Ажлын хэсэг байгуулав

Хуучирсан мэдээ: 2012.11.04-нд нийтлэгдсэн

Ажлын хэсэг байгуулав

Шинэчлэлийн Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт үйлдвэржилтийн талаар олон зорилт дэвшүүлж, энэ салбарт үсрэнгүй ахиц гаргахаар төлөвлөж байгаа. Энэ ажлыг Ерөнхий сайдын ивээл дор өнгөрөгч сард Төрийн ордонд болсон “Үйлдвэржилтийн шинэ эрин үе” арга хэмжээгээр зарлаж, таван салбарт хэрэгжүүлэх хөтөлбөрийг нэгтгэн танилцуулсан юм.

Тэгвэл Засгийн газар өчигдрийн хуралдаанаараа “Үйлдвэржилтийн шинэ эрин үе”-ийг дэмжин хэрэгжүүлэх зарим арга хэмжээг хэлэлцэж, боловсруулах аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэхэд шаардлагатай хууль тогтоомж, бодлогын төсөл боловсруулах, эхний ээлжинд дэмжин хэрэгжүүлэх төслийн жагсаалт гаргах, шинээр байгуулах болон хүчин чадлыг нь өргөтгөх шаардлагатай үйлдвэрийн чиглэл танилцуулах үүрэгтэй ажлын хэсэг томиллоо. Салбар дундын ажлын хэсгийн санал дүгнэлтийг энэ оны IV дүгээр улиралд Засгийн газарт танилцуулахыг ҮХАА-н сайд Х.Баттулга, ЭЗХ-ийн сайд Н.Батбаяр, БХБ-ын сайд Ц.Баярсайхан, Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Сангийн сайд Ч.Улаан нарт даалгалаа.

Үйлдвэр хөгжүүлэхэд тулгамдсан асуудлаа бодлогоор шийдвэрлэж, энэ салбарын хөгжилд дорвитой алхам хийхээр ҮХААЯ, хувийн хэвшлийнхэн хамтран “Үйлдвэржилтийн шинэ эрин үе”-ийг зарласнаас хойш олон удаагийн уулзалт хэлэлцээр хийсэн. Тэргүүн ээлжинд хэрэгжүүлэх төслүүдийг тодруулахаар төмөрлөг, ноос ноолуур, арьс шир, мод, хэвлэл, хими, сүү, мах, эсгэлт, ундаа, барилгын материалын зэрэг боловсруулах үйлдвэрийн чиглэлээр үйлдвэр эрхлэгчидтэй зарим асуудлаар зөвшилцөлд хүрсэн. Эдгээр ажлын үр дүнд Монгол Улсын боловсруулах үйлдвэрийн салбарын оролцогч бүх тал нэгдмэл үзэл санаанд хүрээд байгаа юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж