Хар салхины улмаас 40 мянган хүн орон гэргүй болжээ

Хуучирсан мэдээ: 2012.11.05-нд нийтлэгдсэн

Хар салхины улмаас 40 мянган хүн орон гэргүй болжээ

Цаг агаар хүйтэрч буй энэ үед Сэнди хар салхинд өртөж, орон гэргүй болсон олон мянган айл өрхүүдэд нэн даруй орогнох газар хэрэгтэй байгаа тухай Нью-Йорк хотын удирдлагууд мэдэгджээ. Хотын дарга Майкл Блумбергийн мэдээлснээс тус хотод одоогийн байдлаар 30-40 мянган хүн орон гэргүй болоод байна. Тэдний ирээдүй хэрхэх нь бүрхэг байгаа тухай эх сурвалжууд онцолж байгаа юм.
Холбооны Засгийн газрын Онцгой байдлын албаны нарийн бичгийн дарга Жанет Напоитаногийн мэдээлснээр орон гэргүй болсон иргэд одоогийн байдлаар ихэвчлэн жижиг хөлсний байр болон зочид буудал, зарим нь бүр гадаа хоног төөрүүлж байгаа гэнэ. АНУ-ын Засгийн газрын хамгийн сүүлийн мэдээгээр амиа алдагсдын тоо нийт 106-д хүрсэн бөгөөд Засгийн газар болоод Олон улсын хүний эрхийн байгууллагуудаас орон гэргүй болсон иргэдэд хамгийн ихээр сэтгэл зовниж байгаа юм.

Энэ үеэр Нью-Йорк мужийн захирагч Эндрью Куомогийн мэдээлснээр хэдийгээр хохирлын хэмжээ улам бүр нэмэгдэж, бэрхшээлтэй асуудал олон байгаа ч даваа гаригаас эхлэн сургуулиудыг ажиллуулахаар болсныг  мэдэгдсэн байна. Түүнчлэн одоогийн байдлаар Нью-Йорк мужийн 730 мянган иргэн хар салхины улмаас цахилгаан эрчим хүч ашиглах боломжгүй болоод байгаа гэнэ.

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж