Төрийн түшээгээс татгалзсан дөрөв дэх хүн

Хуучирсан мэдээ: 2012.11.02-нд нийтлэгдсэн

Төрийн түшээгээс татгалзсан дөрөв дэх хүн

УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх парламентын гишүүнээсээ татгалзахаар УИХ-ын даргад өнөө өглөө хүсэлтээ гардууллаа. Гэргийнх нь бие чилээрхүү байгаа гэсэн шалтгааныг гишүүн гаргаад байгаа аж. МАН-ын нэрсийн жагсаалтаар УИХ-ын гишүүн болсон болохоор нөхөн сонгууль шаардлагагүй. Жагсаалтын улаан шугамыг яг өмнүүрээ татуулсан МАН-ын нарийн бичгийн дарга Д.Сарангэрэл орж ирэх магадлалтай ч У.Хүрэлсүх өөрийн нутгийн дүү, эгэмнээс нь татаж улс төрд оруулж ирэн МАН-ын залуучуудын байгууллагын тэргүүнээр тавьсан Л.Оюун-Эрдэнийг санал болгох байх гэсэн яриа дуулдаж эхлэв.

У.Хүрэлсүх ийнхүү төрийн түшээгийн албанаас татгалзсан дөрөв дэх хүн болж байна.

Өмнө нь 1992-1996 оны УИХ-д ийм үзэгдэл гурав гарсан. Тухайн үеийн Сонгуулийн хуулиар нөхөн сонгууль хийлгүй авсан саналын хувиараа удаалсан дараагийн хүн нь араас нь нөхөн орж ирдэг байсан тул төрийн түшээд суудлаа орхиход хялбар байсан нь нөлөөлсөн ч байж мэднэ.

Хамгийн түрүүнд өдгөөгийн МҮАН-ын дарга М.Энхсайхан Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга болохоор гарч, оронд нь Сонгинохайрхан дүүргээс МСДН-ын А.Ганбаатар орж ирж байв. Дараа нь одоогийн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Гадаадын тагнуулын нууц задруулсан” гэх хэргээр шүүхэд татагдаад, хилс хэргээр шүүхэд очсон нэр төрөө цагаатгана хэмээн “Олуулаа болоод ирнэ” гэсэн үгээ хэлээд УИХ-ын гишүүнээс татгалзсан. Оронд нь хожмоо Батлан хамгаалахын сайд болсон МҮАН /одоогийн АН/-ын Ш.Одонбаатар Хөвсгөлөөс орж ирсэн.

МАХН-ын төлөөлөл, Хөгжмийн зохиолч Н.Жанцанноров эрүүл мэндийн шалтгаанаар УИХ-аас гарахад араас нь МҮАН-ын Т.Эрдэнэбилэг Дарханаас нөхөгдөн орж байв. Н.Жанцанноров тухайн үедээ МАХН-ын суудлыг МҮАН-ын хүнд шилжүүллээ хэмээн бяцхан банга хүртсэн гэдэг.

Харин дөрөв дэх хүн нь У.Хүрэлсүх боллоо. Түүнийг хэн нөхөхийг МАН удахгүй шийднэ. Эндээс харвал гишүүн нэрээ татахад нөхөн сонгууль хийлгүйгээр Сонгуулийн хуулиар авсан саналын хувиар дараагийн хүн нь шууд нөхөгдөн орж ирж байсан үед гишүүд УИХ-аас дураараа гардаг байжээ. Харин одоо намын жагсаалтаар УИХ-ын гишүүн болсон нөхөд мөн л нөхөн сонгуульгүйг далимдуулан УИХ-аас гардаг болсон байна. Парламентад суух нь ашиггүй санагдвал, эсвэл бизнес хөөмөөр бол жагсаалтын гишүүд УИХ-ын суудлаа орхиод хэзээ ч яваад өгч мэдэхээр байгааг энэ жишээ харууллаа.

Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж