Төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрөл олголоо

Хуучирсан мэдээ: 2012.11.04-нд нийтлэгдсэн

Төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрөл олголоо

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар нэг чухал асуудал
хэлэлцсэн нь Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогын хэрэгжилт байв.
Хэдийгээр бүр 2010 онд төрөөс баримтлах бодлогыг батлан гаргасан нь ч
одоогоор I шатны ажил нь ч хэрэгжиж эхлээгүй хүлээлтийн байдалд байгаа.
Төмөр замын I буюу
Даланзадгад-Тавантолгой-Сайншанд-Баруун-Урт-Хөөт-Чойбалсан чиглэлийн
буюу Сайншандад босох учиртай аж үйлдвэрийн паркийг дэмжихэд чиглэсэн
1100 км төмөр зам барих санхүүжилтийг ирэх жилийн улсын төсөвт
суулгаагүй. Харин Хөгжлийн банкнаас 1,55 тэрбум ам.долларын санхүүжилт
гаргах арга замаар ажлыг нь эхлүүлнэ гэж төлөвлөсөн. Гэхдээ яг энэ
асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэхээр хүлээгдэж
байгаа талаар бид мэдээлсэн. Тэгвэл өчигдрийн хуралдаанаар асуудлыг
үндсэнд нь шийдвэрлэж, шийдвэрийн хүрээнд нэгдсэн төмөр замын суурь
бүтэц барих тусгай зөвшөөрөл олгож, төслийн санхүүжилтийг төрийн өмч
давамгайлсан байдлаар гадаад, дотоодын хөрөнгө оруулагчидтай хамтран
зохион байгуулах үүргийг “Монголын төмөр зам” ТӨХК-д хүлээлгэсэн байна. 

Нэг хэсэг багагүй маргаан дэгдээгээд байсан асуудал Төрийн тусгай албан
хаагчдын нэгдсэн эмнэлгийг оффисын зориулалттай болгох гэж байна гэсэн
тус эмнэлгийн ажилчдын эсэргүүцэл. Харин хууль зүйн сайд Х.Тэмүүжин
үүнийг ижил чиглэлийн хоёр эмнэлгийг нэгтгэж, харин одоо засвар хийж
байгаа байранд иргэд хууль зүйн чиглэлийн бүх үйлчилгээг авч болохоор
болгон ажиллуулах нь зүйтэй гэж тайлбарлаж байсан. Яг энэ асуудлыг өчигдөр  болсон Засгийн газрын хуралдаанаар авч хэлэлцээд одоо барьж буй
барилгыг Улсын Ерөнхий прокурорын газар, Хууль зүйн яамны албан контор,
иргэдэд хууль зүйн үйлчилгээ үзүүлэх төв болгон засч тохижуулан
ашиглахаар шийдвэрлэсэн байна. Харин төрийн тусгай албан хаагчдын
эмнэлэгт улсын төсвийн 10.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар шинэ
барилгын цогцолбор барьж байгаа бөгөөд 2013 оны 5 дугаар сард ашиглалтад
оруулахаар төлөвлөжээ.

Дээр дурдсанчлан ижил төстэй үйл
ажиллагаа явуулдаг дээрх хоёр эмнэлэг нийт 550 шахам ортой, жилдээ 15
орчим мянган хүнийг хэвтүүлэн эмчлүүлдгийн талаас илүү хувь нь энгийн
иргэд байдаг. Харин эдгээр эмнэлгүүдийг нэгтгэснээр наад зах нь 50
тэрбум төгрөгийн эмнэлгийн тоног төхөөрөмжийн зардал хэмнэгдэх тооцоо
гарчээ.

Одоо баригдаж буй эмнэлгийн шинэ цогцолборыг албан
зориулалттай болгож, А корпусын 3-6  давхарт Улсын Ерөнхий прокурорын
газар, бусад давхар болон Б корпусыг бүхэлд нь ХЗЯ, барилгуудын 1-2
дугаар давхруудыг иргэдэд нээлттэй үйлчлэх зориулалтаар ашиглах юм
байна.

А.АМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж