Өмнөд Африкийн шигшээ

Хуучирсан мэдээ: 2010.05.19-нд нийтлэгдсэн

Өмнөд Африкийн шигшээ

Өмнөд Африкийн шигшээ

Хөлбөмбөгийн холбоо байгуулагдсан он:
1991

Холбооны ерөнхийлөгч: Кирстэн Нэматандани
ОУХБХ-д элссэн он: 1992
Ерөнхий дасгалжуулагч: Карлос Албэрто Пэррэйра (Бразил)
Багийн ахлагч: Аарон Мокуна
Шигшээдээ олон тоглосон: Аарон Мокуна-94
Олон гоол оруулсан: Бэнни МакКарти-32
Одоогийн чансаа: 85
Хамгийн өндөр чансаа: 16 (1996 он)
Анхны тоглолт: Аргентин 0-1 ӨАБНУ (1906 он)
Хол зөрүүтэй ялалт: Австрали 0-8 ӨАБНУ (1955 он)
Хол зөрүүтэй хожигдол: Австрали 5-1 ӨАБНУ (1947 он)
Хоч: Бафана-Бафана (хөвгүүд)
Амжилт: 1996 оны Африкийн аварга, 1998 оны мөнгөн медальтай.
Түлхүүр тоглогч: Стивэн Пинаар

Арьс өнгөөр ялгаварлах үзлээс болж ОУХБХ (Олон Улсын Хөлбөмбөгийн Холбоо) болон Африкийн хөлбөмбөгийн холбооноос хасагдаад байсан ӨАБНУ-ын шигшээ 1991 онд өөрийн Хөлбөмбөгийн холбоогоо шинэчлэн байгуулж, дараа жил нь дэлхийд данстай болжээ. 1994 оны Дэлхийн аваргын урьдчилсан  тоглолтонд анх удаа оролцож, аргагүй туршлага дутсан бол 1996 онд Тивийн аваргад анх удаа оролцож түрүүлснээр шуугиан тарив. Африкийн хөлбөмбөгт үргэлж сюрприз болдгийн нэг жишээ энэ юм. Гэнэт цоорсон амжилтаараа ОУХБХ-ны 1996 оны 8 сарын чансаагаар 16-д бичигдэн суга дээшлэв. 1994 онд “будааны хүүхдүүд” байсан бол 1998 онд “хатуу самар” болжээ. Дэлхийн аваргад оролцох эрхээ ядах юмгүй авлаа. Дани, Саудын Арабтай тэнцсэнээр 2 оноотойгоор анхны Дэлхийн цомоо дуусгажээ. Тамирчдын нь ур чадвар ч өсч, Европын лигүүдэд тоглож, улс орноос нь хөлбөмбөгтөө хөрөнгө мөнгө ихээр хаяснаар 2002 оны Дэлхийн аваргатай золгожээ. Сугалаа ч боломжийн татаж “мөнхийн азгүй” Испаниар толгойлуулсан Парагвай, Словентэй нэг хэсэгт орлоо. Нээлтийн тоглолтондоо Парагвайтай эцсийн мөчид тэнцэж, Словенийг Номвэтэгийн мөргөх гээд гүйж байгаад буруу тооцоолсны улмаас өвдгөнд нь ойж орсон гоолоор гол гаргаж, хэсгээсээ бараг л гардгийн даваан дээр хаалгач Арэндсэ уучилж боломгүй 2 алдаа гаргаснаар Испанид 3-2- оор хожигдон хэсэгтээ үлджээ. Гэхдээ хэсгээсээ гараагүй багуудаас хамгийн өндөр амжилтыг гаргасан юм. Харин 2006 онд тивээсээ ч гарч чадсангүй. Дэлхийн хамгийн том наадмыг зурагтаар үзжээ. 2010 онд Бафана-Бафаначууд нутагтаа Хөлбөмбөг хэмээх дэлхийн хүн амын 5/6-ыг нь урвуулж чадсан “шашин”-ы хамгийн том наадмыг хүлээн авах болсон нь Африк тивийн хувьд анхных юм. Зохион байгуулах давуу эрхийн дагуу том шалгуур болсон урьдчилсан тоглолт хийгээгүй цорын ганц баг. Дэлхийн аваргын өмнө зохион байгуулагч улсад болдог тив, дэлхийн аваргууд оролцдог Холбоодын цом тэмцээнд амжилттай оролцож 4-р байр эзэлснээр чансаагаа харуулсан. Бразил, Испаний үндсэн багтай гайхалтай тоглолтыг хийж, Испаничуудад нэмэлт цагт хожигдсон. Сүүлийн жилүүдэд шигшээ багтаа итгэх итгэл нь багассан үзэгчиддээ гэнэтийн амжилтаараа дахин сюрприк барьсан юм. Одоо Бразилийн алдарт дасгалжуулагч Карлос Албэрто Паррэйра энэ багийн ерөнхий дасгалжуулагчаар ажиллаж байна. Багийн тоглолт ерөнхийдөө хурд, стандарт буюу чөлөөт цохилтууд дээр суурилдаг. Тамирчдын хувийн ур чадвар сул ч багийн тоглолт сайн. Хамгаалалтанд Аарон Мокуна, Гакса, Маслэла нар, талбайн төв хэсэгт Пинаараар толгойлуулсан Модизэ, Дикгакой, Сибаяа нар довтолгоонд 2 сонголт ихэвчлэн байдаг ч МакКарти, Паркэр, Мфэла гэсэн гурвалтай. 4-4-2, 4-5-1, 3-5-2 гэсэн хувилбаруудаар нөхөрсөг тоглолтуудад тоглож байсан.

Стивэн Пинаар

Өмнөд Африкийн шигшээ болон Английн Эвэртон клубийн хагас хамгаалагч Стивэн Жэром Пинаар 1982 оны 3-р сарын 17-д Иоханэсбург хотноо аав, ээжийн 4 дэх хүүхэд болон мэндэлжээ. Африк тивийн хамгийн том боомт хот Кэйптауны Аякс клубийн хүүхдийн багт тоглож, мэргэжлийн хөлбөмбөгч болох эхлэлээ тавьсан. 19-тэйдөө Европыг зорьж өөр нэг Аякст ирлээ. Аяксийн довтолгоонд Эндиван дэр Мэидэ, Ибрахимович нартай тоглодог байв. Эрэдивизид 2006 он хүртэл тоглохдоо хоёр ч удаа Лигийн аварга цолыг хүртэж, 94 тоглолтонд 15 гоол хийгээд буурь сэлгэв. Түүний дараагийн баг нь Германы Борусси Дортмунд. Багийн гол найруулагч Росицки нь Арсэнал руу явж түүнийг орлуулахаар Пинаарыг авчирснаар мань хүнд том үүрэг ноогдуулсан. Пинаар зүүн, баруун жигүүрийн хагас хамгаалагчаар тоглодог бөгөөд стандарт цохилтуудыг маш сайн гүйцэтгэдэг. Удалгүй Пинаарыг Эвэртонд “зээлүүлсэн” ч Английн клуб гуйсаар байгаад 2 сая фунтаар өөрийн болгожээ. Одоогоор Пинаар Эвэртоны салшгүй нэг хэсэг болж, түүний дамжуулалт багийн довтолгооны гол хөзөр болсоор байна. Шигшээ багийн хувьд залуугаасаа л тоглох болж, 2002 оны Дэлхийн аваргад багийн хамгийн залуу тоглогчоор Азийг зорьсон гэдэг. Энэ жил эх нутагтаа болох Дэлхийн аваргад шигшээ багаа өндөр амжилт үзүүлнэ гэдэгт хөгжөөн дэмжигчид нь итгэлтэй байгаа бөгөөд ялангуяа Стивэн Пинаарт итгэл хүлээлгэж байна.

С.Батзаяа

Зохиогчийн эрх: “Үндэстний тойм” сэтгүүл №1.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж