Салхины үнэртэй цахилгаан

Хуучирсан мэдээ: 2012.11.05-нд нийтлэгдсэн

Салхины үнэртэй цахилгаан

Сая гаруй хүн амтай их хотын дулааны төвлөрсөн хагамжийг хэвийн ажиллуулахад сэргээгдэх эрчим хүчний нөөц хангалтгүй юм. Одоогийн дэлхийн практикт сэргээгдэх эрчим хүчийг нар, салхи, бороо, далайн давалгаа, газрын гүний дулаан зэргээс гарган авч байна. Энэ нь тасралтгүй нөхөн сэргээгддэг онцлогтой энерги ажээ. 2006 оны байдлаар дэлхийн нийт эрчим хүчний 18 хувийг сэргээгдэх эрчим хүчнээс гарган авч байжээ. Түүний 13 хувийг уламжлалт түлш болох модноос, гурван хувийг уснаас, 1,3 хувийг нарны эрчим хүчнээс, үлдэх 0.8 хувийг газрын гүний дулаан, салхи, далайн эрчим хүчийг ашиглан гарган авчээ.

Дэлхийн дулаарал газрын тосны үнийн өсөлт зэрэг нь сүүлийн үед сэргээгдэх эрчим хүчний талаар далайцтай судалгаа явуулах, түүнд ихээхэн хөрөнгө оруулах, улмаар үйлдвэрлэх, хэрэглэх үндсэн шалтгаан болж байна.Энэ чиглэлд оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ 2005 онд 80 тэрбумаас 2006 онд 100 тэрбум ам.доллар болж нэмэгджээ. Салхины эрчим хүчний ашиглалт жилд 30 хувиар нэмэгдэж, түүнээс гарган авч буй эрчим хүч 100 ГВт (GW) болсон байна.Салхины эрчим хүчийг Европын орнууд болон АНУ-д өргөнөөр ашигладаг.Харин нарны эрчим хүчний үйлдвэрлэл 2006 оны байдлаар 2000 MВт-аас давж гарсан ба Герман, Испанид хамгийн түгээмэл ашигладаг ажээ. Нарны дулааны станцын хамгийн том нь АНУ-ын Калифорнийн Можави цөлд байдаг.Уг станцын суурилагдсан хүчин чадал нь 354 MВт бол дэлхийн хамгийн том газрын гүний дулааны станц нь 750 МВт хүчин чадалтай АНУ-ын Гейзер станц юм байна. Дашрамд сонирхуулахад Бразилд чихрийн нишингээс гарган авсан этанолыг хамгийн ихээр хэрэглэж байгаа орон бөгөөд тус орны авто бензины 18 хувийг этанол түлшээр хангадагаж.

Сүүлийн үед дэлхий дахинд эрчим хүчний төвийн эх үүсвэрээс алслагдсан жижиг хот суурингуудыг сэргээгдэх эрчим хүчээр хангах төслүүд ихээр хэрэгжиж байна. Тэдний дотор Кени улс дэлхийд хамгийн ихээр бага оврын сэргээгдэх эрчим хүч хэрэглэдэг орон гэж тооцогддог.Тус улсад жилд 20-100 Вт хүчин чадал бүхий 30 мянга орчим нарны цахилгаан эх үүсгүүр худалдаалагддаг байна.

Монгол Улсад сэргээгдэх эрчим хүчийг дөнгөж ашиглаж эхэлж байна.Уг нь манайх 2012 оны эхний есөн сард гэхэд төвийн эрчим хүчний системийн дүнгээр 3262.2 сая.кВт.цахилгаан үйлдвэрлэн, 15.68 хувийг дотоодын хэрэгцээндээ зарцуулж, 2783.3 сая.кВт.цахилгаан, 4061.5 мян.Гкал дулаан түгээсэн байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад цахилгаан эрчим хүчний түгээлт 190.6 сая.кВт.цбуюу 7.4 хувиар, дулаан түгээлт 143.7 мян.Гкал-аар буюу 3.7 хувиар өсчээ.

Баруун бүсийн эрчим хүчний систем нь 77.7 сая кВт. Цахилгааныг импортоор болон Дөргөний усан цахилгаан станцаас худалдан авчээ.Одоо Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Салхит гэдэг газар “Ньюком” групп гадаадын компаниудтай хамтарсан консорциум байгуулж, манай орны ууган салхин цахилгаан станцыг барьж байна. Уг станцын гүйцэтгэгч “Клинэнержи” компанийг 2004 онд “Ньюком” группээс салхины нөөцийн судалгаа хийхээр анх байгуулсан.Тус компанид “Ньюком”-оос гадна АНУ-ын “Женерал Электрик” компани, Европын Сэргээн босголт, Хөгжлийн банк, Нидерландын Хөгжлийн банк 120 сая ам. Долларын хөрөнгө оруулж, 50 МВт-ын хүчин чадалтай энэхүү станцыг барьж эхэлсэн юм. Энэ оны сүүлчээр ашиглалтад орж, төвийн бүсийн эрчим хүчний нэгдсэн системд 168.5 сая кВт/ц цахилгаан нийлүүлнэ гэдэгнь 100 мянган айлыг илч гэрлээр элбэг хангана гэсэн үг.

Өнөөдрийн байдлаар Салхитад эхний гурван сэнс босч, зургаан цахилгаан үүсгүүрийн суурийг цутгаж байна. 900 тн-ын бетонон суурийг цутгахад есөн давхар барилгын каркаас босгохуйц зуурмаг, 30 тн арматурын төмөр ордог. Уг төмрийг Латвиас авчирчээ. Гурван хэсгээс бүрдэх 80 м ган шонг босгоход 650 тн ачаа өргөх чадалтай хөдөлгөөнт кран ажиллаж байна.Шонгийн орой дээр 57 тн жинтэй их бие, 23 тн-ын бул байрлуулжээ. Мөн 40.3 м урттай 6.2 тн жинтэй гурван далбаа угсарна гээд бодохоор ямар нүсэр ажил болох нь ойлгомжтой. Эдгээр далбааг хэзээ босгохы гкраны машинист, тэр өдрийн тэнгэр хоёр л мэднэ.

 “Ньюком” корпорацийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан 2010 онд Нью-Йоркт анх салхин цахилгаан станц байгуулах санаагаа Америкийн бизнесменүүдтэй хуваалцаж явснаа нуусангүй.Эднийхэн өмнө нь Японы “Сумитомо”, КДД Ай компанитай хамтран үүрэн телефоны анхны оператор “Мобиком”, иргэний агаарын тээврийн орон нутгийн нислэгт анхны тийрэлтэт хөдөлгүүрт онгоцоор үйлчилдэг “Ezhis” компани байгуулсан юм. Тэдний “Ньюкомчууд бид салбартаа анхдагч нь байдаг” гэсэн уриа ч үүнийг нотолдог. 1993 онд гал голомтоо асаасан тус групп үндэсний томоохон хөрөнгө оруулагч бөгөөд дэд бүтэц, харилцаа холбоо, мэдээллийн технологи, иргэний агаарын тээвэр, санхүүгийн үйлчилгээ, сэргээгдэх эрчим хүч, үл хөдлөх хөрөнгө, уул уурхайн машин механизм, тоног төхөөрөмжийн түрээс, борлуулалт зэрэг үйл ажиллагаа эрхэлдэг 17 охин болон хараат компанитай. Энэ өнөр бүлд эрдэм мэдлэгтэй, эрч хүчтэй 2400 ажилтан ажилладаг нь өөдлөн дэвжихийн барагдашгүй ундарга болдог байна. 2009 оноос “Clean Energy” ХХК “Салхит” төслийг хэрэгжүүлж, мөн 2011 онд “Ньюком”-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай их говийн бүтээн байгуулалтыг цэвэр технологи, дэвшилтэт техникээр хангах “New Gobi rentals” өрхөө татжээ.Ийнхүү .Ньюком” групп Монголд сэргээгдэх эрчим хүчний томоохон бүтээн байгуулалтын ажлыг хийж, улсын нуруун дээрх ачааг хөнгөлж байна.

1984 онд ашиглалтад орсон Улаанбаатарын IV цахилгаан станцаас хойш Тайширын усан цахилгаан станц, Ухаа худагийн дулааны цахилгаан станцыг эс тооцвол манай улсын тулганы гал хэдийнэ цогшиж эхлээд байлаа. Гэтэл эрчим хүчний салбарт анх удаа хувийн хэвшлээс 100 хувийн хөрөнгө оруулж, бие даан цахилгаан эрчим хүч үйлдвэрлэн худалдах, худалдан авах гэрээ байгуулах эх үндсийг тавихад 2007 оны Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль эрх зүйн орчны гол тулгуур болж байна.

Хэдийгээр салхи, усны хүчийг ашиглан цахилгаан үйлдвэрлэж, сэргээгдэх эрчим хүчний шинэ эх үүсвэртэй болж байгаа ч Улаанбаатар мэтийн төвлөрсөн дулаан хангамж бүхий сая гаруй хүн амтай хотыг хүйтний улиралд тав тухтай байдлыг хангахын тулд дулааны станц зайлшгүй шаардлагатай байгаа юм. Иймээс нийслэлийн эрчим хүчний тав дахь эх үүсвэрийн ажлыг төр, засгийн зүгээс дэмжиж, концессын гэрээгээр барьж байгуулах ажлыг цаг үе шахаж байна.Их хотод нэмэлт цахилгаан ч, дулаан ч дутагдаж байгаа нь тулгамдсан асуудлын нэг яах аргагүй мөн билээ.

Эх сурвалж: “ҮНДЭСНИЙ ШУУДАН” сонин
Д.ДҮҮРИЙМАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж