Дээр дурдсанчлан ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг дээрх хоёр эмнэлэг нийт 550 шахам ортой, жилдээ 15 орчим мянган хүнийг хэвтүүлэн эмчлүүлдгийн талаас илүү хувь нь энгийн иргэд байдаг. Харин эдгээр эмнэлгүүдийг нэгтгэснээр наад зах нь 50 тэрбум төгрөгийн эмнэлгийн тоног төхөөрөмжийн зардал хэмнэгдэх тооцоо гарчээ.
Одоо баригдаж буй эмнэлгийн шинэ цогцолборыг албан зориулалттай болгож, А корпусын 3-6 давхарт Улсын Ерөнхий прокурорын газар, бусад давхар болон Б корпусыг бүхэлд нь ХЗЯ, барилгуудын 1-2 дугаар давхруудыг иргэдэд нээлттэй үйлчлэх зориулалтаар ашиглах юм байна.
Мөн энэ удаагийн хуралдаанаар бас нэг чухал асуудал хэлэлцсэн нь Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогын хэрэгжилт. Хэдийгээр бүр 2010 онд төрөөс баримтлах бодлогыг батлан гаргасан нь ч одоогоор I шатны ажил нь ч хэрэгжиж эхлээгүй хүлээлтийн байдалд байгаа. Төмөр замын I буюу Даланзадгад-Тавантолгой-Сайншанд-Баруун-Урт-Хөөт-Чойбалсан чиглэлийн буюу Саншандад босох учиртай аж үйлдвэрийн паркийг дэмжихэд чиглэсэн 1100 км төмөр зам барих санхүүжилтийг ирэх жилийн улсын төсөвт суулгаагүй. Харин Хөгжлийн банкнаас 1,55 тэрбум ам.долларын санхүүжилт гаргах арга замаар ажлыг нь эхлүүлнэ гэж төлөвлөсөн. Гэхдээ яг энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэхээр хүлээгдэж байгаа талаар бид мэдээлсэн. Тэгвэл өнөөдрийн хуралдаанаар асуудлыг үндсэнд нь шийдвэрлэж, Шийдвэрийн хүрээнд нэгдсэн төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрөл олгож, төслийн санхүүжилтийг төрийн өмч давамгайлсан байдлаар гадаад, дотоодын хөрөнгө оруулагчидтай хамтран зохион байгуулах үүргийг “Монголын төмөр зам” ТӨХК-д хүлээлгэсэн байна.