АНУ-ын ерөнхийлөгч хэн байх бол?

Хуучирсан мэдээ: 2012.11.05-нд нийтлэгдсэн

АНУ-ын ерөнхийлөгч хэн байх бол?

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль болоход
ганцхан хоног үлдээд буй энэ үед дэлхий даяар их гүрнийг удирдах тэр
хүн Барак Обама, Митт Ромни нарын хэн нь байх бол гэдгийг анхааралтай
харж буй билээ.

Кампанит ажлыг хаахаас өмнөх хоногуудад Бүгд
Найрамдах намаас нэр дэвшигч Митт Ромни Йова, Охио, Пеннсилваниа,
Виржиниа дахь дэмжигчиддээ анхаарал хандуулж байгаа бол Ардчилсан намын
төлөөлөл Ерөнхийлөгч Барак Обама Нью-Хэмшайр, Флорида, Охио, Колорадод
ажиллаж байна.

АНУ-ын голлох нутгуудад хоёр нэр дэвшигчид
үргэлжлэн ажилласаар байгаа юм. Мөн энэ үеэр АНУ-ын хотуудыг “Сэнди”
далайн шуурга нөмөрсөн нь нэр дэвшигчдыг “амьсгал авах” завгүй ажиллахад
хүргэсэн бөгөөд өдгөө тэд бараг л ядарч эцэж байгаа хэмээн шинжээчид
мэдээлжээ. Ерөнхийлөгч Барак Обамагийн хувьд өмнөх төрийн тэргүүн Билл
Клинтоныг өөрийнхөө талд оруулж чадсан билээ.

Тэд хамтдаа
Виржиниад ажилласан бөгөөд энэ үеэр Б.Обама сөөнгө дуугаар
“Ерөнхийлөгчийн суудалд миний дуу хоолой хүрэх болно” гэжээ. Мөн түүний
кампанит ажилд дуучин Кати Перри нэгдэн Б.Обамагаар “өвчилсөн” нь мөн л
олонд ихээр хүрсэн юм. Тэд Милваукийд дуучин бүсгүйтэй хамтран “Урагшаа”
гэх ардчилсан лоозонг урдаа барьж 20 мянган хүнийг цуглуулж чадав.
Харин Бүгд Найрамдах намын нэр дэвшигч Митт Ромни Б.Обамаг шүүмжилсээр
байна.

Тэрбээр “Бүгд Найрамдах намын хамгийн том өстөн бол
Б.Обама. Өстнийг сонгох уу” гэжээ. Түүний хувьд сонгуулийн өдөр болоход
ганцхан хоног үлдсэн энэ үед Йова, Охио, Пеннсилваниа, Виржиниад
ажилласан юм. Сонгуулийн кампанит ажил дуусах өдрүүдэд тус улсыг “Сэнди”
далайн шуурга нөмөрсөн нь нэр дэвшигчдийг хөдөлгөөнд оруулсан байна.
Хийсч ирсэн аюулд нэрвэгдсэн иргэдэд туслаж дэмжихээр нэр дэвшигч хоёр
кампанит ажлаа орхижээ. Гэсэн ч зарим шинжээчид үүнийг “Хэдийгээр
байгалийн гамшиг гэдэг хэлж биш хийсч ирдэг ч гэсэн тэдний хувьд
өөрсдийн рейтингээ нэмэхэд нь чухал үзүүлэлт болж байгааг дурьдахгүй
өнгөрч болохгүй. Хэцүү үед тусалсан нөхрөө л сайнаар хардаг иргэдийн
хувьд нэр дэвшигчдийн хэн хэн нь өөрийн гэсэн үнэнч фэнээ олж авч байгаа
хэрэг болов уу” хэмээж байна.

Нэр дэвшигч хоёр кампанит ажлаа
орхин гамшгийн бүсэд ажиллахаар очсон билээ. Б.Обамагийн хувьд далайн
хүчтэй шуурганд байгаль орчин, хот, гэр орон, ойр дотны нөхдөө алдсан
иргэдтэй биечлэн уулзахыг хүсчээ. Б.Обама Нью-Жерсид айлчлал хийн
гамшгийн бүсэд өөрийн биеэр очин хүмүүстэй уулзан сэтгэл санааны дэмжлэг
үзүүлсэн юм. Бүгд Найрамдах намын гишүүн Крис Кристиетийн хамтаар
гамшигт хохирсон иргэд болоод аврах багийнхантай уулзалт хийжээ. Энэ
үеэр Б.Обама “Бид болоод та бүгд хамтдаа гэдгийг хэлье. Бид мартаагүй,
та бүгдийн ажил, амьдрал, хот дахин шинэчлэн бостол нь туслах болно”
гэжээ. Б.Обамаг кампанит ажлаа зогсоосны дараа түүний өрсөлдөгч М.Ромни ч
мөн гамшгийн бүс рүү очин тусламжийн гараа сунгаж эхэлсэн. Б.Обамад
багшилсан телевизийн мэтгэлцээн Сонгуулийн өмнө нэр дэвшигчид халз
мэтгэлцээнд гурван удаа ордог билээ. Тэгвэл сүүлийн хоёр мэтгэлцээнд
Барак Обама ялалт байгуулсан юм. Түүний хувьд анхны мэтгэлцээнд “шалдаа
буутлаа” унасан нь дараа дараачийн роундад алдаан дээрээ суралцан илт
давуу ялалт байгуулахад нөлөөлсөн болов уу. Эхний шатанд Митт Ромни
өөртөө итгэлтэйгээр илтгэл тавин олны анхаарлыг татан, Б.Обамаг
“газардуулсан”.

Харин 90 минут үргэлжлэх телевизийн шууд
мэтгэлцээний хоёрдугаар шатны үеэр Барак Обамагийн төлөөлөгч хэлэхдээ
“Түүний хувьд анхны мэтгэлцээнд нэлээд үлбэгэр байсан хэмээн
шүүмжлүүлсэн учраас энэ удаад эрчтэй бэлдсэн” гэжээ. Ардчилсан
Ерөнхийлөгч Барак Обама өнгөрсөн удаагийн мэтгэлцээнээр унасан нэр
хүндээ АНУ-ын тулгуур есөн мужид сэргээхээр чармайж байгаа аж. Хоёр дахь
шатны хувьд өрсөлдөгчид сонгогчдоос ирүүлсэн болоод өөрсдийн бэлтгэсэн
дотоод гадаад улс төрийн амьдралын асуудлаар оролцсон. Тэдний эцсийн
мэтгэлцээн өнгөрсөн сард Флоридагийн Бока Ратонд болсон бөгөөд Б.Обама
илт давуугаар ялалт байгуулж чадсан юм.

Сонгуулиас өмнө гурван
удаа хийдэг телевизийн халз мэтгэлцээн Ерөнхийлөгчийн сонгуулийн санал
хураалтад ихээхэн байр суурь эзэлдэг учраас Б.Обамагийн олны өмнө ил
харагдсан алдаанаасаа суралцах чадвар түүнд рейтингээ хэдэн шатаар
ахиулсан явдал болсон байж ч мэднэ хэмээжээ. Ямартай ч ирэх дөрвөн жил
их гүрний төрийг түших эрх баригч хэн байхыг олон улс анхааралтай
ажигласаар байгаа юм.

АНУ-ын төрийн тэргүүн хэн болох нь
америкчууд маргааш буюу арваннэгдүгээр сарын 6-ны өдөр хэнд илүү итгэл
хүлээлгэхээс шалтгаалах юм.

Б.ЗОЛЗАЯА
Эх сурвалж: "МОНГОЛЫН МЭДЭЭ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж