МАН-ын гишүүдийг “баярлуулах нь”

Хуучирсан мэдээ: 2012.11.05-нд нийтлэгдсэн

МАН-ын гишүүдийг “баярлуулах нь”

УИХ-ын сонгуулийн дараа шинэ парламент байгуулагдснаас хойш МАН-аас сонгогдсон гишүүд бүлэг байгуулж чадаагүй хэвээр байгаа.

УИХ-ын дэгийн тухай хуулинд зааснаар УИХ-ын дарга сонгогдсоноос 24 цагийн дотор бүлэг байгуулах хүсэлтээ УИХ-ын даргад өргөн барих ёстой байдаг. Үүний дагуу МАН-аас сонгогдсон гишүүд бүлэг байгуулах хүсэлтээ өгөх ёстой байсан ч УИХ-ын даргыг хууль бусаар сонгосон хэмээн үзэж бүлэг байгуулах хүсэлтээ өгөөгүй.

Нэгэнт л өөрсдийн “буруу”-аас болж бүлэггүй болсон МАН дөрвөн сарын турш “гомдоллосон” бүлэг байгуулах хүсэлтийг нь УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэхээр болжээ.  Өмнө нь УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл, Ц.Цолмон нар “УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлт” хуулийн төсөл өргөн барьж байсан ч УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй байсан юм.

Харин аравдугаар сарын 26-нд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн барьсан Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг маргааш Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар шийдвэрлэх юм.

Өнгөрсөн долоо хоногийн Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар дээрхи төслүүдийг хэлэлцэхийг МАН-ын гишүүд хүссэн ч хуулийн төсөлтэй танилцаж амжаагүй, Төрийн байгуулалтын байнгын хорооны хэлэлцэх асуудалд ороогүй гэсэн шалтгаанаар долоо хоногийн хугацаагаар хойшлуулсан. Харин маргааш хуралдах Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн барьсан хуулийн төслүүдийг хэлэлцэж эхлэх нь.

Ийнхүү бүлэг байгуулах талаар асуудлыг хэлэлцэн удтал “гомдолтой” явсан МАН-ын гишүүд бүлэгтэй болж “санаа нь амрах” бололтой.

Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж