Г.Баяр: Дууны үг бол хураангуйлсан роман

Хуучирсан мэдээ: 2012.11.02-нд нийтлэгдсэн

Г.Баяр: Дууны үг бол хураангуйлсан роман

Монгол Улсын гавьяат жүжигчин Ч.Бат-Эрдэнийн дуулсан “Бурхан залуу нас”, С.Жавхлангийн  “Цагаан Овоо”, дуучин М.Төрмандахын “Ахдаа бичсэн захиа”, Ноён бондгорын “Дүү минь” гээд олон сайхан дууны шүлгийг яруу найрагч Г.Баяр тэрлэсэн юм билээ.
Хүмүүс дууг сайн мэддэг болж,дагаж дуулаад ирэхээрээ дуучныг нь гэхээс зохиогчийг төдийлөн мэддэггүй. Хэлж ирдэггүй зовлон бэрхшээлийг сэтгэлийн хат, агуу тэвчээрээр ялан дийлж яваа авьяас билэгт яруу найрагчтай уулзаж, “Бурхан залуу нас” дууных нь  түүхийг сонирхлоо.

-Энэхүү дуу хэрхэн бүтсэн талаар сонирхуулаач?

-Энэ дууны шүлгийг 2006 онд бичсэн юм. Би хүний залуу насыг их ахархан юм гэж боддог. Намрын сайхан налгар өдрүүд байдаг даа. Тийм нэгэн сайхан өдөр

“Дэрэн дороос үргээд ниссэн

Далиа нуусан тогорууч юм уу” гэдэг хоёр мөр шүлэг миний сэтгэлд орж ирсэн юм. Тэр жилийнхээ намар хөгжмийн зохиолч Ц.Дашзэвэг ахад ая зохиож өгөх санал тавьсан. Би хотод байнга байхгүй, хааяа орж ирдэг. Ихэвчлэн Архангайд байдаг учраас Дашзэвэг ахтай дөрвөн жил холбоо барьж чадаагүй юм. Гэтэл нэг өдөр радио сонсоод сууж байтал нэг л таньдаг дуу явдаг юм байна. Сонсоод байсан чинь шүлэг нь сэтгэлд ойр. Дуу ч дууслаа. Мөн ч их бодсон доо. Гэтэл миний бичсэн шүлэг байдаг байгаа. Тухайн үед Ч.Бат-Эрдэнийн нэр хүнд  өсч байлаа. Их гайхсан. Тэгээд л бүр дөрвөн жилийн өмнө Дашзэвэг ахад өгснөө санасан. Энэ дууг П.Идэржавхлан бас дуулж байгаа. Тухайн үед хөл газарт хүрэхгүй л  баярлаж байлаа. Уулзсан хүн бүртээ “Ч.Бат-Эрдэнийн “Бурхан залуу нас” миний дуу шүү” гэж хэлээд л,  дуугаа утсандаа татаж аваад найз нартаа сонсгоод л.Их баярласан шүү.

-Яруу найрагчид “Дууны шүлэг бичих хэцүү” гэж ярьдаг. Таны хувьд?

-Шүлэг гэдэг утгаараа төрөх шалтгаан нь адилхан л даа. Гэхдээ дууны шүлэг жижигхэн юмаар том санааг илэрхийлдэг болохоор хэцүү. Яруу найрагч Ш.Дулмаа гуайн “Дууны үг бол хураангуйлсан роман” гэж хэлсэн байдаг. Энэ бол үнэн. Дууны үг энгийн боловч үнэн байх ёстой.

-Сайн шүлэг, аялгуу хоёрын нийлэм­жээр сайн дуу төрдөг. Тэр­хүү дууг сайн дуу­чин дуулж, олон түмэнд хүргэдэг. Тэгэхээр дуу бол хам­тын бүтээл юм?

-Дуу гурван жигүүртэй. Гурван биенээ олсон дуу л олонд хүрдэг. Хөгжмийн зохиолч, яруу найрагч, дуучин гээд энэ гурван жигүү­рээс нэг нь дутвал хэцүү л дээ. Миний бодлоор дуу амьтай байх ёстой. Өөрөөр хэлбэл, тэр дууг сонссон хүний сэтгэл ямар нэгэн байдлаар хөдөл­дөг байх ёстой.  Дууны шүлгийг гудамжны үгээр бичиж болохгүй. Дуу бол ариун цагаан зүйл. Тиймээс бүг­дэд сэтгэлийн таашаал өгдөг, уран тансаг үгтэй байх учиртай.


Б.ХАДБААТАР
Эх сурвалж: ӨДРИЙН ШУУДАН сонин


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж