Ингэхдээ нийслэлийн Чингэлтэй дүүргийн 17 дугаар дунд сургууль, тус дүүргийн 56 дугаар цэцэрлэгийг сонгон үдийн цай, хоол идэх үеэр нь гэнэт зочилсон юм. Биднийг очиход 17 дугаар сургуулийн завсарлагааны цаг арай л болоогүй байв. Бага ангийнхан 10.10 цагаас 10.20 цаг хүртэл 10 минутын завсарлагаанаар “Үдийн цай”-гаа уудаг юм байна.
Сайд болон БШУЯ-ны мэргэжилтнүүд 5б ангид орж хүүхдүүд үдийн цай хэрхэн ууж байгаатай танилцав. 38 хүүхэдтэй энэ ангийнхны хувьд 50 орчим хувь нь өглөө цайгаа уугаагүй ирсэн гэнэ. Өнөөдрийн хувьд “Бенедакт” компанид үйлдвэрлэсэн чацарганы шүүс, Бамбууш компанийн дугуй еэвэн идэх хуваарьтай өдөр. Нийтдээ 400 төгрөгийн өртөг бүхий энэхүү “Үдийн цайгаа” багачууд амтархан идэцгээж байлаа. Хүүхдүүдийн цайг тарааж өгч буй сургуулийн ажилтан энэ үеэр “Уг нь үдийн цайны мөнгийг 1000 төгрөг болгоод нэмэгдүүлчих юм бол хоёр мантуун бууз, нэг аяга сүүтэй цай уугаад байх боломжтой. Ийм санал эцэг, эхээс их ирдэг” гэж байлаа. Өмнө нь тараг, сүү мэтийн цагаан идээ өгдөг байсан ч энэ төрлийн үйлдвэрлэл явуулдаг компаниудын бүтээгдэхүүнийн үнэ өсссөн учраас худалдан авч дийлэхгүй байгаа. Он гараад “Үдийн цай”-ны мөнгө 200 төгрөгөөр нэмэгдэх юм бол хоолны чанар, илчлэгийг нэмэгдүүлэх тал даар анхаарч ажиллана гэдгээ сургуулийн захирал хэлж байлаа.
“Үдийн цай”-ны мөнгө он гараад нэмэгдэх гэж байгаа талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Л.Гантөмөр сайдаас тодруулга авсан юм.
Сайд “Одоо хүүхдүүд 400 төгрөгөөр үдийн цай ууж байгаа нь хоол хүнсээр дамжуулан өдөрт авах ёстой амин дэмээ авах боломжгүй байгаа. Энэ мөнгө ирэх оны нэгдүгээр сарын 1-ээс 600 төгрөг болж нэмэгдэнэ. Хэрвээ үдийн цай хөтөлбөрийн дунд явагдаад байгаа бизнесийг багасгах юм бол энэ мөнгөөр хүүхдүүд өдөрт авах калорийнхоо 75 хувийг зөвхөн “Үдийн цай”-гаараа авах боломж байна гэсэн судалгаа гарсан. Тэр судалгааны дагуу бид хүүхдэд хэрэгцээтэй, шим тэжээлтэй хүнсийг 600 төгрөгт хэрхэн авч болох вэ гэдэг хөтөлбөрийг хийх гэж байна. Сургуулийн захирлуудад даатгаад, эсвэл зах зээлд нь хариуцлаад үлдээмгүй байна. Өнөөдөр нэг сургууль дээр өдөрт 1000 орчим хүүхэд “Үдийн цай”-нд хамрагдаж байгаа нь бүтээгдэхүүний үнийг огцом доошоо буулгаж ирэх боломж харагдаж байна. Бид арванхоёрдугаар сардаа багтаагаад “Хүнсний яармаг” зохион байгуулна. Яармагийн үеэр 600 төгрөгөөр хүүхэд бүрэн цадах “Үдийн цай” бэлтгэж болгох асуудлыг хөндөж, сайн шийдэл гаргаж чадна гэдэгт итгэлтэй байгаа юм. 400 төгрөг хүрэлцэхгүй байна гэдэг асуудал маш их яригдсан. Одоо 50 хувь нэмэгдүүлж байгаатай холбоотой зөвхөн мөнгийг 50 хувь нэмээд сургуулиудад даатгаад үлдээхээс илүү үүнийг зөв зохион байгуулалтад оруулах хэрэгтэй юм байна гэж бодож байгаа. Тэгэхгүй бол сургуулийн захирлууд аль нэг компанатай гэрээ хийдэг. Гэрээний дагуу бүтээгдэхүүнээ аваад ирдэг. Тэндээс нь хүүхэд хордоход хариуцлага хүлээх хүн олддоггүй. Тиймээс нэгдсэн байдлаар зохион байгуулах нь зөв гэж харж байгаа. Оны өмнө зохион байгуулагдах “Хүнсний яармаг”-аас шалгарсан компанийн бүтээгдэхүүнийг эцэг, эхийн зөвлөлөөр хэлэлцүүлж, хөндлөнгийн хяналтыг бий болгох хэрэгтэй. Манай эцэг, эхчүүд “Үдийн цай”-г төр зохион байгуулж байгаа гэдэг байдлаар хөндий хандаад байгаа. Үнэндээ ард түмний мөнгөөр л үүнийг авч байгаа. Тиймээс өөрсдөө “Үдийн цай”-ны мөнгийг төлж байгаа гэдэг сэтгэхүйгээр асуудалд хандаасай. Эцэг, эхийн зөвлөлийн хяналт байх юм бол хордлого харьцангуй бага гарах болов уу гэж бодож байгаа.
Ер нь цаашдаа хоолны хордлого гарсан тохиолдолд захирлыг ажлаас нь чөлөөлдөг систем рүү шилжинэ. Хувийн сургууль ч бай, улсын сургууль ч бай тухайн сургуулийг удирдаад хоол хангамжийг зохион байгуулж байгаа хүн нь ямар нэгэн байдлаар хүүхэд хордож гэмтэх тохиолдол гарах юм бол өөр хэн нэгний хариуцлага ярилгүйгээр шууд ажлаа өгдөг систем рүү шилжих шаардлагатай болжээ” гэсэн юм.
Үүний дараа улсын тэргүүний 56 дугаар цэцэрлэгээр орж мөн л хоол хүнсний байдалтай танилцав. Цэцэрлэгийн хүүхдийн өдрийн хоолны мөнгө 1100 төгрөг байснаа сая аравдугаар сарын 1-ээс 1650 төгрөг болж нэмэгдсэн. Энэ мөнгөөр илчлэг чанар сайтай хоол хэрхэн хийж болох талаар Тогооч нарын холбооны мастер тогооч Д.Буяндэлгэр тус цэцэрлэгийн тогооч нарт бяцхан сургалт явуулж, хоол хийж үзүүлсэн юм. Тогооч Д.Буяндэлгэр энэ үеэр өндөг хүүхдийн хоол хүнсэнд байх ёстой шим, тэжээлтэй бүтээгдэхүүн боловч манайхан хордлого болно гээд бараг хэрэглэдэггүй. Уг нь өндөг тийм ч амархан муудаад байдаггүй. Хамгийн гол нь манайхан өндөгний гадна талыг угааж заншаагүйгээс хальсанд наалдсан нян вирус нь хорлого өгөх шалтгаан болоод байдаг. Өндөгний хальсан дээр 3000 гаруй бичил биетэн, нян байдаг учраас угааж хэрэглэхийг онцгойлж зөвлөсөн юм.
Мастер тогооч энэ өдөр цагаан будааны шүүс, улаан лоолийн чихмэлийг өглөөний цайнд, лоолийн зутан, татсан мах байцааны ороомгийг өдрийн хоолонд, оройн хоолонд чангаазаар амталсан аарцны амттан бэлтгэж үзүүллээ. Өнгө үзэмж, амт чанар сайтай эдгээр хоол нь 1650 төгрөгт багтаж байгаа ч мэргэжлийн тогооч дахиад нэг амттан үгүйлэгдэж байна. Ийм амттан авах мөнгийг эцэг эх хүүхдийнхээ төлөө гаргах л хэрэгтэй гэж байлаа.