Уулзалтын эхэнд яруу найрагч Б.Хишиг-Ундрал МАХН-ын дарга Н.Энхбаярыг улс төрийн зорилгоор хэлмэгдүүлэн хорьж буйг эсэргүүцсэн зохиолч, уран бүтээлчдийн төлөөлөл болсон 108 хүний гарын үсэгтэй мэдэгдлийг уншиж сонсголоо. Тэдгээр уран бүтээлчид өнгөрсөн зууны хэлмэгдүүлэлт өнөөгийн Монголд давтагдах ёсгүй хэмээн үзэж байгаа юм байна.
Үүний дараа МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариулт өгөв.
-Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъян Интерполд хандсаныг юу гэж үзэж байна?
-Э.Эрдэнэжамъян өөрийнхөө улс төрийн үзэл бодлыг илэрхийлэх хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу байр сууриа илэрхийлсэн гэж бодож байна. Интерполын веб сайт руу дурын хүн орж, цахим захидал илгээж болдог. Тэр дагуу Хууль зүйн дэд сайдын хувьд биш, хувь хүнийхээ хувьд хандсан гэж үзэж байгаа. Харин хууль, хяналтын байгууллагынхан албан тушаалаа урвуулан ашигласан гэж үзсэн байна. Э.Эрдэнжамъянгийн явуулсан бичиг бол албан тоот биш, хувь хүний и-мейл. Монгол Улсын иргэд хэлмэгдүүлэлтэд өртөж таарахгүй. Ер нь Ард түмний шударга хуралдайн дараа ийм асуудал үүсээд байна.
-Э.Эрдэнэжамъян улс төрийн албан тушаалтан учраас албан тушаалаа урвуулсан гэж хардагдаад байгаа?
– Засгийн газрын танхимын гишүүдийн байр суурь нэгдмэл байх ёстой гэсэн асууудал байгаа бол Э.Эрдэнэжамъян бол дэд сайд. Э.Эрдэнэжамъян улс төрчөөс гадна иргэн хүн. Хууль зүйн яамны албан бланк дээр бичиг явуулсан уу, хувийн и-мейл байсан уу гэдгийг эрэн сурвалжлаарай. Албан бланк дээр бичиг явуулсан бол өөрөөр ярина. Гэтэл Э.Эрдэнэжамъян хувь хүнийхээ хувьд и-мейл явуулсан.
-Н.Энхбаярыг гадаадад явуулж эмчлүүлэх шаардлагатай гэж МАХН үзэж байгаа. Гэтэл түүнтэй ижил өвчтэй 100 хүн байдаг юм байна. МАХН-ын үнэт зүйл нь үзэл баримтлал юм уу, Н.Энхбаяр дарга юм уу?
-Нэг хүн ч, намын үзэл баримтлал ч, мөрийн хөтөлбөр ч аль аль нь МАХН-ын үнэт зүйл мөн. Үзэл баримтлалаараа нэгдсэн хүмүүс нам байгуулдаг. Эдгээрийг салгаж ойлгож болохгүй. Эрүүл мэндийн асуудлаар бол аль ч хүний эрүүл мэнд ижил үнэ цэнэтэй.
-Н.Энхбаяр эрүүл мэндээр шалтаглаж суллагдах гэж байгаа юу?
-Н.Энхбаяр дарга нэг л учир шалтгааны төлөө суллагдах хүртлээ сүүлийн мөчөө хүртэл явна гэж байгаа. Хэргийг нь хэрэгсэхгүй болгож цагаатгах хүртэл явна. Эрүүл мэндийн шалтгаанаар суллагдахгүй гэсэн. Өмгөөлөгчид нь дараагийн шатны шүүхэдл хандаад байгаа. Хурлын тов тодорхойгүй байна.
-”Шударга ёс” эвслийн нэр дээр УИХ-ын гишүүний нэг суудал эзгүй байгаа. Түүн дээр Э.Батшугараар тангараг өргүүлэх гээд хүлээгээд байгаа юу?
-Улс төрийн нам энэ асуудалд оролцох боломжгүй. УИХ-ын өөрийнх нь хууль, тогтоомжийн хүрээнд зохицуулагдана. Маргаантай асуудлыг бол шүүхээр шийднэ. Өвөрхангайн тойргийн асуудал жишээ нь, шүүх дээр байгаа. “Шударга ёс” эвслийн 11 дэх суудалд хэн байх вэ гэдэг нам оролцох асуудал биш.
-УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга асан Ц.Шаравдорж МАХН-д элссэн гэсэн яриа байгаа. МАХН-д элссэн юм уу?
-Энэ тухай асуудал яригдаагүй. Ц.Шаравдорж бол том улстөрч, парламентч хүн. Түүнийг улс төрийн үйл ажиллагаанас ангид үлдэнэ гэж үзэхгүй байна. Харин МАХН-д элсэх эсэх талаар тодорхой зүйл алга байна.