Зэсийн үнэд зэллээстэй Монголын төсөв

Хуучирсан мэдээ: 2012.11.02-нд нийтлэгдсэн

Зэсийн үнэд зэллээстэй Монголын төсөв

Хэний багцад хэдийг хуваа­рилах, тойгдож байгаад тойрог­тоо ахиухан хэдийг олчих арга эв сүвэгчилсэн шиг, төрийн хэрэг ар араасаа ундарч байна. Мөнгө гэгч сайхан. Улсын хэтэвч зузаан байвал иргэдийн амьдралын ая тух дэвжиж дээшилж байдаг. Гэвч Монгол Улсын олдог хэд нь хязгаартай болохоор адууныхаа хэрээр исгэрэх зүй тогтол төс­вийн хуулийн хөгжмийг удирдана гэсэн үг.

Ирэх оны Монголын хөгжлийн ерөнхий дүр төрх, бэл бэнчин, хэдийг хаанаас олж хэрхэн юунд зарцуулах нь энэ төсвөөс тодрох учиртай. Хэдэн жилийн өмнөхийг бодвол улсын төсөв том тоогоор яригддаг болсон. Бидний урьд өмнө төдийлөн сонсож байгаагүй, бас амьдралд бараг хэрэглэгдэж байгаагүй төдөн их наяд гэсэн тоогоор илэрхийлэгдэж байна. Саяхан болтол сая гэсэн тоогоор хэмжигддэг байсан төсвийн орлогын ийм хөөрөлт тэлэлт нь уул уурхайн олборлох үйлдвэрлэлтэй шууд холбоотой. Түүнчлэн Монголын нүүрс хил давж, экспортынхоо хэмжээгээр зэсийг гүйцэж түрүүлсэн нь их нөлөөлсөн. Алт, жонш, төмрийн хүдэр гэхчлэн ногоон мөнгийг Монгол руу урсгаж байгаа олборлох үйлдвэрлэлийн бусад салбарууд ч эрчимжиж байна. Хэрэв эдгээрийг нөгөө талаас нь харвал олборлож байгаа болохоос бус боловсруулж байгаа нь үгүй. Нэмүү өртөг шингээгүй түүхий эдийн экспортод дулдуйдсан эдийн засгийн эрчимжилт тийм ч таатай зүйл биш. Бололцоог боломж болгож чадахгүй байгаагийн хамгийн наад захын жишээ нь энэ боловсруулах үйлдвэрийн хоцрогдол юм. Төсвийн ачаалал татвар хураамжаас илүүтэй уул уурхайн салбарт хуваарилагдаж байна. Гэхдээ энэ бол хүсээд байхаар зүйл бас биш. Уул уурхай гэсэн сайн “ах”-ын нөмөр нөөлөг дор эдийн засгийн бусад салбарын хөгжил орхигдох гэм зэмтэй. Өөрөөр хэлбэл бүх зүйл дан ганц ашигт малтмалын олборлолтоос хамаарна гэсэн үг. Эдийн засгийг солонгоруулах тухай их яригддаг нь мөнөөх л хөгжлийг тэтгэх олон хүчин зүйлтэй болох тухай санаа билээ.

Монгол Улсын ирэх жилийн төсөв ч ялгаагүй уламжлал ёсоор уул уурхайн экспортын бүтээгдэхүүний үнээс хамаарч байна. Тэр нь нүүрс, зэс, алт зэрэг болно. Хийж хэрэгжүүлэх бүхнээ тооцоод 2013 онд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 7,088.3 тэрбум төгрөг байхаар тооцсон. Харин зайлшгүй зарцуулах учиртай зарлага нь орлогоосоо давчихсан, 7,449.2 тэрбум төгрөг гэж байгаа. Эндээс харахад төсвийн тэнцэл 360.9 тэрбум төгрөгийн алдагдалтай батлагдах бололтой.

Төсвийн төсөөллөөс харахад ихийг олно гэсэн өөдрөг тэмүүлэл анзаарагдаж байна. Гэвч асуудлын гол нь хаанаас яаж олох тухай. Төлөвлөх хийгээд хэрэгжүүлэх хоёрын хооронд төө илүү зай бий. Бэлээхэн жишээ нь 2012 оны төсвийн орлогын гүйцэтгэл наймдугаар сарын байдлаар тал хувьдаа ч хүрээгүй, 48,2 хувьтай байгаа явдал. Санамсаргүй хийгээд тооцоолоогүй олон хүчин зүйл үүнд нөлөөлсөн байж таарна. Тухайлбал гадаад эдийн засгийн таагүй байдал, Евро бүсийн хямрал, АНУ-ын эдийн засгийн хөрөлт зэрэг нь манай гол зах зээл гэгддэг БНХАУ-ын эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлөв. Үүнээс улбаалан монголын уул уурхайн уламжлалт бүтээгдэхүүний эрэлтийг багасгаж, үнийг хямдруулсан явдал байв. Харин энэ удаад манай голлох экспорт болох зэсийн үнэ ханш, түүний төсөвт нөлөөлөх нөлөөллийг тодруулахыг зоръё.

Учир нь ирэх 2013 онд дангаараа 213.0 тэрбум төгрөгөөс дээш хэмжээний орлого төсөвт төвлөрүүлэх найдвартай эрдэс баялгийн нэг нь зэс байгаа юм.

Энэ жилийн тухайд гэвэл төсвийн орлогын гүйцэтгэлд нөлөөлсөн гол хүчин зүйлийн нэг нь зэсийн үнэ яах аргагаүй мөн. Монгол Улсын 2012 оны Төсвийн тодотголд дэлхийн зах зээл дээрх зэсийн үнийг 7970.0 ам.доллараар тооцож, төсвийн тогтворжуулалтын санг бүрдүүлэхээр тусгасан. Гэтэл 2012 оны эхний найман сарын байдлаар цэвэр зэсийн үнэ дунджаар 7,883.6 ам.доллар болж төлөвлөсөн үнээс доогуур байв. Энэ нь ялимгүй бууралт мэт харагдавч олны олон таван цэнэ гэгчээр Эрдэнэт үйлдвэрээс төвлөрүүлэхээр тооцсон орлого буурах нэг хүчин зүйл болж байгаа билээ. Ирэх жил ийм байдал давтагдахгүй гэх нотолгоо байхгүй. Зэсийн үнийн дэлхийн зах зээлийн ханш савлах магадлал “О”-тэй тэнцэхгүйгээс хойш манай төсвийн орлогын бүрдэл хэсгийн баталгаат байдал мөн ийм хэмжээгээр илэрхийлэгдэнэ гэсэн үг. Гэхдээ бас найдах зүйл бий. Үнийн хэлбэлзийн эрсдлийг бууруулах зорилгоор Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн дагуу 2011 оноос Тогтворжуулалтын санд тодорхой хэмжээний хуримтлалыг бий болгоод байгаа билээ.

Харин ирэх оны төсвийг төсөөллийг боловсруулахдаа бодитой байгаа хүчин зүйлүүдийг бодолцсоны үндсэн дээр 2013 оны төсөвт зэсийн үнийг дунджаар 6328.9 ам.доллар байхаар тооцжээ. Хэдийгээр энэ нь 2012 оны төсөвт тусгаснаас доогуур ч гэлээ гэгээн мөрөөдөл бодит байдал хоёрыг нэлээд тэнцвэржүүлсэн тооцоо шиг анзаарагдаж байна.

2013 оны төсөвт ОУВС-аас гаргасан 2000-2011 оны зэсийн дундаж үнэ, мөн “Bloomberg”-ээс мэдээлсэн зэсийн үнийн 2013-2015 оны төсөөллийг дундажлан Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан “төсвийн орлогыг тэнцвэржүүлсэн журмаар тооцох” тусгай шаардлагыг хангасан байхаар тооцсон гэжээ.

2013 онд уул уурхайн бүтээгдэхүүний олборлолт, борлуулалтаас төвлөрүүлэх нийт орлого 1702.8 тэрбум төгрөг болохоор байна. Энэ жилийн төсөвт шинээр нэмэгдэж буй нэг эх үүсвэр бол Оюутолгой. Тус компани 2013 онд 382.0 мянган тонн зэсийн баяжмал, 424.0 мянган унци алт, 802.0 мянган унци мөнгө олборлож, төсөвт нийт 151.3 тэрбум төгрөгийн татварын орлого түүнчлэн тус ордын Хөрөнгө оруулалтын гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулснаар ирэх онд онд төсөвт 445.8 тэрбум төгрөгийн нэмэлт орлогыг төвлөрүүлнэ гэж байгаа.

Нэг иймэрхүү дүр төрхтэй байна. Ирэх жилийн төсвийн орлогод уул уурхайн салбар ачааны хүндийг үүрэх нь энэ бүхнээс анзаарагдаж байна. Гэвч манай гол экспортлогч орон нь БНХАУ. Эхний хагас жилийн байдлаар нийт экспортын 93,7 хувь нь өмнөд хөршид ногдсон гэсэн статистик байна. Энэ ч бас л нэг хүндрэл болон харагдаж байна. Одоо олон тулгуурт эдийн засгийн хөгжил, глобал зах зээлийн боломжийг Шинэчлэлийн засгийн газарт сануулж байх хэрэгтэй юм байна.

П.БУЛГАН
Эх сурвалж:  ӨДРИЙН ШУУДАН сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж