БЗД тохижилтоороо жишиг дүүрэг болно

Хуучирсан мэдээ: 2012.11.02-нд нийтлэгдсэн

БЗД тохижилтоороо жишиг дүүрэг болно

Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны 4 дүгээр байрны өмнө хүүхэд хөгшид амрахад зориулсан томоохон талбайн тохижилтын ажил ид өрнөж байна. Барилга, гарааш барих гэж байсан уг газрыг чөлөөлж улмаар дүүргээс нь 250 сая төгрөг гарган тохижуулж өгч байна. Ингэхдээ сүүдрэвч, тоглоомын талбай, сагсан бөмбөгийн талбай, усан оргилуур зэргийг иж бүрнээр багтааж, хүүхэд тоглох талбайн хэсгийг л гэхэд резинэн хавтангаар бүрж байв.

Энэ хавтанг дотоодын компаниуд хаягдал дугуй дахин боловсруулж хийдэг бөгөөд өмнөд хөршөөс авснаас 20-30 хувь хямд, чанартай гэж дүүргийн Засаг дарга нь танилцуулж байсан. Ийнхүү тус хороонд амьдардаг 7000 орчим иргэн чөлөөт цагаа өнгөрөөж, амарч тухлах газартай болж байгаадаа баяртай байна. Ер нь тус дүүрэгт энэ жил 40 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил хийгдэж байна. Тухайлбал , арслан шүтээн, нохой савдагтай хэмээгддэг Баянзүрх дүүргийн өндөрлөгийг Чулуун-Овоон дээр байгуулж байна. Уг бэлгэдлийг бодож өндөрлөгийн оройд гантиг чулуун арсланг байрлуулж, баруун урд болон хойд талаас нь асар, басар нохойгоор “мануулах” гэнэ. Газраас 28 м өндөрт байх арслангийн хөшөө бүхий өндөрлөгийг байгуулах ажилд нийслэлээс 300 сая, орон нутгийн хөрөнгөөс 450 сая төгрөг зарцуулжээ. Дүүрэг бүрийн тохижилтын ажилд зориулан нийслэлээс олгосон нэг тэрбум төгрөгийн үлдсэн мөнгөөр сургууль, цэцэрлэгүүдийн тохижилт болон “Хашаа 3” арга хэмжээгээр чөлөөлөгдсөн газруудыг тохижуулахад зарцуулж байна. Тухайлбал, 115 дугаар цэцэрлэгийн гадна талбайг орчин үеийн шийдлээр тохижуулж, 53 дугаар сургуульд ногоон байгууламж бүхий хөлбөмбөгийн талбай байгуулжээ. Мөн дөрөвдүгээр хороонд сагсан бөмбөгийн талбай шинээр байгуулсан байлаа. Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Баатарзориг Баянзүрх дүүрэгт хийгдэж буй тохижилт, бүтээн байгуулалтын дээрхи ажлуудтай танилцаж явах үеэрээ иргэд рүү чиглэсэн ажлуудад нь сэтгэл дүүрэн байна гэдгээ хэлэв. Баянзүрх тохижилт бүтээн байгуулалтын ажлаараа нийслэлд жишиг дүүрэг болохуйц ажиллаж байгаа гэж үнэллээ.

Эх сурвалж: http://www.ulaanbaatar.mn/
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж