
Мөн Олон улсын хөдөлмөрийн байгууллагын дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай, Эдийн засаг, нийгэм,соёлын эрхийн тухай олон улсын пактын нэмэлт протоколыг соёрхон батлах тухай хуулиудыг “Төрийн мэдээлэл” эмхтгэлд нийтэллээ.
Монгол Улсад мөрдөж буй стандартын бодлого, хэрэгжилтийг боловсронгуй болгох, олон улсын түвшинд нийцүүлэх ажлыг удирдах болон зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан тухай Засгийн газрын тогтоолыг ажлын хэсгийн бүрэлдэхүүний хамт эмхтгэлд нийтэллээ.
Түүнчлэн компьютерийн кирилл болон монгол үсгийн нэгдсэн кодын MNS-5552:2005 стандартыг төрийн байгууллагуудын албан хэрэгт мөрдүүлж байх тухай Засгийн газрын тогтоолтой эмхтгэлийн хуудаснаас танилцах боломжтой.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Авто тээврийн газрын балансад бүртгэлтэй, нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт байрлах 20 айлын орон сууцыг үнэ төлбөргүйгээр сууц эзэмшигчдэд нь хувьчлах тухай Засгийн газрын тогтоол мөн эмхтгэлийн хуудаснаа нийтлэгдсэн байгаа.
Засгийн газраас баталсан “Ойд үзүүлэх хортой нөлөөллийг багасгасан, дэвшилтэт арга, технологи нэвтрүүлсэн иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагыг урамшуулах журам”-ыг хавсралтын хамт нийтэллээ. Үйлдвэрлэл, үйлчилгээний хүрээнд, ойн төлөв байдлыг сайжруулах, нөөцийг нэмэгдүүлэх, хамгаалах ажлын хүрээнд иргэд, аж ахуйн нэгжүүдийн хийсэн ажлыг ямар шалгуураар дүгнэн урамшуулах талаар эмхтгэлээс уншиж танилцаарай.
“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн редакци