Хоттой хонийг нь хулгайлжээ

Хуучирсан мэдээ: 2012.11.02-нд нийтлэгдсэн

Хоттой хонийг нь хулгайлжээ

Малчдын хүн бүл муутай, малаа хариулгагүй орхидог зэргээс шалтгаалж малын хулгайн хэрэг буурахгүй, харин ч өссөөр байна.

Энэ оны эхний есөн сарын байдлаар улсын хэмжээнд 998 гэмт хэрэг
гарсныг цагдаагийн байгууллага бүртгэжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй
харьцуулахад 239 хэргээр буюу 31.5 хувиар өссөн байна. Сүүлийн үед малын
хулгайч нар цагаандаа гарч, хоттой хонь, азарга адууг нь тууж, нядалдаг
болсон.

Тухайлбал, Хэрлэн сумын малчин Ч-ын хоттой хонь, чөдөртэй морийг нь
тонуулчид авч зугтсан хэрэг өнгөрсөн сарын 25-26-нд шилжих шөнө гарсан
байна. Уг хэргийг Дорнод аймгийн харьяат Т.Баярбат, Ц.Гүррагчаа,
Ч.Цогбадрах нар хамтран үйлджээ. Тэд “Делика” маркийн 32-47 дугаартай
автомашинд хулгайлсан хонь, адуугаа нядлан ачсан байсан гэдгийг эх
сурвалжууд өгүүлэв.

Цагдаагийн байгууллагынхан “2011-2012-оны нөхцөл байдлаас үзэхэд
айлын малыг хот, хашаа саравчаас нь тууж машинд ачих, зээрчилж нядлах
гэх мэт аргаар төхөөрөн малыг нь хулгайлж байна. Тиймээс иргэд малаа
бүлэг нөхөрлөл байгуулан харж маллах, цагдаагийн байгууллагад гэмт
хэргийн талаар цаг алдалгүй мэдээлж байх, мах бэлтгэн нийлүүлж буй
хүмүүс гарал үүслийн гэрчилгээг зохих журмын дагуу холбогдох
мэргэжилтнээс авах, зүс, им тамгын бүртгэлийг сайтар нягталж, хийж байх
нь энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нэг алхам” гэж ярилаа.

Ч.Мөрөн

Эх сурвалж: http://www.dnews.mn/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж