Д.Батхуягийн хэргийг шүүхэд шилжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2012.11.02-нд нийтлэгдсэн

Д.Батхуягийн хэргийг шүүхэд шилжүүлнэ

Ашигт малтмалын газрын даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт буруутгагдаад буй Д.Батхуягт холбогдох хэрийг Авлигатай тэмцэх газарт мөрдөн байцааж дуусаад, Нийслэлийн Прокурорын газарт шилжүүлээд байгаа.

Түүний хэргийг шүүхэд шилжүүлэх, эсэх тухай албаны эх сурвалжаас тодруулахад “Д.Батхуягийн хэргийг хянан шалгах ажил бараг дууссан. Одоо харьяаллын дагуу шүүхэд шилжүүлэхэд бэлэн болоод байна” гэв.

Түүнийг сэжигтнээр татан, буруутгаж байгаа үндэслэл нь,

  • АТГ-ын мөрдөн байцаалтын явцад Д.Батхуяг нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан ашигт малтмалын хайгуулын лиценз олголтод хязгаарлалт хийх шийдвэрийг зөрчиж, АМГ-ын даргаар ажиллаж байхдаа эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, 120 орчим лицензийн зөвшөөрлийг хууль бусаар бусдад олгосон болохыг тогтоосон.
  • “Саусгоби Сэндс” компанийн хайгуулын таван лицензийн ашиглалтын эрхийн хугацаа нь дууссан байсныг АМГ-ын байцаагчид цуцлах дүгнэлт гаргаад байжээ. Гэтэл АМГ-ын дарга Д.Батхуяг тэдгээр таван лицензийн дөрвийнх нь эрхийг сэргээж, нэг лицензийг хувьдаа авчээ. Ингээд АМГ-ын Геологи, уул уурхайн кадастрын газрын дарга н.Даваацогтоор дүгнэлт гаргуулж, өөрийн найз, “Зэлэм” компанийн захирал н.Жаргалсайхан гэгчид лицензийн зөвшөөрлийг шилжүүлсэн нь мөрдөн байцаалтын явцад тогтоогджээ.

Хууль бусаар шилжүүлсэн энэ лиценз нь 5261 улсын бүртгэлийн дугаартай, 72000 гектар газарт 42 сая тонн нүүрсний нөөцтэй, 2010 оны үнэлгээгээр хоёр тэрбум ам.долларын үнэлгээтэй газар юм.

Д.ЖАРГАЛСҮРЭН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж