Ерөнхий сайдыг намынхан нь дэмжсэнгүй

Хуучирсан мэдээ: 2012.11.03-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайдыг намынхан нь дэмжсэнгүй

Британийн парламентын Доод танхим ерөнхий сайдын Европын холбооны төсвийн төслийн талаарх саналыг буцаав. Депутатууд тэдний тоонд консерваторууд  зарлагаа хасахыг шаарджээ. Европын холбооны урт хугацааны төслийн талаар парламентад хэлэлцэх үеэр ерөнхий сайд ийнхүү ялагдал хүлээв. Сөрөг хүчин мөн эрх баригч намын депутатууд Их Британийн ерөнхий сайд Дэвид Кэмероноос хэмнэлтийн хатуу бодлого барин зарлагаа бууруулахыг шаардсан байна.

Депутатууд аравдугаар сарын 31-ний орой зохих тогтоолыг гаргасан бөгөөд  энэ нь заавал биелүүлэх  ёстой биш зөвлөх чанартай ажээ. Гэхдээ ерөнхий сайдын намын “босогчид” Кэмероны байр суурийг сулруулна гэж шинжээчид дүгнэсэн байна.

Европын холбооны 2014-2020 оны төсвийн төслийг арваннэгдүгээр сарын 22-нд эхлэх тусгай саммитаар авч хэлэлцэх юм. Британийн ерөнхий сайд зарлагын хасалтыг инфляцийн төвшинтэй уялдуулах санал дэвшүүлсэн боловч сөрөг хүчний лейбористууд мөн консерватив намын хэсэг депутатууд тэр арга хэмжээг хангалтгүй гэж үзэн зарлагаа бууруулахыг Кэмероноос шаардсан юм.

Брюссель дэх дипломат эх сурвалжийн мэдээлснээр Еврокомиссийн бэлтгэсэн төсвийн төсөл нь долоон жилийн турш нэмэгдэхээр хийгджээ. Үүнийг Франц, Их Британи, Герман, Швед эсэргүүцэж байгаа бөгөөд тэд санал болгосон төсөлд наад зах нь 100 тэрбум еврогийн хэмэлт хийх хэрэгтэй гэж шаардаж байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж