“Apple” корпорацийг үндэслэгч, Цахиуран хөндийн суутан Стив Жобсын орчин үеийн дэвшилтэт технологиор өвч тоноглосон хөлөг онгоц түүнийг нас барснаас хойш нэг жилийн дараа далайд гарлаа. Хөнгөн цагаанаар хийсэн уг хөлөг онгоц 80 метр урттай бөгөөд цонхнууд нь гурван метр өндөр гэнэ. Стив Жобс эртний Грекийн үлгэр домогт гардаг хайр дурлалын охин тэнгэр Венусын нэрээр хөлгөө нэрлэсэн аж. Хөлөг онгоцыг Нидерландын хөлөг онгоц үйлдвэрлэгч “Feadship” компанид үйлдвэрлэсэн бөгөөд тус улсын Алсмер боомтоос далайд гарчээ. Хөлгийн зохион бүтээгчид одоогоор үүн шиг сайн тоноглосон сайн хөлөг байхгүй гэж ярьж байгаа гэнэ.
Цахиуран хөндийн алдартан Стив Жобс хөлөг онгоцоо тоноглох ажилд Францын дизайнер Филиппе Старктай хамтарч байжээ. Стив Жобс технологийн талаа хариуцаж байсан бол Старк интерьер, гэрэлтүүлэг, мотор зэргийг хариуцжээ. Бугуйн цагнаас авахуулаад рестораны загвар дизайныг гаргадгаар алдартай Старкийн хувьд хөлгийн дотоод зохион байгуулалт, интерьер маш амархан байсан гэнэ. Тэрбээр “Энэ бол бугуйн цаг биш, цүнх биш. Энэ бол хөлөг онгоцны хөгжилд гарсан хувьсал” хэмээн ярьжээ. Гэвч харамсалтай нь Стив Жобс энэхүү хөлөг онгоцоо далайд гарахыг харж чадалгүй 2011 онд хорт хавдраар нас барсан билээ.
Н.ЭНХ