Сомали “аль-Шабааб”-ын дэмжигчдийг баривчлав

Хуучирсан мэдээ: 2012.11.02-нд нийтлэгдсэн

Сомали “аль-Шабааб”-ын дэмжигчдийг баривчлав

Сомалийн арми, Засгийн газрын цэргүүд болон Африкийн холбооны цэргүүд хамтран Кимайо боомт хотод цэргийн тусгай ажиллагаа явуулж, далайн дээрэм тонуулаар гаршсан “аль-Шабааб” зэвсэгт бүлэглэлийг дэмжигч хэмээн сэжиглэгдсэн 400 гаруй хүнийг баривчилсан байна. Цэргийн хамтарсан тусгай ажиллагааны хүрээнд  Кимайо боомт хотыг өнгөрсөн сард “аль-Шабааб”  зэвсэгт бүлэглэлийн хяналтаас бүрэн чөлөөлсөн байна. Гэвч үүнээс хойш тус хотод бөмбөг дэлбэлсэн хэд хэдэн халдлага гарчээ. Хамгийн сүүлд л гэхэд өнгөрсөн мягмар гаригт хотын төвийн нэгэн ресторанд бөмбөг дэлбэрснээс дөрвөн энгийн иргэн амь үрэгдсэн байна. Тиймээс  хамтарсан цэргийнхэн дахин тусгай ажиллагаа явуулж “аль-Шабааб”  бүлэглэлийг дэмжигчдийг баривчлах арга хэмжээ авчээ. Цэргийн тусгай ажиллагааг өчигдөр өглөө эрт эхлүүлж, цэргүүд газар бүрээр явж сэжигтэн этгээдүүдийг баривчилсан байна. Мөн энэ үеэр иргэдийн аюулгүй байдлын үүднээс хотын зах, цэцэрлэг, сургуулиудыг  хаажээ. Кимайо боомт хотод он гарсаар олон тооны халдлага гарч, 20 гаруй хүн зэвсэгт бүлэглэлийн дайчдын тавьсан бөмбөгөнд өртөн амь үрэгдсэн байна. Хэдийгээр цэргийнхэн тус хотыг “аль-Шабааб” зэвсэгт бүлэглэлийн хяналтаас чөлөөлсөн ч Сомалийн ихэнх хотууд одоог хүртэл тус бүлэглэлийн хяналтад байсаар байгаа аж.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж