
Гашуун шорвог үгтэй, хэрүүлч заргачаараа алдартай Ц.Нямдорж гишүүн Чингис хааны төрсөн өдрөөс болж Р.Гончигдорж гишүүнд хөөрхөн мадлуулав. Чингис хааны төрсөн өдрийг хүндэтгэн тэмдэглэх тухай асуудал УИХ дээр ч багагүй маргаан дэгдээж, эдүгээ зарим нэг эрдэмтэн судлаачид ч Чингис хааныг арваннэгдүгээр сарын 14-нд төрсөн гэж үзэх ёсгүй гэсэн маргаан дэгдээгээд байгаа. Эл асуудлыг хэлэлцэх үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Ц.Нямдорж “Би хоёр ном уншсан. Миний уншсан номоор бол…” гэж ирээд л нухацтай нь аргагүй ярих гэтэл цаанаас Р.Гончигдорж гишүүн “Хоёр ном уншсан хүн ингэж ярих нь ч аргагүй л дээ” гэж гутааж орхив. Нээрээ ч үүнийг сонссон хүмүүс “Хоёр ном уншсан байх даа яахав дээ” гэлцэн жуумалзаж байна. Нэг талаасаа түүхийн сэдвээр хоёрхон хоёрхон ном уншсан хүн ингэж цэцэрхээд байхдаа ч яахав гэмээр. Нөгөө талаасаа манай Ц.Нямдорж шударга хүн болохоороо хоёр ном уншсан гэдгээ тоо баримттайгаар нь хэлчихлээ хэмээн өмөөрч байна. Хуулийн ном, за тэгээд хуулийн төсөл тэргүүтнийг бол хэдэн номын санд тооцохоор олныг уншсан л байлгүй яахав, манай эрхэм хуульч.
Тэгсэн чинь ингэхэд Ц.Нямдорж гишүүн түүхийн ямар хоёр ном уншсан юм бол? гэсэн сониуч асуулт гарч ирж байна. Нэг нь Монгол хүн болгоны уншсан байх ёстой Монголын нууц товчоо байж таарах биз. Харин нөгөө нь … Соргодогийн Жаргалсайханы “Чингис хааны нууц түүх” ч юм уу Жу Яо Тин-ий Чингис хааны түүхэн романыг уншчихаад л маргашгүй түүхэн үнэн гэж итгэчихээд явж байгаа юм биш биз дээ. “Чингис хааны нууц түүх” дээр л гэхэд Бөртэ хатныг дур тавихдаа ухаан алдаж унадаг хэсэг байдаг. Арай мань гишүүн уран сайханчилсан түүхэн романуудад хоёргүй сэтгэлээрээ итгэчихсэн яваа юм биш биз.
Б.ТУЛГА