Хуучирсан мэдээ: 2010.05.19-нд нийтлэгдсэн

Мексикийн шигшээ
Хөлбөмбөгийн холбооны байгуулагдсан он: 1927

ОУХБХ-д элссэн он: 1929
Нийслэл: Мехико
Холбооны ерөнхийлөгч: Хустидо Компеан
Ерөнхий дасгалжуулагч: Хавиер Агиррэ (Бразил)
Багийн ахлагч: Рафаэл Маркэс
Шигшээдээ олон тоглосон: Клаудио Суарэс – 178
Олон гоол оруулсан: Харэд Борхэтти– 46
Одоогийн чансаа: 17
Хамгийн өндөр чансаа: 4 (1998, 2006 он)
Анхны тоглолт: Гватэмал 2-3 ӨАБНУ (1923 он)
Хол зөрүүтэй ялалт: Мексик 13-0 Бахамын арлууд (1987 он)
Хол зөрүүтэй хожигдол: Англи 8-0 Мексик (1961 он)
Хоч: Гурван өнгөтнүүд
Амжилт: 8 удааа тивийн аваргад түрүүлсэн, 1970, 1986 Дэлхийн аваргын шөвгийн наймд шалгарч байсан, 1999 оны Тив хоорондын цомын аварга,
Түлхүүр тоглогч: Рафаэл Маркэс

Мексикийн хөлбөмбөгийн холбоо анхны Дэлхийн аваргаас гурван жилийн өмнө байгуулагдаж, 1929 онд Олон улсад бүртгэлтэй болжээ. Улмаар Дэлхийн цомд тоосооөргөсөн 13 багийн нэг болж хэсэгтээ гурав хожигдон бүтэл муутайхан дуусгаж байв. Мексикчууд Дэлхийн аваргад боломжынхоо хирээр оролцож байсан боловч хэзээ ч том эсвэл дундаж багуудын нэг байсангүй. 1962 онд Чилид болсон аваргаар Чехословакийн хүчирхэг багийн 3-1-ээр хожиж анхны хожлоо авсан. Дэлхийн аваргыг 1970 онд эх нутагтаа хүлээн авч, гэрийн нохойн сүүл өөдөө гэгчээр хэсгээсээ торолгүй гарсан ч Италийн хүчирхэг багийг барсангүй. Ацтэкүүд 1986 онд дахин нутагтаа хүлээн авч өмнөх амжилтаа давтжээ. Энэ удаа Бора Милутиновичоор удирдуулсан тэд Баруун Германы багт торгуулийн цохилтоор хожигдов. Цаг үеийнхээ нэрийн хуудас болсон багт торгуулийн цохилтоор хожигдсон нь Дэлхийн аваргын томоохон сенсаац болжээ. Удалгүй Мексикийн хөлбөмбөгт “хар” үе тохиож, 1988 оны Сөүлийн Олимпын урьдчилсан шатанд ОУХБХ-ноос зөвшөөрсөн 23- аас доошхи насны тамирчид (23-аас дээш насны 3 тамирчин орж болдог) оролцох ёстой гэсэн заалтыг зөрчсөн учир бандуулан Италид болох Дэлхийн аваргад оролцох эрхээ хасуулсан юм. Гватэмалчууд тэдний оронд Олимпод явж, алдарт Уго Санчэс ид үедээ Дэлхийн аваргыг харамсалтайгаар өнжсөн нь Мексик гэлтгүй бүхий л хөлбөмбөг сонирхогчдыг гомдоолоо. Санчэс Испаний эзэн хааны Реал Мадрид багийн гол хөдөлгүүр байж долоон улирал тоглохдоо 207 тоглолтонд 167 гоолыг оруулсан юм. “Хар” үе удалгүй өнгөрч 1994 онтой золголоо. Энэ үеэс Мексикийн хөлбөмбөгийн “Алтан” үе эхэлсэн гэж хэлж болно. Дэлхийн аваргын 2-р шатанд үргэлж шалгардаг болж, Европын томоохон лигүүдэд Ацтек тамирчид мэр сэр харагдаж эхлэв. 1999 оноос Дэлхийн хэмжээний баг болж Тив хоорондын цомд Бразилыг хожин түрүүлж, 2002 оны Дэлхийн цомд Италийг хэсэгтээ гол гаргах дөхөв.
Улмаар 2006 онд хэсэг тэргүүлсэн найман багийн нэг болон “тушаал” дэвшжээ. “Алтан” үеийхэн амжилтаа бага багаар ахиулж байгаа бөгөөд энэ жил Африк руу бүх цаг үеийн хамгийн шилдэг бүрэлдхүүнтэйгээ очих нь тодорхой болоод байна. Тийм учраас А хэсэг хоёрдах үхлийн хэсэг гэсэн нэрийг зүүх болов. Урьдчилсан шатанд толгой өвддөггүй Мексикүүд тивдээ АНУ-ын дараа 2-т бичигджээ. Дасгалжуулагчаар Эрикссон ажиллаж байх үед урьдчилсан шатанд жоохон эвгүйтсэн ч Хөлбөмбөгийн холбооны удирдлагууд цагийг нь олж ажлаас нь чөлөөлж Хавиер Агиррэг буцаан авчирснаар асуудал шийдэгдэв. Агиррэ ирж удалгүй Голдэн капийн шигшээд АНУ-ыг 5-0-ээр бут ниргэсэн юм. Багийн тоглолтыг дээд зэргээр үзүүлдэг. Хурд, богинын дамжуулалт, олон талд байрлал нөхөлт, хувилбар хийж, булангийн цохилт, чөлөөт цохилтуудыг маш олон төрлөөр өндөр ур чадвартай тоглогчдыг ашиглан хийдэг. Ихэвчлэн 3-5-2, 3-4-3 хувилбараар тоглодог. Хаалгачаар Гильермо Очоа, хамгаалалтанд багийн ахлагч Рафаэл Маркэс, Рикардо Осорио, Карлос Салсидо, хагас хамгаалалтанд хашир Хэрардо Торрадо тэргүүтэй Андрес Гуардадо, Жовани дос Сантос, Израил Кастро, Эфраин Хуарэс, довтолгоонд Гильермо Франко, Куаутэмок Бланко гэсэн бүрэлдэхүүнтэй тоглодог. Одоогоор Арсэналд Карлос Вэла, Тоттэнхэмд Жовани дос Сантос, Дэпортивод Гуардадо, Барсэлонад Жонатан дос Сантос (Жовани дос Сантосын төрсөндүү) гэсэн ирээдүйн Мексик одод тоглож буй. Мексикийн бүрэлдэхүүнийг хараад хэн ч хүчирхэг гэдэггүй ч тэд багийн тоглолтоо сул талаа нөхөж Мексиктэй нэг хэсэгт орохоос том багууд үргэлж эмээж байдаг.

Рафаэл Маркэс

1979 оны 2 сарын 13 нд Мексикийн Замора хотод төржээ. Маркэс хөлбөмбөгчний замналаа 1996 онд 17 настайдаа Мексикийн Атлас дэ Гвадалахара клубээс эхэлсэн бөгөөд энэхүү клубд тоглож байх хугацаандаа өөрийгөө маш сайн нээн харуулсан юм. Үүний дараагаар 1999 онд түүнд Европыг зорих боломж гарч Францын Монако клуб түүнийг 6 сая еврогоор худалдан авсан байна. Удалгүй түүнийг Европын томоохон клубууд сонирхож байсан боловч Маркэс Монакод 2003 он хүртэл тогложээ. 2003 онд түүнийг Испаны Барсэлона клуб 5 сая Еврогоор худалдаж аван хамгаалалтаа шинэчилсэн бөгөөд Барсэлонад тоглосон 2 дахь Мексик тоглогч болсон байна. МөнАваргуудын лигт түрүүлсэн анхны Мексик тоглогч болсон юм. Маркэс шигшээ багийн анхны тоглолтоо 1997 оны 2 сарын 5-д Эквадорын эсрэг хийж, шигшээ багийн хамт 1999 оны Тив хоорондын цом, Голдэн капын аварга болж 2002 , 2006 оны ДАШТ-д улсаа төлөөлсөн оролцсон юм. Биеийн хүчний тоглолт сайтай, төвийн болон жигүүрийн хамгаалагч, хамгаалах чиглэлийн хагас хамгаалагчийн байрлалд тоглодог, талбайг маш сайн мэдэрдэг тоглогч ба түүний цагаа олсон алсын дамжуулалтууд нь багийн довтолгоонд эерэгээр нөлөөлдөг. Мексик, Барсэлонагийн салшгүй нэг хэсэг болсон түүнийг “хар” тивд болох Эдлхийн аваргад шигшээ багаа удирдан тоглоно.

С.Батзаяа.

Зохиогчийн эрх: “Үндэстний тойм” сэтгүүл №2.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж