Хүнсний ногооны үнийг тогтворжуулахын тулд зоорь барих аж ахуйн нэгж, хувь хүнд хөнгөлөлттэй зээл олгоно. Ингэхдээ Улаанбаатар хотын ойролцоо эрчимжсэн аж ахуй байгуулахад Засгийн газар хөнгөлөлттэй зээл олгох чиглэлээр дэмжлэг үзүүлнэ, хөрөнгийг 100 орчим тэрбум төгрөг байхаар тооцжээ.
Засгийн газраас хэрэгжүүлж байгаа удаах хөтөлбөрт нефтийн бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах тухай багтжээ. ОХУ нефтийн бүтээгдэхүүнийхээ экспортын татварыг нэмэх бүрийд Монгол Улсад энэ төрлийн бүтээгдэхүүний үнэ өсдөг. Нөгөөтэйгүүр, валютын ханшийн өсөлтөөс шалтгаалж нефтийн бүтээгдэхүүний үнэ өсдөг тул Засгийн газар, Монголбанк хамтарч энэ тал дээр тодорхой хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон. Мөн нефтийн бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэх нь чухал гэж үзсэн. Нөөц бүрдүүлэх замаар нефтийн бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах боломжтой хэмээн тооцжээ. Тиймээс энэ хүрээнд 167 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөжээ.
Энэ чиглэлээр авах хоёр дахь арга хэмжээ нь дотооддоо нефтийн үйлдвэр байгуулахад Засгийн газар анхаарч ажиллана. Өнгөрсөн хугацаанд УИХ, Засгийн газраас нефтийн үйлдвэр байгуулах чиглэлээр нэлээд ажил эхлүүлсэн, түүнд үндэслэж төрийн тодорхой оролцоотой нефтийн үйлдвэр байгуулах нь зөв гэсэн шийдэлд шинэчлэлийн Засгийн газар хүрчээ. Ингэхдээ нэг сая тонноос илүүтэй нефть боловсруулах үйлдвэр байгуулсан цагт эдийн засгийн үр ашиг талаасаа баланс барина гэсэн эрдэмтдийн судалгаа гарсан тул үүнийг барьж ажиллах юм байна.
Тав дахь хөтөлбөр нь Замын-Үүд боомтод төвлөрч байгаа төмөр замын ачаа эргэлтийн хурдыг сайжруулахын тулд “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийг вагон худалдан авахад Засгийн газар дэмжлэг үзүүлэхээр болжээ. Мөн хоёр тал асуудлыг ярилцсаны үндсэн дээр 24 цагийн дотор 9000 тонн ачаа Замын-Үүдээс-Улаанбаатар хотод төмөр замаар тээвэрлэгдэж ирдэг байхаар энэ талын ажил эхлүүлсэн тухай мэдэгдлээ.