Тухайлбал махны нөөцийн менежер гэж нэрлээд байгаа ҮХААЯ-аас тодорхой шалгуур үзүүлэлтийн дагуу сонгон шалгаруулсан хуулийн этгээд буюу компаниудад хөнгөлөлттэй зээл олгох замаар нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах арга хэрэгсэл нь энэхүү хөтөлбөрийн гол хөдөлгөгч хүч байх бололтой.Товчхондоо Монголбанкныхны зүгээс нийлүүлэлтийн шатанд гарч буй зардлаа хэмнэвэл үнийг тогтвортой барьж болно гэсэн санаа юм. Одоогоор махны үнийн өртгийг нэмэгдүүлж байгаа гол нөлөө нь мал худалдаж авах, нядалгаа, тээвэрлэлт, зээлийн хүүгийн зардал зэргээс шалтгаалж байна. Эдгээрээс зөвхөн зээлийн хүүд л төр нөлөөлж чадна. Бусдад нь нөлөөлөх боломжгүй. Ингээд сарын 0,25 хувийн хүүтэй зээлийг зургаан сарын хүүтэй олгосон тохиолдолд өнөөх мал бэлтгэл, нядалгаа, тээвэрлэлтийн зардлыг нэмээд үхрийн махыг кг-ыг нь 5400, хонь 5300, ямааг 4700 төгрөг байх боломжтой аж. Гэтэл Засгийн газар үхрийн махыг килограмм тутмыг нь 6000 төгрөгт, хонийг 5500, ямааг 4500 төгрөгт барихыг хүсээд байдаг. Дээр нь 16 мянган тонн мах бэлтгэнэ гэж байгаа. Үүнээсээ 14 мянган тонныг нь Улаанбаатарт, нэг тонныг Орхон аймагт, нэг тонныг Дархан-Уул аймагт зарна. Нийслэлд ирэх оны 3-7 дугаар сард худалдаалах төлөвлөгөөтэй байгаа юм байна.
Зөвхөн “Махны нөөц бүрдүүлэх, үнийг тогтворжуулах” хөтөлбөрийн санхүүжилт нь 87 тэрбум төгрөг. Хөтөлбөрийг хэрэгжүүлсний дараах гол үр дүн нь нийлүүлэлтийн урт хугацааны тогтвортой байдлыг хангах суурь тогтолцоог бүрдүүлж жижиглэнгийн худалдааны үнийг тогтвортой байлгахад чиглэж байгаа юм. Монголбанкны зүгээс махны нөөцийн менежер нь зоорин дахь махны нөөцөө барьцаанд тавиад хөнгөлөлттэй зээл олгох болж байна. Зээлийн хүүг тогтоохдоо Мон-голбанкнаас тогтоосон хүүн дээр оролцогч банкны хүүний маржины дээд хязгаарыг нэмж тогтоон гурван жилийн хугацаатайгаар олгохоор төлөвлөж байгаа юм. Энэ бол том боломж. Мөн хөтөлбөрт зааснаар дэд хөтөлбөрт оролцогч банкинд олгосон нийт зээлийн дүнг дунд хугацааны Засгийн газрын үнэт цаасаар солино гэсэн байна.
Түүнчлэн жижиглэнгийн худалдааны үнийн талаарх мэдээллийг ҮХААЯ-аас тогтмол авч байх, оролцогч банкнаас хөтөлбөрийн хүрээнд олгосон зээлийн ашиглалт, эргэн төлөлтийн талаарх мэдээллийг олон нийтэд тогтмол хүргэж байхаар заажээ. Харин махны нөөцийн менежерүүдийн зүгээс уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх итгэл даах чадвар, махны нөөц бэлтгэх, түүнийгээ зохих стандартын дагуу хадгалах, ангилан савлах, түгээх хүчин чадал гол үзүүлэлт болно. Үүнд ҮХААЯ-аас гадна нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Онцгой байдлын ерөнхий газрын Улсын нөөцийн газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг болон бусад газартай хамтарч ажиллах, харилцан хяналт тавих учиртай.
Гэвч 16 мянган тонн махыг хэн, яаж бэлтгэх вэ гэдэг нь асуудалтай байгаа юм. Өнгөрсөн жил 12 мянган тонн мах нөөцөлсөн гэлцдэг. Гэвч махны үнэ гэнэт өсөж нэг килограмм нь 10 мянган төгрөгт хүрэхэд үнэхээр 12 мянган килограмм мах нөөцөлсөн байсан эсэхэд эргэлзэхэд хүрсэн. Учир нь хамгийн том зоорьтой “Мах маркет” компани хоёр агуулахдаа нийт 1000 тонн мах нөөцөлсөн. Үүнээс илүү хүчин чадалтай нөөцлөх компани байхгүй. Гэтэл хаврын тарчиг цагт хэн, ямар агуулахад үлдсэн 11 мянган тонн мах нөөцөлсөн байж чадах вэ. Тэгэхээр хэрэв шалгаад үзсэн бол 12 мянган тонн мах байгаагүй л болов уу. Харин энэ жил 16 мянган тонныг нөөцлөхөөр зорьж байна.
Мэдээж махны ченжүүд энэ ажилд маш идэвхтэй оролцох хүсэлтэй. Зээлийн хөнгөлөлт ч таалагдаж байгаа. Дээр нь махны чанар, ариун цэврийн асуудал нөөцөд чухал биш, хямд үнэ л чухал гэсэн ойлголттой байдаг. Үнэндээ ч нэг сая гаруй нийслэлчүүдийн 250 мянга орчмынх нь хэрэгцээг хангадаг, хатуухан хэлэхэд үнэтэй тарган махаа авч хүч хүрэхгүй байгаа хэсэгт л санал болгож байгаа мах шүү дээ. Гэтэл үнэн хэрэгтээ махны ченжүүд төрийн өмнө хариуцлага хүлээх хуулийн этгээд мөн үү. Нөгөөтэйгүүр их л бодож чингэлэгт хадгална. Тэгснээс зориулалтын тоног төхөөрөмж бүхий, эрүүл ахуйн шаардлага хангасан мах нийлүүлэх үүрэгтэйгээ ойлгодог татвар төлөгчид, мах бэлтгэлийн үйлдвэрүүддээ хариуцуулах нь дээр биз ээ.
Эх сурвалж: УЛС ТӨРИЙН ТОЙМ сонин