Европын холбооны тэргүүн Мьянмарт айлчлав

Хуучирсан мэдээ: 2012.11.05-нд нийтлэгдсэн

Европын холбооны тэргүүн Мьянмарт айлчлав

Европын холбооны тэргүүн Хосе Мануэл Барросо өнгөрсөн бямба гаригт Мьянмарт айлчилж, ерөнхийлөгч Тейн Сейнтэй уулзсаны дараа тус улсад 78 сая евро буюу 100 сая ам.долларын санхүүгийн тусламж үзүүлэхээр болсон байна. Мьянмарын нийслэл Нейпьидод болсон уулзалтын үеэр мөн тус улсын сүүлийн 10 жилийн худалдааны хоригийн талаар мөн авч хэлэлцсэн аж.

Түүнчлэн Барросо Мьянмарт хийсэн айлчлалынхаа үеэр тус улсын сөрөг хүчний удирдагч, Нобелийн энх тайвны шагналтан Ан Сан Су Читай мөн уулжээ. Ан Сан Су Чи Европын холбооны тэргүүнтэй хийсэн уулзалтын үеэр сүүлийн үед  улс оронд нь болоод байгаа шашны мөргөлдөөний талаар онцолсон байна. Учир нь Мьянмарын Ракхайн мужид лалынхан болон буддистуудын хоорондын ширүүн мөргөлдөөнөөс болж 100 мянган хүн орон гэргүй болоод байгаа юм.

Тус улсад  өнгөрсөн долоо хоногт л гэхэд уг мөргөлдөөний үеэр 90 энгийн иргэн амиа алдсан байна. Энэ үеэр Мьянмарын Ерөнхийлөгч Тейн Сейн улс оронд нь үүссэн шашны мөргөлдөөний талаар өөрийн байр сууриа илэрхийлэхдээ “аливаа асуудлыг зөвшилцөл биш зэвсэгт мөргөлдөөнөөр шийддэг лалын Рохингичуудын хандлагыг өөрчлөх хэрэгтэй” хэмээн мэдэгджээ.

Харин Европын холбооны тэргүүний хувьд өнгөрсөн жил Мьянмарын ардчилсан шинэчлэлийн асуудлаар хамгийн сүүлд тус улсад айлчилж байсан юм байна. Мьянмарын парламент саяхан гадны хөрөнгө оруулалтын тухай хуулиа шинэчлэн  баталсан бөгөөд тус улс сүүлийн арван жилд Азийн бусад орнуудаас Европын холбоотой харилцаагаа зузаатгасан орнуудын нэг болоод байгаа хэмээн шинжээчид энэ үеэр онцолсон аж.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж