Засгийн газрын өнгөрсөн бямба гарагийн хуралдаанаар төмөр замын
тээврийн талаар төрөөс баримтлах бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх
асуудлыг хэлэлцлээ. Ингэснээр Монголын Засгийн газар “Монголын төмөр
зам” төрийн өмчит компаниар дамжуулан нийгэм, эдийн засгийн онцгой ач
холбогдолтой төдийгүй тусгаар тогтнолын баталгаа болсон төмөр замын
суурь дэд бүтцээ төрийн өмчид байлгах нь баталгаатай боллоо.
Ийнхүү Үндэсний хөгжлийн цогц бодлогод баталсанчлан Сайншандын аж
үйлдвэрийн цогцолборыг байгуулж тэнд кокс химийн, төмөрлөгийн, зэс
хайлуулах, газрын тос боловсруулах, нүүрс химийн үйлдвэр болон
цахилгаан станц, төмөр замтай болох зэргээр цөөнхийн бус нийтийн эрх
ашгийн төлөө ажиллах цаг ирсэн гэдэгт итгэж болох нь.
УИХ 2010 оны зургаадугаар сарын 24-ний 32 тоот тогтоолоор “Төрөөс
төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ыг баталсан. Мөн Засгийн
газрын 2010 оны арваннэгдүгээр сарын 30-ны 283 дугаар тогтоолоор эхний
үе шатанд төмөр замын суурь бүтцийг барих тусгай зөвшөөрлийг “Монголын
төмөр зам” ТӨХК-д олгосон юм. Энэ тогтоолоо хэрэгжүүлэхээр ТӨХ ба
ЗТБХБЯ-ны хамтарсан 30/24 тоот тушаал гарч “МТЗ” компанид үүрэг
даалгаврууд өгсний дотор Засгийн газрын 266 тоот тогтоолд заасанчлан
“Шинэ төмөр зам” төслийг хэрэгжүүлэхэд эхний ээлжинд шаардагдах 55 сая
ам.долларын санхүүжилтийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг Хөгжлийн
банкны ТУЗ-д зөвшөөрсөн. Тэр үеэс эхлэн төмөр замыг гэхээсээ илүү 55 сая
ам.долларыг онилсон сонгуулийн өмнөх улстөржилт харагдаж эхэлсэн.
Харин одоо шинэ Засгийн газрын үйл ажиллагаа эмх цэгцэндээ орж эдийн
засгийн тэргүүлэх чиглэл, стратегийн ач холбогдолтой бүтээн
байгуулалтдаа анхаарч ажлаа эхлээд байна. Тиймээс ч эрх мэдлийг нь
өгөхгүйгээр ажил даалгах, хариуцлага нэхэх нь ло-гикгүй тул нэгдсэн
удирдлага, зохион байгуулалтад нэгтгэж төмөр замын суурь бүтцийг барьж
байгуулах үүргийг “МТЗ” компанид шилжүүллээ.
Мөн нэгдсэн төмөр замын тодорхой чиглэлд төмөр замын суурь бүтэц
барихаар ажиллаж буй аж ахуйн нэгжүүдийн оруулсан хөрөнгө, гаргасан
зардлыг төрөөс гаргуулж олгохоор шийдвэрлэсэн. Ингэхдээ нэгдсэн төмөр
замын суурь бүтцийн хөрөнгө оруулалтад оруулан тооцох замаар татан
оролцуулж барилга, угсралтын ажлыг тасалдуулахгүй үргэлжлүүлэн
ажиллуулахыг үүрэг болгожээ.
Үүнд “тодорхой чиглэлд” гэдэг нь 2012 оны тавдугаар сарын 31-ний өдөр
тухайн үеийн ЗТБХБЯ, ТӨХ, Төмөр замын газар болон “Энержи Ресурс Рейл”
ХХК, “Энержи Ресурс” ХХК нарын хооронд байгуулсан “Ухаа худаг-Гашуун
сухайтын чиглэлд Төмөр замын суурь бүтэц барих-ашиглах-шилжүүлэх
концессийн гэрээ”-г цуцалж байна гэсэн үг. Мөн тэр өдөр ЗТБХБЯ, ТӨХ,
Төмөр замын газар болон “Монголиантранс Лайн” ХХК, “Дорнын төмөр зам”
ХХК-ийн хооронд байгуулсан “Сайншанд-Ухаа худагийн чиглэлд шинээр 229,2
км Төмөр замын суурь бүтэц барих-ашиглах-шилжүүлэх концессийн гэрээнд
концессийн зүйл болох төмөр замын суурь бүтцийг барьж дууссанаас хойш
тодорхой хугацааны дараа төрийн өмчид, эсвэл төрийн өмч давамгайлсан
хуулийн этгээдэд шилжүүлэх асуудлыг тусгаагүй. Энэ нь ямар хуулийн
заалтуудыг болон Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийг хэрхэн
зөрчсөн тухайд Засгийн газрын хуралдаан дээр асуудлыг хэлэлцүүлэх үед
тодорхой танилцуулагдсан аж.
Тавантолгойн ордын үнэ цэнийг өсгөх нөхцлийн нэг нь төмөр замын
сүлжээнд холбогдох явдал яах аргагүй мөн. Тиймээс ч дэлхийн эдийн
засгийн “хөрөлт”-ийн түр зуурын агшныг ашиглаж төмөр замын талаар төрөөс
баримтлах бодлогыг хэ-рэгжүүлэхэд яарах нь зөв. Ингэхдээ өмнөх Засгийн
газрын алдааг засаж Ухаа худгаас төмөр зам барихаас илүү Тавантолгойг
бүрэн дүүрэн ашиглах гэдэг утгаараа төмөр замын талаар төрөөс баримтлах
бодлогын 3.2.2-т заасанчлан эдийн засаг, нийгэмд онцгой ач холбогдолтой
цогцоор барих онцгой эрхийг “Монголын төмөр зам” компанид олголоо.
Дэлхий дээр уул уурхайн салбараа хөгжүүлээд амжилтад хүрсэн орон тун
цөөн. Ботсвани, Америк, Чили, Норвеги гээд л бараг боллоо. Яавал зөв
явах вэ. Юуны өмнө макро эдийн засгийн зөв удирдлага чухал. Удаахь
нөхцөл нь төрийн зохицуулалтаар хувийн хэвшлийн үйл ажиллагааг зөв
зохицуулах явдал. “Төр хувийн хэвшлийн үйл ажиллагаанд бүү оролц” гэдэг
үе өнгөрч буйг дэлхийн улс орнууд хүлээн зөвшөөрч эхлээд байна. Хамгийн
гол нь гадаад зах зээлийн объект нь хэд хэд байх ёстой. Нэг улсаас
хараат байхын хэцүү, хатууг бид хангалттай амссан. Тавантолгойн нүүрсээ
дэлхийн зах зээлийн үнээр борлуулж чадахгүй байгаа нь үүний хамгийн тод
жишээ юм. Үүний дараа өөрийн боловсруулах үйлдвэртэй байх, өндөр
технологийг нэвтрүүлэх шаардлагыг тавьж байна. Мөн үр ашигтай төмөр зам
Тэр тусмаа манайх шиг жижиг орны хувьд төрийн зохицуулалтгүйгээр их
бүтээн байгуулалтын ажлаа хийж, хяналтаа тавихад хэцүү байх болно.
Нөгөөтэйгүүр санхжүүжилт талаасаа маш чухал үүрэг гүйцэтгэж байгаа юм.
Засгийн газрын баталгаагүйгээр хөрөнгө босгох шилдэг арга замыг одоо
болтол хэн ч бодож олоогүй байна. Оллоо гэхэд маш эрсдэлтэй өр, зээлийн
асуудал үүсэх нь нэгэнт тодорхой болчихоод байгаа. Шинэ төмөр замын
төсөл нь төмөр замын бодлогын хоёр шатыг хамтад нь хэрэгжүүлэх бөгөөд
нийт 1800 км төмөр замын суурь бүтэц ба хөдлөх бүрэлдэхүүний хөрөнгө
оруулалтад 5.2 тэрбум ам.доллар шаардлагатай. Мөн барилгын нэгж өртөг нь
километр тутамд 2.5-2.8 сая ам,доллар байх тооцоо гарчээ. Гэхдээ үүний
цаад эрх ашиг нь мөнгөөр хэмжихийн аргагүй үнэ цэнтэй билээ.
Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогод
2021 он гэхэд нэг хүнд ногдох ДНБ 12 мянган ам.доллар байна” гэсэн
зорилт тавьсан байдаг. Монгол Улсын хөгжил бол аюулгүй байдал, тусгаар
тогтнолын баталгаа мөн” Хөгжлийн үндэс нь эв нэгдэл. Хэрэв бид 2021 онд
нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээг 12 мянган ам.долларт хүргэчихвэл Тайваний
байр суурийг эзэлж Азийн долоо дахь том эдийн засаг гэгдэх боломжтой.
Тэр тусмаа голлон тоглогчийн байр сууринд очно. Яагаад гэвэл бид түүхий
эд нийлүүлэгч гол орны хувьд аж үйлдвэлэгч бусад орон биднээс
хамааралтай болно. Байгалийн баялгаараа хамгийн баян эхний 10 орны
тоонд багтаж байна.
Түүнчлэн Хятадын Засгийн газар коксын үйлдвэрээ гангийн үйдвэрүүдтэй
нэгтгэх бодлого баримталж байгаагаас болж Хятадын зүүн хойд хэсэгт
байрладаг гангийн үйлдвэрүүдийн коксжих нүүрсний хэрэгцээ улам нэмэгдэх
хандлагатай байна. Өнгөрсөн онд манай улс нийт 21 сая тонн нүүрс
экспортолсон бөгөөд энэ нь нийт экспортын 47 хувийг эзэлж байгаа юм.
Тавантолгойн, Нарийн сухайтын ордыг бүрэн дүүрэн ашигласнаар нийт 67 сая
тонн боловсруулсан нүүрс экспортод гаргах боломжтой.
Азийн орнуудын коксжих нүүрсний хэрэглээ 2009-2015 онд жилд есөн хувиар
өснө гэсэн тооцоолол буй. Тухайлбал 2015 он гэхэд Хятадад 30 сая,
Энэтхэгт 56 сая, Японд 68 сая тонн хүртэл нүүрсний хэрэглээ өсөх аж.
Хятадаас давчихсан орнууд бишгүй байгаа биз. Тавантолгойн нүүрс үнэд
хүрэх нь ч гарцаагүй байх нь. Гэхдээ дан түүхий нүүрсээ зараад хол
явахгүй. Аж үйлдвэрээ хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай. Нөгөөтэйгүүр
зөвхөн Хятад л манай гол хэрэглэгч гээд Монголын нүүрс-ний үнийн
тогтоодог байх энэ нөхцөл байдлаас хурдан гарч дэлхийн хэмжээний тоглогч
болох нь бидний хамгийн том эрх ашиг билээ.
Тавантолгойгоос жилд 15-20 сая тонн нүүрс олборлоод байхад дор хаяж 200
жил ашиглах нөөцтэй. Тиймээс ирэх 200 жил, түүнээс цаашхи хугацаанд улс
орон оршин тогтнохын баталгаа нь Тавантолгой болчихоод байна. Ухаахудаг
жилд 10 сая тонн нүүрс олборлоход 40 жил ашиглах нөөцтэй. Тэгэхээр
шинэчлэлийн Засгийн газрын энэ шийдвэр хэр алсын хараатай болох нь
тодорхой байна. Түүнчлэн тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал,
геополитикийн талаасаа хамгийн осолтой байрлалыг эзлээд байсан энэ
алдааг зассан нь маш том гавьяа гэж хэлж болно. Дахин сануулахад
оросууд Халхголын дайнд цэрэг зэвсгээ бэлтгэхийн тулд
Чойбалсан-Баянтүмэн хүртэлх 200 гаруй км мухар төмөр замыг барьсан.
Гэтэл одоо хүртэл байж л байна.
Төмөр замын нэгдсэн сүлжээ хоёр үе шаттай байгаа нь цаанаа маш нарийн
учир шалтгаантай. Нэгдүгээр шатанд Даланзадгад-Тавантолгой-Цагаан
суварга-Зүүн баян чиглэлд 400 кам, Сайншанд-Баруун-Урт чиглэлд 350 км,
Баруун-Урт-Хөөтийн чиглэлд 140 км, Хөөтөөс Чойбалсан хүртэл 150 км, нийт
1100 гаруй км төмөр зам тавихаар тусгажээ. Хоёрдугаар шатанд
Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлд 45.5 км зам, Ухаахудаг-Гашуунсухайт
чиглэлд 267 км, Хөөт-Тамсагбулаг-Нөмрөг чиглэлд 380 км, Хөөт-Бичигтийн
чиглэлд 200 км, нийт 900 км төмөр зам барьж улмаар Чойбалсангаас
БНХАУ-ын Дандонг боомт хүртэл төмөр зам барих юм.
Хэрэв нэгдүгээр үе шатыг байхгүйгээр төсөөлж зөвхөн хоёрдугаар үе
шатанд төлөвлөсөн төмөр замыг газрын зураг дээр харвал дандаа мухар
төмөр зам үлдэхээр харагдаж байна. Яг дээр дурьдсан Баянтүмэнгийн мухар
төмөр зам шиг. Хатуухан хэлэхэд нүүрсээ зөвхөн Хятадын хилээр гарахад
зориулагдах замыг л бариад эхэлж байсан хэрэг шүү дээ. Ийнхүү Х.Баттулга
сайдын “төрүүлсэн” Монгол Улсыг хөгжүүлэх шинэ Торгоны зам А.Гансүх
сайдын үед ажил хэрэг болж, түүнийг М.Энхсайхан барих болж байна. Тэд
үнэхээр Монголын эрх ашгийн төлөө “чөтгөртэй ч эвсэхэд бэлэн”, эх оронч
үзэлтэй улстөрчид юм байна.
У.ОРГИЛМАА