Нутгийн өөрөө удирдах ёсыг уландаа гишгэв

Хуучирсан мэдээ: 2012.11.05-нд нийтлэгдсэн

Нутгийн өөрөө удирдах ёсыг уландаа гишгэв

УИХ өнгөрсөн баасан гаригийн нэгдсэн хуралдаанаараа Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн ч гишүүдийн 52.5 хувийн саналаар төслийг “Хэлэлцэх шаардлагагүй” хэмээн үзэж, унагав. Хуулийн төсөл унасанд МАН-ынхан хагартлаа баярлаж эгээтэй л дуу хуур болсонгүй. Янз нь энэ сарын 21-нд товлогдсон орон нутгийн сонгуулиар эрхэм гишүүд хамаатнуудаа сойж, тэндээс сумын Засаг даргыг сонгодог хуучин тогтолцоогоо хэвээр хадгалах нь эрх мэдлээ авч үлдэх цорын ганц найдвар нь байсан бололтой. Тэд сумын ИТХ-аас шууд Засаг даргыг сонгохыг илүүд үзлээ. Энэ бол ардчиллаас ухарсан тэр тусмаа нутгийн өөрөө удирдах ёсыг ард түмний мэдэлд шилжүүлэхээс үхэтлээ айсан алхам боллоо хэмээн улстөр судлаачид дүгнэж байна.

УИХ-ын гишүүн Р.Гончигдорж нараас өргөн мэдүүлсэн дээрх төсөлд нутгийн өөрөө удирдах ёсыг ард түмний мэдэлд шилжүүлэхийн тулд дараах заалтуудыг тусгаад байв. Тухайлбал, сумын Засаг даргаар ажиллах хүсэлтэй шаардлага хангасан хэнийг ч сумын ИТХ-аас байгуулагдсан таваас доошгүй гишүүнтэй комисс бүртгэнэ. Улмаар тухайн суман дахь багийн иргэдийн нийтийн хурлуудын санал хураалтад нэр дэвшигчийг сойн нийлбэр дүнгээр хамгийн олон санал авсан хүнийг Засаг даргад томилуулахаар тухайн сумын ИТХ-д нэр дэвшүүлэн баталж эрх бүхий албан тушаалтанд санал болгоно гэж заасан юм. Өөрөөр хэлбэл, нэг сум таван багтай байлаа гэж бодоход баг бүр дээр сумын Засаг даргад нэр дэвшигчдийг хэлэлцэн, санал хураана. Ингэснээр сумын нийт иргэдийн оролцоотой сонгон шалгаруулалт болж нэг ёсны шууд ардчиллын сонгох эрх нэг талаар бүрдэх байв. Мөн сумын Засаг даргыг нэр дэвшүүлэх үйл ажиллагаа хууль бус болсон тохиолдолд дээд шатны Засаг дарга нь түүнийг татгалзуулдаг байх зарчмын тодорхой заалт тусгаад байсан юм. Одоо мөрдөж байгаа хуульд энэ заалт төдий л тодорхой бус аж.

Хоёр дахь зарчмын өөрчлөлт нь багийн хуралд оролцох иргэдийн ирц 30 хувьд хүрсэн байх ёстой. Дээр нь Засаг даргад нэр дэвшигчийг тодруулах багийн хурлыг хийх бол хурал зарлагдахаас 10 хоногийн өмнө иргэдэд зар түгээж дуулгана. Нөгөөтэйгүүр, хотод харьяалалтай байтлаа аймгийн Засаг даргаар томилогдсон, аймагт амьдардаг атлаа сумын Засаг дарга болсон жишээнүүд олон байдгийг  цэгцлэх зорилгоор тухайн газраа харьяалалтай байхыг хуульчилсан. Энэ нь Засаг дарга олон түмнийхээ дунд байж, ИТХ-ын шийдвэрээ хэрэгжүүлэх чиглэлээр ажиллах алхам бүрдэнэ гэж үзсэн байв.  Хэдийгээр энэхүү хуулийн төслийн хүрээнд зөвхөн сумын Засаг даргыг сонгох процесс хөндөгдсөн нь Үндсэн хуульд нийцүүлж, хэрэгжүүлэхийг зорьсонтой нь холбоотой юм. Ийм зарчмын өөрчлөлтийг орон нутгийн төвшинд хийхгүй бол ИТХ-ын төлөөлөгчид нь Засаг даргыг шилж сонгох, нэр дэвшүүлэхдээ улс төрийн агуулгаар асуудалд хандаж намын харьяаллаараа талцан хуваагддагаас иргэдийн итгэлийг хүлээсэн удирдлага сонгогдож чадахгүй явсаар өдийг хүрчээ. Тэр ч байтугай төрөл садан сайтай хүн сумын Засаг дарга болно гэх хошин яриа ч гарах болсон юм. Тиймээс нутгийн удирдлагыг сонгох процедурд өөрчлөлт оруулах зорилгоор дээрх төслийг нэр бүхий гишүүд боловсруулан УИХ-д өргөн мэдүүлээд байсан ч хүлээж авсангүй буцаалаа.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж