

УБТЗ-аас өдөр гурван удаа төмөр замын сүлжээг ашиглаж хүн тээврийн зориулалт бүхий гурван цаг буюу цонх байгаа талаар Засаг даргад танилцуулжээ. Цонх гэдэг тухайн өдрийн тодорхой цагт ямар нэг төмөр замын хөдөлгөөн байхгүй байх үе. Энэ үеийг ашиглаад төмөр замаар явдаг релейбусыг ашиглах боломжтой аж. Хүн тээврийн энэ хэрэгслийг ОХУ-д үйлдвэрлэдэг. Гурван вогантай. 600 зорчигч суух боломжтой гэнэ.
УБТЗ-ын тээвэр эрхлэсэн орлогч дарга Д.Жигжиднямаагийн тайлбарлаж байгаагаас үзвэл тус компанид ашиглагдаж байгаа галт тэрэг, тоног хэрэгсэл нь алсын хүн, ачаа тээвэрлэхэд зориулагдсан байдаг. Хотын дотор буюу хүн зөөвөрлөх богино эргэлтэд зориулагдаагүй байна. Нийслэл нийтийн тээврийг шийдвэрлэх өөр нэг арга нь төмөр зам гэж үзэж байгаа. Иймийн тулд релейбусыг ОХУ-эхний ээлжинд хоёр сарын хугацаатай туршилтын журмаар явуулах тооцооны эхний хувилбарыг гаргажээ.
Толгойтоос Хонхор өртөө хүртэл уг тээврийн хэрэгслийг явуулна гэж үзэхэд зорчигчдын есөн зогсоол бий болгох хэрэгтэй болжээ. Энэ есөн зогсоолын нэгийг барьж байгуулахад 42-45 сая төгрөг шаардлагатай. Тээврийн хэрэгслээр өдөрт гурван удаа рейс хийж, ажиллах хүч, хоёр сарынх нь түрээсийн төлбөрийг эхний байдлаар тооцоод үзэхэд 720 сая төгрөгийн алдагдал хүлээхээр гарчээ. Хэрэв төмөр зам Эмээлт өртөөнөөс Богд уулын урдуур ядаад холбогдох юм бол одоогийн нийслэлийн дундуур өнгөрч байгаа тээврийн хэрэгсэл нь хүн тээвэрт бүрэн ашиглагдах нөхцөл хангагдвал үүнээс арай өөр тооцоо гарах гэнэ. Хүн тээвэр гэдэг бол манай улсад алдагдалтайд тооцогддог. Харин бусад улс орны хувьд ашигтай салбарт тооцогддог байна.