Завгүй өдрийн төгсгөлд

Хуучирсан мэдээ: 2012.11.02-нд нийтлэгдсэн

Завгүй өдрийн төгсгөлд

Ажлын сүүлийн өдөр, NEWS.mn сайтын таван жилийн ойн баярын энэ өдөр улс төр, нийгэм, эдийн засгийн салбарт үйл явдал өрнүүн, хүн бүрийн хувьд “завгүй” өдөр байлаа. Ингээд News.mn сайт өнөөдрийн үйл явдлын хураангуйг тоймлон байна.
УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх парламентын гишүүнээс татгалзах хүсэлтээ УИХ-ын даргад өгсөн нь өнөөдрийн сенсаац байлаа. УИХ-ын гишүүний бүрэн эрхээс татгалзах хүсэлтдээ тэрээр эрүүл мэндийн шалтгаанаар хэмээн тайлбарлажээ. Гэргийнх нь  бие чилээрхүү байгаа тул төрийн түшээгээс ийн татгалзсан гэх. УИХ-ын сонгуульд МАН-ын нэрсийн жагсаалтаар сонгогдсон түүний оронд МАН-ын нарийн бичгийн дарга Д.Сарангэрэл УИХ-ын тангараг өргөх болж байна. Энэ асуудлыг ирэх долоо хоногт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэнэ.

Ийн олон нийт У.Хүрэлсүх гишүүний асуудалд анхаарлаа хандуулж суух зуур ойрын хугацаанд шатахууны үнэ нэмэгдэх мэдээ чих дэлслээ. Эрчим хүч, газрын тосны асуудалд ОХУ-аас шууд хамааралтай Монгол Улсын хувьд хойд хөрш манайд нийлүүлж буй шатахууны үнээ энэ сард дахин нэмэгдүүлж, тонн тутамд нь 49 ам.доллараар нэмсэн. Энэ учир шалтгаанаар Монголд шатахууны үнэ өснө гэх хардлага бий боллоо. Шатахуун импортлогч компаниудаас НИК-ийн гүйцэтгэх захирал ойрын өдрүүдэд шатахууны үнэ литр тутамдаа 200-230 төгрөгөөр нэмэгдэнэ гэдгийг хүлээн зөвшөөрөөд байгаа. Харин Уул уурхайн яамнаас “Үнэ нэмэгдэхгүй” хэмээж байна. Салбарын сайд Д.Ганхуягийн тайлбараар бол Монгол Улс “Роснефть”-иэс 85 хувийн хамааралтай байгаа. “Роснефть” нь техникийн шинэчлэл хийж байгаатай холбоотойгоор нефтийн бүтээгдэхүүний олборлолт нь багассан, энэ нь нийлүүлэлт талд хомсдол үүсгэж болзошгүй. Ер нь Монгол Улс нефтийн бүтээгдэхүүний хувьд гадаадаас аль болох хараат бус болохын тулд дотооддоо нефть боловсруулах үйлдвэр байгуулах шаардлагатай. Нөгөө талаас нефть импортлох сувгаа аль болох олон болгох нь чухал байна” гэсэн юм.

Мөн өнөөдөр НИТХ-ын тэргүүлэгчид хуралдаж, нийслэлийн хог хаягдлын менежментийг сайжруулах хөтөлбөр, нийслэлийн агаарын чанарын сорил, шинжилгээний ажлын үйлчилгээний хөлс хураамжид төлбөр тогтоох тухай, шашны байгууллагуудын үйл ажиллагааны хугацааг сунгах болон хоёр байгууллагын ой тэмдэглэхэд зөвшөөрөл өгөх  зэрэг асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ. 

Энэ өдрийн бас нэг сонин “үзэгдэл” нь буйдантай суулт байлаа. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн сонгуулийн хороо МАХН-аас орон нутгийн сонгуульд нэр дэвшсэн 12 хүнийг МАН-ын гишүүнчлэлээс гараагүй гэсэн шалтгаанаар бүртгэхээс татгалзсаныг эсэргүүцсэн МАХН-ын ахмад гишүүд МАН-ын “хуучин арга”-ыг хэрэглэж, Тусгаар тогтнолын ордны гадна буйдантай суулт хийв.

Улс төр, эдийн засаг, нийгмийн салбарт өрнөсөн дээрх үйл явдлуудыг “чимж”, УДБЭТ-ын тайзнаа өнөөдөр Оросын сор болсон балетчид бүжих гэж байна. Дэлхийд алдартай Оросын балетын урлагийн өнөө цагийг тодорхойлж буй шилдэг гоцлоочид энэ цаг мөчид дуурийн театрын тайзнаа “Оросын балетын одод” нэртэй тоглолтоор Монголын сонгодог урлагт шимтэгсдийн мэлмийг баясгаж буй.

Д.ЖАРГАЛСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж