж байгаа учраас  хэдхээн жилийн өмнө Монголоос 25 жилээр хоцрогдож явсан тус улс өнөөдөр манайхаас 15 жилээр түрүүлчихээд байгаа хэрэг шүү дээ.  Вьетнам улс цөмийн эрдэм шинжилгээний судалгааны 10 том хүрээлэнтэй бөгөөд ойрын хоёр жилийн хугацаанд атомын цахилгаан станцтай болно гэсэн том зорилгыг өмнөө тавьжээ. Цаашлаад  дөрвөн том атомын цахилгаан станцтай болж чадах итгэлээр тэд жигүүрлэж байна лээ. Ердөө арав ч хүрэхгүй жилийн өмнө Монголын хөгжил тэднээс 25 жилээр тасарсан байсан хэрнэ яагаад өнөөдөр 15 жилээр ухарчихав аа гэхээр харамсмаар ч юм шиг.

Ус элбэгтэй, жилийн ихэнх өдрүүд нь халуу шатдаг  вьетнам  уг нь миний бодлоор л  бол сэргээгдэх эрчим хүчийг ашиглах нь илүү дээр баймаар. Гэтэл тул улс хөгжлийнхөө томоохон бодлогыг цөмийн технологитой холбож, зүүн Азийн  орнуудыг эрчим хүчээр  гартаа атгахын тулд ёстой л “үхэлдэж” байна.
Энэтхэг-Хятадын хойгийн зүүн хэсэгт орших Вьетнам улс хойд талаараа Хятад, баруун хойд талаараа Лаос, баруун өмнөд хэсгээрээ Камбож улсуудтай хиллэдэг гэсэн.

Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Цөмийн энергийн газрын ажилтнууд тус улсад зочилж, туршлага судалсан юм. Вьетнамчууд сүүлийн 20 гаруй жил цөмийн технологийг уул уурхай, эрүүл мэнд, үйлдвэрлэл, хүнс хөдөө аж ахуй гээд бүх л салбарт ашиглах болсон, цөмийн технологийг хөгжүүлэхийн тулд төрөөс анхаарал маш сайн тавьдаг, хөрөнгө оруулалт ч хангалттай өгдөг бололтой юм.  Төрийнхөө бодлого шийдвэрийг ард түмэндээ сайн таниулсны ачаар тус улс ирээдүй өөд итгэлтэй алхаж байна. Ямар ч байсан манайхан шиг л цөмийн технологи гэхээр л цөмийн бөмбөг шиг л хүлээж авдаггүй юм байна лээ, ард түмэн нь.  Хүн ам нь улстөржиж гүйхээсээ илүү өөр өөрсдийнхөө ажлыг хийсэн шиг хийж, улс орныхоо хөгжилд гар бие оролцож байна. Монголчууд шиг ярьж чаддаг бол вьетнамчууд хийж чаддаг ард түмэн шиг л санагдсан.

Экспортод гаргаж байгаа болон импортоор орж ирж байгаа бүтээгдэхүүнийг заавал цацрагаар шарж ариутгадаг юм байна.   Ийм үйлчилгээ эрхэлдэг  томоохон хүрээлэнтэй танилцсан юм. Эхний жилдээ тус хүрээлэнгийн зорилгыг вьетнамчууд тэр бүр мэдэхгүй байсан болохоор экспорт, импортод гаргах бүтээгдэхүүнийг цацрагаар шарж ариутгах үйлчилгээг үнэгүй хийж өгдөг байжээ. Харин дараа нь вьетнамчууд сайн талыг нь мэдэрсэн учраас өөрсдөө тус хүрээлэнгээр үйлчлүүлэхээр хандах болсон байна. Одоо бол тус хүрээлэн банкнаас авсан зээлээ төлсөн, ашигтай ажилладаг төрийн статустай нэгэн бизнесийн байгууллага болон хувирсан аж.  Орлогынхоо 50 хувийг ажилдынхаа цалин хөлсөд, 30 хувийг нь тоног төхөөрөмжийн шинэчлэлд, үлдсэн 20 хувь хүрээлэнгийнх нь цэвэр ашиг болж байгааг ч вьетнам дарга дуулгав. Хүнсний аюулгүй байдлын талаар мянгантаа ярьдаг ч ажил хэрэг болж чаддаггүй монголчуудад вьетнамчуудаас суралцах юм их байна. Адаглаад л импортоор орж ирж байгаа  бүх л баталгаатай, баталгаагүй хүнсний бүтээгдэхүүнийг цацрагаар шардаг ийм байгууллагыг төрөөс бодлогоор дэмжиж байгуулах ёстой юм шиг санагдсан.

Атоым цахилгаан станц аюул биш

Атомын цахилгаан станц аймаар эд бишээ гэдгийг вьетнамчууд монголчуудаас түрүүлээд ойлгочихож.  Тиймдээ ч атомын цахилгаан станцтай болохын тулд олон ч ажлыг төрөөс нь хэрэгжүүлэх болсон байна. Хамгийн түрүүнд үндсэний боловсон хүчинг бэлтгэх, үүний тулд цөмийн мэргэжилтнүүдийг ОХУ-д бэлтгэж эхэлсэн байна. Вьетнамчуудын гол түнш нь цөмийн технологийн хувьд ОХУ бололтой. Тиймээс ч  оросуудын тусламжтайгаар 2014 он гэхэд анхны атомын цахилгаан станцаа барих төлөвлөгөөтэй байгаа аж. Болж өгвөл түүнээс нааш ч барихаар зорьж байна, вьетнамчууд. Атомын цахилгаан станцыг вьетнамчууд хөгжил хэмээн харж байна. Харин монголчууд сүйрэл гэдэгт итгэчихэж. Энэ л бидний алдаа, хөгжлийн чөдөр болжээ.

Анхны атомын цахилгаан станцаа ОХУ-ын зээлээр барих бөгөөд уг зээлийн хүрээнд судалгааны 10 мгВатт хүчин чадалтай реактор тус улсын Да Лат хотод барьж ашиглалтад оруулсантай монголчууд танилцав.  Сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний зориулалтаар баригдсан энэхүү реактор нь изотоп үйлдвэрлэж,  улсынхаа цөмийн технологийн хүрээлэнгүүдээ хангадаг гэсэн.

Атомын цахилгаан станцаас айхгүй байна уу гэсэн асуултад вьетнамчууд “нэг хоёрдугаар үеийн реактор асуудалтай болохоос гурав, дөрөвдүгээр үеийн реакторууд эрсдлээс бүрэн хамгаалагдсан шүү дээ. Бид дөрөвдүгээр үеийн реакторыг ашиглах болно” гэсэн хариултыг өгч байна лээ.

Монголтой харьцуулахад Вьетнамын ураны нөөц хариугүй шахам. Тиймээс тэд атомын цахилгаан станцын түлшээ Оросоос авахаар төлөвлөж байгаа юм байна. Орос Вьеатнамын атомын цахилгаан станцыг нь 100 жил түлшээр хангах, ашигласан түлшээ буцааж нутагтаа булшлах гэрээ байгуулсан гэдэг.  Ганц оросууд ч биш Япон болон бусад орнууд Вьетнамд Атомын цахилгаан станцыг өөрийн хөрөнгөөр барьж, өөрийн улс орондоо боловсон хүчин бэлтгэхэд нь 100 хувь дэмжихээ амлаад байгаа гэх. Вьетнам улс хаанаа атомын цахилгаан станц барих вэ гэсэн асуултад Тиан муждаа хоёр ч АЦС барихаар төлөвлөж байгаагаа VINATOM-ын гүйцэтгэх ерөнхий захирал, доктор Хоан Ан Туан дуулгав. Нэгийг нь оросуудын тусламжтайгаар, нөгөөг нь япончуудын дэмжлэгээр барих гэнэ.

Атомын цахилгаан станцууд нь ашиглалтад орсноор Вьетнамын хөгжил шинэ төвшинд гарах болно гэж тэд тодорхойлж байна. Дэд бүтэц, хөдөө аж ахуй, эрүүл мэнд,эрчим хүч гээд бүх салбартаа цөмийн технологи ашиглаж зүүн Азидаа номер нэг болохоор вьетнамчууд ярих завгүй  ажиллаж байна.   Зүүн Азийн орнуудад эрчим хүчээ худалдах замаар зээлээ амархан төлөх болно гэдгээ ч вьетнамчууд хэдийнэ тооцчихож. Тэр цагт Вьетнамын Монголоос 15 жил бүү хэл  жилээр түрүүлчихсэн байхыг үгүйсгэмгүй билээ.

Ж.НЯМСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж