Таны хийсэн хоолыг хэн нэгэн танихгүй этгээд тавгандаа хийгээд гэртээ яваад орвол ямар санагдах вэ? Мэдээж сайхан санагдахгүй нь лав. Нэг ёсондоо яг ийм байдал цахим ертөнц дэх сэтгүүл зүйд ажиглагдсаар иржээ. Сэтгүүлч Готовын мэдээг, маш олон гадаад үг орсон нэгэн сайт хулгайлж тавина. Дараа нь бүх сайтууд хуулж тавина. Сэтгүүлч Готов тэнд, энд мянга бахираад хэрэггүй. Учир нь Готовын орилж, баахан бичиг цаас барьж гүйснээс компьютерийн гар дээр байдаг “ctrl+c”, “ctrl+v” гэх үйлдэл хамаагүй хурдан, дээр нь хохиролгүй болохоор тэр. Хохирогч, хулгайч хоёр хэн, хэнийхээ “зовлонг” мэддэг учраас энэ байдалтайгаа эвлэрэн хэдэн жилийг ардаа хийжээ. Хууль, эрх зүйн орчинд ч зохицуулсан зүйлс байдаггүй учраас зовлонгоо эдэлж байсан нь энэ. Хэтэрхий олон жил замначихсан болохоор сүүлдээ аксиом болтлоо “хөгжжээ”. Гэтэл нэг л өдөр байдал өөрчлөгдөх нь тэр. Яг ийм үйлдэл хийдэг байсан нэр бүхий 16 сайтыг хааж орхилоо. Нэг ёсондоо мянган удаа “ctrl+c”, “ctrl+v” гэх товчлууруудыг дараад нэмэргүй болсноос тэр. Угтаа “аксиом” өөрчлөгдөж эхэллээ.
“Өөрөө контент үйлдвэрлэхгүй бусдын үйлдвэрлэсэн контентыг авч, түүгээрээ сайтаа баяжуулж болохгүй шүү дээ. Энэ чинь шударга ёсонд нийцэхгүй үйл явдал. Үүнд зохиогчийн эрхийн гэхээс гадна ёс зүйн асуудал давхар хөндөгдөнө шүү дээ. Монгол хүн танихгүй айлд ороод тогоотой хоол нь болонгуут аягалж аваад гэртээ ордоггүй биз дээ. Үүнтэй л адилхан үйл явдал. Харин өөр бусад шалтгаанаар тухайлбал, хэн нэгэн албан тушаалтныг шүүмжилснийхээ төлөө, төр засгийн алдаатай бодлогыг шүүмжилсний төлөө хааж байгаа бол Монголын сэтгүүлчдийн эвлэл цээжээрээ хамгаална” гэж Монголын сэтгүүлчдийн эвлэлийн ерөнхийлөгч С.Галаарид ярьсан юм.
Хэрвээ тухайн сэтгүүлчийн автортай мэдээллийг олон сайт дээр хуулж тавьснаас хэн хохирох вэ? Тухайн бичсэн сэтгүүлч л хохирно. Яагаад гэвэл хуулж тавьсан тэр сайт өөрсдөө эх сурвалжгүй учраас хуулийн хариуцлага хүлээлгэхээр бол лав хариуцлага хүлээхгүй. Тиймээс тэд сэтгүүлчийн эрхийг ч давхар зөрчиж байгаа нь энэ.
Нэр бүхий сайтуудыг хаасанд хамгийн их дургүйцэж байгаа хүмүүс нь тэд өөрсдөө. Хэрвээ тэд хуулийн хүрээнд ажлаа явуулдаг бол хаалгаж, боолгох дээрээ тулахгүй байсныг ухаарсангүй. Хэвлэлийн эрх чөлөөг боосон, үг хэлэх эрх чөлөөг хаасан, Хятадын араас орчихлоо гэсэн “сэтгэгдэл” цахим ертөнцөөр дүүрэн хөвөрснийг уншигч та харсан байх. Тэдэнд ямар нэгэн сонголт байхгүй юу гэвэл үгүй. Тэдэнд маш амархан нэг л сонголт бий. Зүгээр л хуулахаа болих. Хуулахгүйгээр, хэвлэл мэдээллийн байгууллага шиг редакцитай, дор хаяж таван сэтгүүлчтэй, албадтай байвал тэдний үйл ажиллагааг хааж боогоод байх шаардлага байхгүй. Тийм эрх төрийн ямар ч албан байгууллагад байхгүй. Эрх чөлөө гэхдээ хариуцлага гэдэг үгийн утга нь ердөө л энэ юм шүү дээ. Өнгөрсөн хугацаанд хэдэн сэтгүүлч өөрийнх нь материал олон сайт дээр хуулбарлагдсаны төлөө сэтгэл санаа, эд материалаараа хэрхэн хохирсоныг хэн ч мэдэхгүй.
Уг нь бол буруу. Яагаад гэвэл хэвлэл мэдээллийн байгууллагыг хаах эрхийг гадны орнуудад сэтгүүл зүйн дээд байгууллага нь гаргасны үндсэн дээр хаадаг аж. Гэхдээ манайд өнөөдөр ийм боломж алга. Яагаад гэвэл хуулийн хүрээнд Сэтгүүлчдийн эвлэл зөвхөн сэтгүүлчдийн эрх ашгийг хамгаалах л үүрэгтэй аж.
“Хуулийн зохицуулалт манай салбарт дутагдаад байгаагийн нэг тод жишээ нь энэ үйл явдалаас тодорхой харагдлаа шүү дээ. Бид хэрвээ мэргэжлийн холбоотой, хариуцлагаа тооцож чаддаг, салбартаа өөрөөр хэлбэл “гал тогоондоо” асуудлаа шийдэж чаддаг байсан бол өнөөдөр төрийн байгууллагын оролцоотойгоор асуудлыг шийдэхгүй байсан юм” гэж МСЭ-ийн ерөнхийлөгч Б.Галаарид ярьсан юм. Цаашдаа үүнийг анхаарч хэвлэл, мэдээллийн тухай хуульд хэвлэл мэдээлэлтэй холбоотой асуудлыг мэргэжлийн байгууллага нь шийддэг байхгүй бол энэ мэтчилэн асуудалд төр оролцохоос өөр арга байхгүй.
Бид сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд эрх чөлөөний тухай хангалттай ярьжээ. Ийм ч эрх чөлөө, тийм ч эрх чөлөө. Гэхдээ энэ хугацаанд хариуцлагын тухай хэн ч сөхсөнгүй. Ямар хариуцлагыг хүлээлгэх талаар мэргэжлийн байгууллагад нь ч эрх алга. Тэд хариуцлага алдаж байна гэдгийг мэдэх авч зүгээр хараад суухаас өөр зүйлийг хийж чадахгүй байна. Тиймээс төрийн гар харахаас өөр аргагүй болж. Хэрвээ үүнийг мэргэжлийн байгууллага нь шийддэг байхгүй бол төр оролцож байна гээд түшээдэд халгаатай материал нийтлэгдсэн байвал шууд хаадаг тогтолцоо үйлчилдэг болохыг санахад илүүдэхгүй.