Нэгдсэн төсөв эрсдлийг давах уу

Хуучирсан мэдээ: 2012.11.04-нд нийтлэгдсэн

Нэгдсэн төсөв эрсдлийг давах уу

Төсвийн тогтвортой байдлын тухай шинэ хууль хэрэгжиж эхэлснээр УИХ арваннэгдүгээр сарын 15-ны дотор багтаан Монгол Улсын 2013 оны нэгдсэн төсвийн тухай хуулийг батлах үүрэг хүлээж буй. УИХ дахь Ардчилсан намын бүлгээс өнгөрсөн долоо хоногийн даваа гаригт мэдээлэл хийх үеэрээ “2013 оны нэгдсэн төсвийн тухай хуулийн төслийг арваннэгдүгээр сарын 10-ны дотор багтаан парламентаар батлах чиг барина” гэж мэдэгдсэн ч ирэх долоо хоногт багтаан батлах боломжгүй нь тодорхой болов. Учир нь тус төслийн гуравдугаар хэлэлцүүлгийг маргаашнаас эхлэн бүлэг, ажлын хэсэг, байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар дамнуулан хэлэлцсээр баасан гаригт дөрөвдүгээр хэлэлцүүлэгт шилжүүлэх болж байна. Энэ нь арваннэгдүгээр сарын 15-ны өдөртэй уралдан байж, нэгдсэн төсвийг батлах цаг хугацаанд шахагдаж орж ирж буйг харуулж байгаа юм. Хэрвээ УИХ дээр заасан хугацаанд нэгдсэн төсвийг баталж чадахгүй бол тарна. Өмнөх парламентын үед төсвийг арванхоёрдугаар сарын 1-ний дотор багтаан батлахгүй бол УИХ тарах ёстой байв. Гэхдээ Монголын парламент нэгдсэн төсвөөс болж тарж байсан жишиг үгүй билээ. Хэдийгээр хэлэлцүүлгийн шатанд гишүүд“Засгийн газар маш муу төсөв УИХ-д оруулж ирлээ. Хямрал нүүрлэж байхад эрсдлийг тооцох ёстой байсан. Баталсан төсвөө бид хоёр сарын дараа тодотгох гээд сууж байх вий. Төсвийнхөн ямар их мөнгөөр тансагладаг юм бэ, дарга нарыг дагаж цэргүүд бий болоод тэр хэрээр урсгал зардал их хэмжээгээр нэмэгдсэн байна. Энэ бүх зохицуулалтыг хийж чадахгүй бол УИХ тарах ёстой” гэх шүүмжлэл өрнөдөг ч тэгсхийгээд намждаг байв. Энэ хэмнэл өнөө жил ч давтагдсан хэвээр. Хаа очиж УИХ-ын гишүүний нэрээр тус бүрт нь гурван тэрбум төгрөгийг 2013 оны төсөвт суулгаагүй нь олз юм уу даа. Хэрвээ өмнөх парламент шиг гишүүн бүрийн нэрээр гурван тэрбум төгрөг суулгасан бол шууд л 210 гаруй тэрбум төгрөгийг өм цөм аваад явчих байв. Хэдийгээр энэ мэт нааштай мэдээлэл төсвийн хэлэлцүүлгийн шатанд сонсогдож байгаа ч Сангийн сайд Ч.Улааны тайлбараар бол маш хатуу төсвийг Засгийн газраас өргөн мэдүүлсэн тул эрсдэл ирэхэд эргүүлээд сөрөх чадамж муу байгаа юм. Харин УИХ эдийн засгийн хямралыг даван туулж чадах төсөв болгож батлахын тулд зардлуудыг хэрхэн танасныг эргээд нэг харъя. Тухайлбал, Багануур дүүрэгт баригдах оюутны хотхоны дэд бүтцэд шаардах хөрөнгөөс 4.1 тэрбум төгрөг хасаад байгаа бол телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон системд шилжүүлэхэд шаардагдах хөрөнгийг 3.3 тэрбум төгрөгөөр танав. Мөн цахим засаглалын мэдээллийн санг өргөжүүлэхэд шаардагдах зардлыг 333 сая төгрөгөөр бууруулсан бол паспортын хяналтын нэгдсэн сүлжээ бий болгох төслийг 400 сая төгрөгөөр, аймаг, сумдыг хамарсан өндөр хурдын мэдээллийн хурдын сүлжээ байгуулах төслийг 4.7 тэрбум төгрөгөөр тус тус бууруулжээ. Хөрөнгө оруулалтын зардлыг бууруулах хүрээнд танагдсан бас нэг заалт нь газар хөдлөлтийн гамшгийг урьдчилан сэргийлэх/бүх хэрэгслээр мэдээлэл өгөх төсөл/-д шаардагдах зардлыг 2.3 тэрбум төгрөгөөр бууруулсан явдал байв. Гэвч эдгээр танасан зардлуудаа УИХ буцаагаад авто замын компаниудад “цацчихаж” байгаа нь санхүүгийн эрсдлийг дааж чадах төслийг парламент  баталж чадах уу гэдэгт эргэлзээ төрүүлж буй юм.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж