Зүүдний мөрөөдөл биеллээ

Хуучирсан мэдээ: 2012.11.05-нд нийтлэгдсэн

Зүүдний мөрөөдөл биеллээ

Арваннэгдүгээр сарын 2-ны баасан гариг. Мөрөөдөл минь биелчихлээ. Оросын “Большой театр”-т дэлхийн шилдгүүдийн тоглолтын үзэх хүсэл минь ийм хурдан биелсэнд баяртай байна. Надтай адил олон үзэгчдийн мөрөөдөл энэ л үдэш биелсэн байх. Мөрөөдлийн эзэн маань “Оросын балетын одод” тоглолт. Оросын балетын урлагийн шилдгүүд Монголд ирж, ганцхан орой УДБЭТ-ын тайзнаа тоглолт хийсэн нь ийнхүү балетын урлагт дурласан үзэгчдийг баярлууллаа.  Баярлалаа гэдэг үгийг тэдэнд олон дахин хэлэхийг хүссэн ч, тэднийг Монголд ирэх санал санаачилга гаргаж, тэднийг Монголын тайзнаа бүжих боломж бий болгохын тулд шантралгүй зорьсон УДБЭТ-ын захирал хатагтай Б.Сэргэлэнд талархлын үгс харамгүй илгээмээр.

Оросын балетын одод Монголын тайзнаа бүжиж байна. Алдарт А.Аданы “Корсар” балетын Па-де-дег Марийнскийн театрын балетын гоцлооч ОХУ-ын Гавьяат жүжигчин Андрей Баталов, “Оросын балет” театрын балетын гоцлооч Олон улсын тэмцээний шагналт Татъяна Болотова нарын бүжгээр эхэлж, Л.Минкус “Пахита” балетын Па-де-дег “Большой театр”-ын гоцлооч, ОХУ-ын Ардын жүжигчин Мария Аллаш, Дмитрий Гуданов нарын бүжгээр өндөрлөсөн. Тоглолт хоёр цаг гаруй үргэлжилсэн ч цаг дэндүү хурдан өнгөрөх шиг санагдсан. Оросын шилдгүүд үнэхээр мундаг. Тэдний техник, үсрэлт, нүүр хувиралт гээд ярих зүйлгүй. Монголын балетын жүжигчид ч тэдний тоглолтыг шимтэн үзэж суугаа нь харагдсан. Мэдээж шилдгүүдээс сурах зүйл их бий. Гэхдээ Оросын балетын одод Монголын бүжигчдийн талаар “Монголын бүжигчид үнэхээр сайн юм, бид хамт бэлтгэл хийхэд энэ бүхэн харагдлаа” хэмээсэн. Дэлхийн шилдгүүд ийнхүү үнэлсэн театрынхаа бүжигчдээр бахархсаар санагдав. Тэд ч тоглолтын төгсгөлд ямархан авьяаслаг, ямар чадвартай болохоо тайзнаа харуулав.

Тоглолтын завсарлагаанаар үзэгчид хоорондоо тоглолтын талаарх сэтгэгдлээ хуваалцсан. Тэд бүгд л Оросын балетчдыг магтаж байсан. Зарим нэг нь “Хөгжим гэдэг гайхалтай, агуу ч хөгжмийг ноёрхох чадалтай нь балетын урлаг юм. Тайзнаа бүжиглэж байгаа бүжигчин бүжиглэхээ болиход хөгжим зогсчих гээд байгаа юм шиг. Уйлмаар ч юм шиг”, “Амьсгаа даран тэдний бүжиглэхийг харж байна. Зүүд ч юм шиг” хэмээн ярилцана. Магадгүй бид Орост очсон ч энэ олон шилдгүүдийг нэгэн тайзнаа бүжихийг харж чадахгүй байсан байх. Ингээд бодохоор бид азтай юм. Тоглолт бүхэлдээ л мөрөөдлийн, үзэгчдийн хэлснээр зүүд шиг л байлаа. Сэрмээгүй, үргэлжлүүлэн зүүдлээд баймаар тийм л тоглолт байлаа. Удахгүй бид дахин “зүүдэлж” эхэлнэ. Тэр бол Холливудын од, АНУ-ын шилдэг бүжигчин, жүжигчин Саша Радекци. Тэрбээр Монголд ирэх бөгөөд энэ арваннэгдүгээр сарын 16, 18-нд А.Аданы “Жизель” балетад гоцолно. Тэгэхээр бид дахиад л “зүүдэлж” эхэлнэ…

М.ДӨЛГӨӨН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж