Шалгаруулалтад:
- Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй, сурлагын голч дүн 3.25 ба түүнээс дээш байх
- Мэргэжлээрээ хоёроос доошгүй жил ажилласан байх
- Судалгаа, шинжилгээний ажлын туршлагатай
- Тухайн сургуулийн гадаад хэлний шаардлагыг бүрэн хангасан
- Гадаадын нэр хүндтэй сургуульд шууд элссэн, сургуулийн урилгатай бол шаардлага хангах юм байна.
Хэрхэн бүртгүүлэх вэ?
Засгийн газрын санхүүжилтээр гадаадад суралцах хүсэлтэй залуус арваннэгдүгээр сарын 8-21-нд 09.00-16.00 цагийн хооронд МУИС-ийн нэгдүгээр байрны 202 тоотод бүртгүүлэх юм. Ингэхдээ:
- Өргөдөл /маягтыг татаж авах/ http://www.mecs.gov.mn/director-content-86-318.mw
- Тухайн сургуулийн элсүүлэхээр болсон тухай албан захидал. Санхүүжилтэд хамрагдах сургуулиудыг дараах холбоосоор харах http://www.topuniversities.com/university-rankings/world-university-rankings
- Судалгааны ажлын товч реферат (2000-аас илүүгүй үгэнд багтаан бичсэн байх бөгөөд судалгаа хийж буй чиглэл, эзэмшсэн арга зүй, хүрсэн гол үр дүнгээ илэрхийлсэн байна)
- Докторантурт суралцах хүмүүс эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалт (сурталчилгааны чанартай бүтээл хамаарахгүй)
- Ажил байдлын тодорхойлолт (Хамгийн сүүлд ажиллаж байсан байгууллага, судалгаа шинжилгээний ажлыг нь сайн мэдэх эрдэмтнээс ажиллаж байсан болон цаашид суралцах бэлтгэл, туршлага, зан төлөвийн онцлогийг нь тодорхойлсон тодорхойлолт, захидлыг битүүмжлэн ирүүлнэ. Тодорхойлолт өгсөн хүний хаяг, утас тодорхой байх шаардлагатай)
- Бакалавр, магистр /докторын сургалтад хамрагдах хүсэлтэй шалгуулагчдад хамаарна/-ын диплом, дүнгийн жагсаалтын нотариатаар баталгаажуулсан хуулбар
- Гадаадын их сургуулийн шаардлага хангасан оноо бүхий хэлний мэдлэгийн түвшин тогтоох шалгалт өгсөн тухай баримтын (TOEFL, IELTS гэх мэт) нотариатаар баталгаажуулсан хуулбарыг бүрдүүлсэн байх гэнэ.
- Шалгалтын хураамж 35000 төгрөг бөгөөд материал дутуу, шаардлага хангахгүй иргэнийг бүртгэхгүй ажээ.
Шалгаруулалтын тухайд
Шалгаруулалтыг их, дээд сургууль, эрдэм шинжилгээний болон мэргэжлийн байгууллагын төлөөллөөс бүрдсэн шалгалтын комисс авах бөгөөд энэ нь зөвхөн ярилцлага хэлбэрээр явагдах гэнэ. Энэ үеэр шалгуулагчийн өндөр хөгжилтэй орнуудын их сургуулиудад магистантур, докторантурт суралцах бэлтгэл хангагдсан эсэхийг лавлах, мэргэжлийн ерөнхий мэдлэгийн болон судалгааны ажлын туршлагад үнэлэлт дүгнэлт өгөх юм байна.
Ийнхүү Сургалтын төрийн сангийн зээлд 60-аас дээш оноо авсан оюутан, залуусыг онооны дарааллаар жагсаан хамгийн өндөр оноотой 13 хүнийг эхний ээлжинд шалгаруулах гэнэ. Дараа нь дипломын голч дүн, эрдэм, шинжилгээний бүтээлийн тоо, чанарыг харгалзан үзэж, эцсийн байдлаар шалгаруулах тухай албаныхан мэдээлж байна.
Шалгаруулалт ойртож буй энэ үед гадаадад Засгийн Газрын санхүүжилтээр суралцах хүсэлтэй иргэдээс багагүй асуулт ирсэн юм. Тиймээс асуултанд зохих хариултыг авахаар Боловсрол, шинжлэх ухааны яамнаас тодрууллаа.
-Энд зааснаас бусад гадаадын сургуульд сурдаг бол зээлд хамрагдаж болох уу?
-Гадаадын нэртэй сургуулиудад суралцах төлбөрийг санхүүжүүлж байгаа учир зөвхөн дээрх сайтанд дурдсан сургууль хамаарна.
-Зээл гэх учир нь юу юм. Суралцаад зээлээ тэгвэл хэрхэн төлөх вэ?
-Гадаадын сургуульд сурч ирээд Монголдоо доод тал нь таван жил ажиллах ёстой. Энэ нь заавал төрийн байгууллагад ажиллана гэхгүй. Гэхдээ энэ талаар, зээлийн эргэн төлөлт, хөнгөлөлт, чөлөөлөх тухай нарийн журмыг шинэчлэн боловсруулж байгаа.
-Одоо гадаадад суралцаж байгаа бол яаж зээлд хамрагдах вэ?
-Үүнд гадаадад суралцаж байгаа оюутан залуус хамрагдаж болох ба шалгаруулалтад заавал биечлэн оролцох шаардлагагүйгээр онлайнаар ярилцлагаа өгч боломжтой.
-Ярилцлагын дүнг хэзээ мэдээллэх вэ?
-2012 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 18.00 цагт мэдэгдэх болно.
Ийнхүү Төрөөс санхүүжүүлж гадаадын сургуульд мэргэжилтэн бэлтгэх олон нөөц боломж байдаг бөгөөд иргэд энэ талаарх мэдээлэл дутуу байдгаас энэ талаар сонирхож байгаа хүмүүс орхигдоод үлддэг юм. Эсвэл аливаа сургалтын тэтгэлэг, хөнгөлөлттэй зээлээр тийм ийм хүмүүс явлаа гэж болсон хойно нь мэдээллээд байна гэсэн шүүмжлэл иргэдийн дунд их байдаг. Тэгвэл гадны орнуудаар Засгийн Газрын шугамаар суралцах талаар судалж байгаа иргэд энэ мэдээлэлтэй танилцаад илүү дэлгэрэнгүй асуух зүйл байвал Боловсрол, шинжлэх ухааны яамны “1209” хандаж болох юм байна.