-Ирэх оны төсвийн төслийн хэлэлцүүлэг эд үргэлжилж байна. Таны хувьд шинэчилсэн Засгийн газрын боловсруулсан төсөв шинэчлэгдэж чадсан уу?
-Энэ удаагийн төсөв шинэчлэгдэж чадаагүй гэдэгтээ санал нэг байгаа. Шинэчлэгдсэн гэж хэлэхэд хэцүү.
Бидний яриад байгаа шинэчлэгдсэн төсөв магадгүй 2014 оноос үр дүнгээ өгөх байх. Харин энэ оны төсвийг шинэ хандлага, бодлогоор гаргах ямар ч бололцоо байгаагүй. Яагаад гэвэл 2012 оны төсөв өөрөө сонгуулийн өмнөх төсөв байсан шүү дээ. Тухайн үеийн эрх баригчид сонгогч түмэнд таалагдахын тулд маш хөөстэй, бүтэшгүй том төсвийг баталсан. Мөн их хэмжээний бэлэн мөнгийг тараасан. Тэгэхээр 2012 оны төсвийн хаялга 2013 он руу орж байгаа юм. Өнөөдөр шинээр ажил эхлүүлэх бус энэ онд эхэлсэн хөрөнгө оруулалтыг ирэх оны төсвөөс л нөхөж байна. Тиймээс энэ удаагийн төсөвт шинэ хандлагыг оруулах бололцоо байгаагүй гэж ойлгож болно.
-Парламентын сонгуульд ард түмэн өвөрмөц сонголт хийсэн. Өөрөөр хэлбэл, Ардын намынхан сөрөг хүчин боллоо. Харин Ардчилсан намынхан аливаа асуудалд хэтэрхий хүч түрэн хандаж байна гэх шүүмжлэл бий. Өөрөөр хэлбэл, Ардын намын бүлэг байгуулах асуудал байна. Та үүнтэй санал нийлж чадах уу?
-Нэгэнт олонхийг бүрдүүлсэн л бол олонхи, цөөнхийн харилцаагаар л явдаг шүү дээ. Олонхи нь шийдвэрээ гаргаж, цөөнх нь хяналт тавьж, ташуурдах цагт нь ташуурдаад явах ёстой. Харин цөөнхийн гишүүд бодлого тодорхойлох эсэх нь тусдаа асуудал юм. Ер нь бол Ардын намынхан олон жил засаг барьчихсан. Гэтэл энэ удаа цөөнх болчихсондоо дадал болохгүй байгаа юм шиг санагдаад байна. Ардын намын бүлгийн тухайд тэд өөрсдөө хуулийн зохицуулалтаас хоцорсон. Гэхдээ олонхи үүнд хүлээцтэй хандаж байгаа. Тухайлбал, Ардын намын бүлэг байгаа мэт цөөнхийн гишүүдийг УИХ-ын бүтцийн байгууллагад оруулаад явж буй. Гэсэн хэдий ч бид хуулийг давж шийдвэр гаргаж болохгүй. Хуулийн зохицуулалтыг хүлээх ёстой шүү дээ. Ардын намын бүлэг байгуулахын тулд хуульд өөрчлөлт оруулах ёстой, өөрчлөлт оруулахын тулд Ардын намынхан санаачлагч байх учиртай. Гэвч Ардын намынхан өөрсдөө хуулиа санаачлан өргөн барихгүй байна. Өөрсдөө юу ч хийхгүй байж гудамжны тэмцэл хийгээд буй болохоор л ажил явахгүй байна. Тэгэхээр тэд олонхиос асуудлыг хайхаас илүүтэй өөрсдөөсөө хайх ёстой юм болов уу.
-Та бүхэн цөөнхийн үгийг сонсохгүй байгаа юм биш үү. Ардын намынхан ингэж гомдоллоод байгаа шүү дээ?
-Цөөнхийн гишүүд байнгын хороо, чуулганы танхимд үгээ хэлэх эрх нь нээлттэй, хэлж байгаа шүү дээ. Төсвийн төслийг боловсруулж байхад ажлын хэсэгт нь Ардын намынхан оролцсон. Энэ оны төсвийг хэлэлцэхэд УИХ-ын гишүүд бараг санал нэгтэйгээр дэмжлээ. Үүний цаана зөвшилцөж, ажлын хэсэгт хамтарч оролцсоны үр дүн юм. Ардын намын бүлгийг байгуулсан, байгуулаагүй гишүүдтэй нь маш ажил хэрэгчээр хамтран ажиллаж байна. Бидний үгийг сонсохгүй байна гэж буй нь зүгээр хоосон улс төр. Энэ улс төрөө ч итгэл үнэмшилтэй хийж чадахгүй байгаа юм шиг санагдаад байгаа шүү дээ.
-Хамтарсан Засгийн газарт Ардын намынхан орно гэдэгтээ итгэлтэй байсан байх. Гэтэл Ардчилсан намынхны сонголтыг хараад тайвширч өгөхгүй байгаа юм биш үү. Ер нь хамтарсан Засгийн газар байгуулсан энэ сонголт таныхаар оновчтой болсон уу?
-Ардчилсан нам, Ардын намынхан өнгөрсөн дөрвөн жилд хамтарч засаг байгуулан ажилласан. Энэ удаагийн сонгуулийн дүнг харахад сонгогчид өөрчлөлтийг хүссэн байгаа юм. Олон нийт өөрчлөлтийг хүсээд байхад бид эргээд Ардын намынхантай засаг байгуулна гэдэг иргэдийнхээ үгийг сонсохгүй байгаатай адил. Тиймээс бид шинэчлэл хийсэн юм.
-Засгийн газрын гишүүдийн дийлэнх нь УИХ-ын гишүүн байгаа. Уг нь Ардчилсан намынхан сөрөг хүчин байхдаа “ийм байж болохгүй” гэж ярьдаг байсан. Гэтэл одоо “ингэхээс өөр сонголт алга” гэх нь улс төрд үзэл бодлоо байнга өөрчлөхөөс өөр арга байдаггүйг харуулж байх шиг?
-Засгийн газрын гишүүдийг бүрдүүлэхэд УИХ-аас бус гаднаас томилох хэрэгтэй гэдэгтээ Ардчилсан намынхан санал нэг байдаг. Энэ бол бидний хатуу байр суурь. Манай нам дийлэнх олонхийн санал авчихсан байсан бол үүнийг хэрэгжүүлж болох байлаа. Гэхдээ өнөөдрийн парламентын гишүүдийн харьцаа Ардчилсан намынхныг олонхи байх боломжийг бүрдүүлээгүй. Тиймээс энэ нөхцөлд УИХ-ын гишүүдээс дийлэнхийг нь Засгийн газрын гишүүн байлгахаас өөр аргагүй болсон. Энэхүү нөхцөлийг Ардын намынхан болон парламентад суудалдтай бусад намууд ойлгож байгаа. Иргэд ч үүнийг дэмжиж байгаа болов уу. Хөдөө, орон нутагт ажиллаж, иргэдтэй уулзах үеэр УИХ, Засгийн газрын гишүүн байхыг дэмжиж, бас ойлгож байгаа юм билээ.
-Үүнээс гадна Ардчилсан намынхан яам, агентлагийн дарга нарынхаа томилгоог хэтэрхий сул хийчихлээ гэх яриа бий. Таны бодлоор?
-Яам, агентлагт шинээр томилогдсон дарга нарын мэдлэг боловсролын асуудлыг ярьж байгаа юм шиг байна. Манай намаас томилогдсон хүмүүсийн тухайд ямар ч асуудалгүй гэж бодож байгаа. Учир нь хэн нэгний санал болгосноор томилдог бус, намын дотоод бүтцийн байгууллагаар шалгаруулдаг болохоор асуудалгүй юм. Харин олонхийг бүрдүүлж буй нам, эвслийн хувьд томилгоогоо хэрхэн хийж байгааг хэлж мэдэхгүй юм.
-Ардчилсан намынхан томилгоогоо хийхдээ ах, дүүсээ томилоод байна гэж байгаа шүү дээ?
-Энэ талаар ёстой хэлж мэдэхгүй юм байна.
-Өвөрхангайн тойргийн маргаантай асуудлаас болж Ардын намынхан Төрийн ордонд суулт хийсэн нь улс төрийн хамгийн сонирхолтой явдал байлаа. Тухайн үед та үүнийг хэрхэн хүлээж авч байсан бэ?
-Би ажилдаа 08.00 цагт ирэхэд Төрийн ордны хаалгыг иргэд тойроод бүччихсэн байсан. Тэр үед Өвөрхангайгаас ирсэн гурван эгчтэй нутаг орны сонин сайхныг ярилцаж нэлээд зогссон юм. Миний анзаарснаар жагсах гэж ирсэн хүмүүс УИХ-ын гишүүний маргааны асуудлыг хэрхэн зохицуулах талаарх хууль эрх зүйн ойлголт дутуу байна уу даа гэж ажиглагдсан. Нам нь зохион байгуулж, тэдний үйл ажиллагаанд идэвхтэй оролцож буй хүмүүс байна билээ. Ер нь Өвөрхангайн сонгууль хууль зөрчсөн юм уу гэдэгт нэг хүн хариу өгдөггүй. Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэр зөв, буруу аль нь болохыг УИХ шийдэхгүй шүү дээ. Хэрэв тэднийг буруу шийдвэр гаргасан гэх үзэж байгаа бол буйдангаа Сонгуулийн ерөнхий хорооны гадна тавьчихаж болно. Эсвэл шүүхэд хандаж болно. Миний хувьд Ардын намынхны буйдантай тэмцлийг чуулганы танхимыг хааж суусныг буруу гэж үзж байгаа. Уг асуудлын шийдэл нь УИХ-ын чуулганы танхим биш байхгүй юу. Миний дээр хэлсэнчлэн Сонгуулийн ерөнхий хороо, шүүх юм. Үүнийг Ардын намынхан ойлгохгүй байна уу, эсвэл санаатай ойлгохгүй царайлж байна уу.
-Энэ тойргийн маргаантай асуудал дээр Ардын нам, Ардчилсан намынхан тохиролцсон гэх юм?
-Намын бүлгийн даргын тойргийн маргаантай асуудлын талаар байр сууриа илэрхийлж байгааг нь сонссон. Тэгэхэд их л хатуу байр суурьтай байсан. “Аливаа асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэх ёстой, хууль давсан тохиролцоо гэж байхгүй” гэсэн. Би бүлгийн даргынхаа хэлсэнд итгэж байна. Манай намын бүлэг асуудлыг ил тод ярилцдаг. Хэрэв тохиролцоо хийх гэж буй бол ажлын хэсэг байгуулдаг. Харин ажлын хэсэг нь тохиролцоогоо хийчихээд бүлгийн гишүүддээ мэдээлдэг юм. Зөвшилцөл бол байх ёстой. Хамгийн гол нь хууль давж зөвшилцөх асуудал л байж болохгүй юм. Миний хувьд хоёр гишүүний тангарга өргөх асуудлыг тохиролцсон гэж дуулаагүй юм байна. Үүнээс гадна манай намын баримталж буй зарчимд ч нийцэхгүй асуудал.
-Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл сайн болж чадсан гэж бодож байна уу?
-Хүн бүр төгс сайхан зүйлийг хүсдэг. Харин амьдрал дээр хэзээ ч төгс зүйл гэж байдаггүй. Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хууль ч мөн адил. Бид сонгуулиас сонгуулийн хооронд амьдардаг болчихож. УИХ-ын сонгууль саяхан болж өнгөрсөн. Гэтэл одоо орон нутгийн сонгууль хаяанд ирчихлээ. Засгаа бүрдүүлээд ажиллан дорвитой алхам хийх гэхээр орон нутгийн сонгуулиар сайхан харагдах гээд зарим нэг шийдвэрээс ухардаг тал өнгөрсөн хугацаанд байсан. Орон нутгийн сонгуулиа явуулсны дараа Ерөнхийлөгчийн сонгууль дөхчихдөг. Үүн шиг сонгуулиас сонгуулийн хооронд амьдраад байгаа болохоор намууд зоримог алхам хийхээ больчихсон юм шиг. Тэгэхээр сонгуулийн тоог аль болох цөөрүүлэх ёстой юм. Өөрөөр хэлбэл, УИХ-ын сонгуулийг орон нутгийнхтай хамтад нь явуулчихсан бол одоо сонгууль явуулна гэхгүй байх байлаа. Миний хувьд Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн төслийг боловсруулахдаа УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төсөлтэй ижил байхад нь илүү анхаарсан. Ингэснээрээ УИХ, Орон нутгийн тухай хуулийн төслүүдийг яваандаа нэгтгэж, 2016 онд уг хоёр сонгуулийг хамтад нь явуулаасай гэж бодож байгаа юм. Үүнийг хамгийн их анхаарч байгаа. Мөн Засаг дарга нарыг шууд сонгох ёстой гэдэгтээ санал нэг байдаг. Энэ саналыг хуульд тусгах гэсэн боловч Үндсэн хуулийн зарим заалтыг өөрчлөх ёстой юм билээ. Энэ удаагийн парламентд Үндсэн хуульд өөрчлөлт хийх боломжтой юм шиг харагдаж байгаа. Учир нь хэн нэгэн давамгайлсан олонхи болж чадаагүй, олон намын төлөөлөл орж ирсэн үед Үндсэн хуульд гар хүрч болмоор юм шиг. Янз бүрийн төлөөллийн хүмүүс гишүүн болсон болохоор олонхиороо Үндсэн хуулиа өөрчилж болох байх.
-Өнгөрсөн парламентын үеэр УИХ, орон нутгийн сонгуулийг хамтад нь явуулах талаар хэлэлцээгүй биш хэлэлцсэн. Гэвч олонхиороо тусад нь явуулахаар шийдвэрлэсэн шүү дээ?
-Өмнө нь хоёр сонгуулийг хамтад нь явуулах боломжгүй гэж нэг хэсэг нь үзэж байсан бол одоо боломжтой байх тал руу нь явуулах хэрэгтэй юм. Алхам, алхамаар ойртуулснаар яваандаа хоёр сонгуулийг хамтад нь явуулах боломжийг бүрдүүлж болно шүү дээ.
-Ярилцсанд баярлалаа.
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин