”Интерполд хандсаныг буруу гэж бодохгүй байна”

Хуучирсан мэдээ: 2012.11.05-нд нийтлэгдсэн

”Интерполд хандсаныг буруу гэж бодохгүй байна”

УИХ-ын гишүүн, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга  Ц.Цолмонтой ярилцлаа.

-МАХН-д та идээшиж байна уу. Одоо хэр нь олон нийт таны сонголтыг гайхсан хэвээр л байна, юуг бодож МАХН-д элссэн юм бэ?

-Монголд олон улстөрийн хүчин үр дүнтэй ажиллах боломж байхгүй. Энэнд үндэслээд МАХН, МҮАН 2012 оны УИХ-ын сонгуульд оролцохдоо “Шударга ёс” эвсэл байгуулсан. Хамтарснаар амжилт олбол нэгдсэн улстөрийн хүчин болъё гэсэн яриа хөөрөө ч гарсан тэр үед. Энэ ярианы үндсэн дээр би “Хоёр нам нэгдэх ёстой” гэдэг уриалгыг тавьсан. Гэхдээ МҮАН-ын зүгээс “Өнөө маргаашдаа нэгдчихэд бэлэн биш, орон нутгийн сонгуулийн үр дүнг харъя” гэсэн байр суурь барьсан. Би бол энэ процессыг хурдан хийх ёстой гэж үзээд МАХН-д элссэн. Энэ бол МАХН-ыг сонгосон нэгдэх үндэслэл. Хоёрдахь нь, 22 жилийн өмнө би МАХН -ын мөрийн хөтөлбөрийг шинэчилж боловсруулсан 15 эрдэмтний нэг байлаа. Тэр утгаараа МАХН-ын гишүүнчлэлээ сэргээсэн гэж үзэж болно. Нөгөө талаар МАХН 22 жилийнхээ туршлагад үндэслээд шинэчлэлийг бий болгоё, илүү үндэсний онцлогоо тусгасан ард түмнийхээ  эрх ашгийг хамгаалсан, гадныханд аль болох бага автсан улстөрийн хүчин болж төлөвших процесс руу явж байгаа учраас МАХН-ын гишүүнчлэлээ сэргээсэн. Та асуулаа, МАХН-д идээшиж байна уу гэж… Энгийн жишээ татвал аравдугаар ангийн төгсөгчид, намын дээд сургууль төгссөн найз нөхөд, ах дүү нар маань МАХН-д илүү олон байна.  Энэ утгаараа хамгийн ойр хүмүүс дээрээ очсон.

-Таны МАХН-д элссэн үйлдэл хоёр намыг нэгтгэх биш бүр холдуулчихаж байгаа юм биш үү?

-Үгүй ээ. МАХН, МҮАН-тай нэгдэх процесс нээлттэй гэж би бодож байна. Тэр тусмаа өөрсдийнхөө бодсон санасныг улстөрийн хүчирхэг хүчин байгуулах маягаар хэрэгжүүлбэл илүү үр дүн дагуулна гэдгийг УИХ-д байгаа болон түүний гадна байгаа МҮАН-ын гишүүд, залуучууд илүү ойлгоно гэж бодож байна.

-УИХ-ын гишүүн Д.Батцогт, “Ц.Цолмон даргын сонголтод үнэхээр гайхсан, одоо ч эргэлзсэн хэвээр л байна. Гэхдээ эвслийн дунд барьж байгаа квотын хүрээнд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргын албаа сайн дураар шилжүүлэх байх, хүлээж сууна” гэж мэдэгдсэн. Энэ нь нэгдэхийн эсрэг байр суурь юм биш үү. Хоёрт, байнгын хорооны даргын албан тушаалаа та хэзээ шилжүүлэх вэ? 
                                                                                                                                                                                                 
-Сонгуулийн үр дүнд “Шударга ёс” эвсэл УИХ-д бүлэг байгуулах хэмжээний суудал авч, олонхитой хамтрах болсноор УИХ-ын төвшинд зургаан ч албан тушаал авах боломжтой болсон. Энэ квот нь эвслийнх, дан ганц МҮАН-ынх биш. Жишээлбэл, Сонгуулийн ерөнхий хорооноос ч юм уу, МАХН, МҮАН -аас энэ асуудалтай холбоотойгоор гаргасан өргөдөл энэ тэр байхгүй, бүх зүйл эвслийн хүрээнд явж байгаа. Эвслийн хүрээнд шийдэгдсэн аливаа албан тушаал бол эвслийн л албан тушаал. Тийм учраас эвслийн квот эвслийн хүрээнд яригдах учраас эвслээрээ л шийдэх асуудал. Тодруулж хэлбэл, эвслийн хүрээн дотор албан тушаалынхаа хуваарилалтыг дахин харж үзье гэсэн санал гомдол байгаа бол тэрийгээ албан ёсоор тавиад эвслийн удирдлага шийдэж болно. Тэр бол миний хувийн асуудал биш, эвсэл шийдэх асуудал тул тэгье, ингэе гэсэн санаа оноо алга.

-Намын листээр УИХ-д сонгогдсон гишүүн өөр намд шилжвэл УИХ -ын гишүүнийх нь бүрэн эрхээс татгалзуулдаг заалтыг Сонгуулийн хуульд тусгаж өгөхгүй бол үүргээ умартах нь гэсэн асуудал яригдах болсон. Энэ асуудал дээр та ямар байр суурьтай байгаа вэ?

-Тийм тохиолдол одоохондоо гараагүй байна л даа.

-Таныг МАХН-д элсэнгүүт дээрх яриа гарсан шүү дээ?

-Би бол “Шударга ёс” эвслийн жагсаалтаар УИХ-д сонгогдсон. Миний МАХН-д элссэн нь энэ асуудалтай холбогдолгүй. Хэрвээ Ардчилсан намаас УИХ-ын сонгуульд нэр дэвшээд, эсвэл МАН -аас УИХ-д нэр дэвшээд намаа сольж байгаа бол тийм тохиолдол үүснэ. Би бол “Шударга ёс” эвслээс жагсаалтаар УИХ-д нэр дэвшээд сонгогдсон, тэр эвсэлдээ байж байгаа. Миний тохиолдол бол өөрийн тань асуугаад байгаа тохиолдол биш л дээ. 

-Эвсэлд хашигдаж байгаа ч намаас нам руу шилжсэн гэдэг утгаараа таны хэлсэн жишээтэй агуулгын хувьд ижил юм биш үү?

-Үгүй ээ, логикоо хөөвөл би “Шударга ёс” эвслээс УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн, тэр эвсэл дотроо байж байгаа. Тийм учраас өнөөдрийг хүртэл энэ талаар хэн нэгэн хөндөөгүй болов уу гэж бодож байна.

-Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъяны Интерполд хандан бичсэн захидал  сүүлийн үед олны анхаарлын төвд байна. Залуу хүн учраас гэнэдээд ийм алдаа гаргачих уу,  эсвэл ийм алхам хийхээс аргагүй байсан юм болов уу?

-Дэд сайд Э.Эрдэнэжамъянг интерполд хандсаныг нь буруу гэж би бодохгүй байна, олон нийт ч тийм бодолтой байгаа болов уу. Интерполд хэн ч ямар ч асуудлаар хандаж болдог нээлттэй вэб сайттай, нээлттэй байгууллага юм билээ ш дээ. Тэрнээс интерполд Монгол ганцхан цонхоор хандана гэсэн хатуу дэг байхгүй, монголчууд тэгж ойлгодог байж магадгүй.  Гол нь манайхны интерполын тухай ойлголт нь янз бүр байгаагаас маргаантай нөхцөл байдал үүслээ.

-Гэхдээ О.Баасанхүү гишүүний тайлбарласнаар намаас өгсөн үүрэг даалгаврын дагуу Э.Эрдэнэжамъян сайд интерполд хандан Н.Энх­туяа, Б.Хуяг на­рыг интерполоор эрэн сур­валжлахыг зог­соохыг хүссэн юм биш үү?

-Намын гишүүний хувьд  тийм зүйл хийж болно шүү дээ.

-Албан тушаалаа ашиглаж ийм алхам хийж болно гэж үү, энэ тохиолдолд хариуцлага хүлээхээ эрх биш мэдэж баймаар юм?

-Намын удирдлагаар асуудлыг хэлэлцээд “Чи тийм асуудлыг интерполд тавь” гээд Э.Эрдэнэжамъянаар гүйцэтгүүлсэн бол Э.Эрдэнэжамъян хариуцна гэхээсээ илүүтэй намын удирдлага л хариуцах ёстой. Яагаад гэвэл намын удирдлага, хамт олноос тийм шийдвэр гарсан учраас. Тэгэхээр Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъянд хариуцлага тооцох болбол намын удирдлагын төвшинд асуудлыг ярих ёстой гэж бодож байна. Тэгээд ч Э.Эрдэнэжамъян өөрийн санал санаачлагаар дур зоргоороо энэ алхмыг хийгээгүй учраас цаад улстөрийн хүчин нь хариуцлагаас хуваалцах ёстой л доо.

-Э.Эрдэнэжамъян дэд сайдад хариуцлага тооцох асуудал хөндөгдөхөд намын удирдлага талаас тодорхой хэмжээгээр оролцох ёстой болж байна, таны тайлбараар. Энэ нь эргээд Засгийн газрын хувь заяанд нөлөөлөх үү? 

-Тэр бол Засгийн газрын хувь заяанд нөлөөлөөд байх асуудал биш. Э.Эрдэнэжамъян бол энэ асуудал нь улстөрийн хандлагатай гэсэн дохиог л интерполд өгсөн болохоос, интерполын өөрийнх нь хууль дүрмийг зөрчсөн зүйл хийгээгүй гэж найдаж байна. Жишээлбэл, Э.Эрдэнэжамъяны бичсэн захидалд интерпол эргэлзээд, энэ өөрөө их эргэлзээтэй асуудал юм байна, улстөртэй холбоотой ч юм байна гэж үзээд нөгөө хоёр хүнийг баривчилхаа больчихсон бол тэр нь интерполын шийдвэр. Өөрөөр хэлбэл, интерполд дохио өгсөн нь Э.Эрдэнэжамъян. Тэгэхээр би бол түүнийг МАХН -ын гишүүний хувьд тэр дохиог өгсөн байх гэж боддог. Намын гишүүнд тийм эрх нь бий, албан тушаал нь ч Монгол Улсад хүний эрхийг хамгаалах, хууль зүйг сахиулах үүрэгтэй. Тавьсан асуудлынхаа хүрээнд өөрийн эргэлзээ байгааг илэрхийлэх эрхтэй. Тийм л субьект шүү дээ.

-Өнгөрсөн хоёр долоо хоногийн өмнө “Шударга ёс” эвслээс УИХ-д нэр дэвшсэн Ц.Оюунбаатар УИХ -ын гишүүний тангаргаа өргөх нь ээ гэдэг мэдээлэл цацагдсан ч одоо бүр таг чиг боллоо. Энэ асуудал намын төвшинд яригдаж байна уу, хэзээ тангаргаа өргөх нь?

-Тэр талаар мэдээлэл алга.

-Хойшлоод байгаагийн шалтгаан юу вэ?

-Эхнээсээ л зарласан шүү дээ, МАХН-аас нэр дэвшсэн гурван хүнийг Сонгуулийн ерөнхий хороо бүртгэхээс татгалзаж, янз бүрийн шалтгаанаар хойшлуулсаар ирсэн.  Энэ асуудлыг шийдтэл хүлээж байя гэсэн шийдвэрийг тухайн үед нь намаас гаргаж байсан,  тэр хүрээнд л асуудал байгаа гэж бодож байна, түүнээс илүү мэдээлэл надад алга.

-Тэгэхдээ бас нэг гаргалгаа бий л дээ. Э.Батшугарыг УИХ-ын гишүүний тангараг өргүүлэх боломжгүй болсон учраас аавд нь шилжүүлэхийн тулд тэр цаг хугацааг хүлээж хойшлуулаад байна гэж?

-Тэр талаар мэдээлэл алга. Ямар ч байсан гурван хүний тухайд хойшлуулчихсан, байгаа тэр асуудлыг тодортол хойшлуулъя гэсэн шийдвэр бүр намар гарч байсан. Тэр шийдвэрийнхээ хүрээнд явж байгаа гэж ойлгодог.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж