Туркт хоригдлууд өлсгөлөн зарлажээ

Хуучирсан мэдээ: 2012.11.03-нд нийтлэгдсэн

Туркт хоригдлууд өлсгөлөн зарлажээ

Туркийн Засгийн газраас тус улсын 67 шоронгийн 682 хоригдол өлсгөлөн зарлаад сар гаруй болж байгаа тухай өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 2-нд мэдэгджээ. Гэхдээ эдгээр хоригдлуудын биеийн байдлын талаарх албаны хүмүүсийн мэдээллүүд хоорондоо зөрчилдөөнтэй байгаа аж. Туркийн бүгд найрамдах намын гишүүн, эмч, хуульч Аютуг Атисигийн мэдээлснээр эдгээр хоригдлууд удаан хугацаанд өлсгөлөн зарласнаас болж тархины үйл ажиллагаа удааширч, өлбөрөх аюулд хүрээд байгаа юм байна. Мөн хоригдлууд шулуун гэдэс болон хамраараа цус алдаж байгаа бөгөөд тэдний байдал үнэхээр аюултай байгаа гэнэ.

Харин Хууль зүйн сайд “Өлсгөлөн зарласан хоригдлуудын биеийг Засгийн газрын эмч нар өдөр болгон шалгаж, хоригдлуудыг тогтмол давс, зөгийн бал, лимон сахар, витаминуудаар хооллож байгаа” гэж мэдэгджээ. Мөн тэрээр хоригдлууд дундаас нэг хүн хамгийн их буюу 8 кг жин алдаад байгаа гэсэн байна. Үүнээс өмнө Ерөнхий сайд Режеп Тайип Эрдоган өнгөрсөн лхагва гарит Германы нийслэл Берлин хотод айлчилж байх үедээ сэтгүүлчдэд хандан “Хоригдлууд өлсгөлөн зарлаагүй, энэ бол шоу.” хэмээн  мэдэгдээд байсан юм.  Энэхүү өлсгөлөн зарласан хоригдлуудын ихэнхи нь курдууд  бөгөөд тэд Туркийн Засгийн газраас Курдын ажилчдын намын тэмцэгчдийн эсрэг хэрэгжүүлж буй халдлага, дайралтаас болж тэмцэгчдийн байдал өдрөөс өдөрт муудаж байгааг эсэргүүцэн ийнхүү өлсгөлөн зарлажээ.  Курдын ажилчны нам курдууд голчлон суудаг Туркийн зүүн өмнөд хэсгийн тусгаар тогтнолыг  шаардан 1984 оноос хойш Засгийн газартай тэмцэлдэж байгаа юм. Энэ тэмцлийн явцад нийтдээ хоёр талаас 40 мянга гаруй хүн амь үрэгджээ.

Б.Анхтуяа
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж