Дэлхийн банкнаас Ази тивийн хоёр дахь ядуу буурай улс болох Мьянмарт анх удаа их хэмжээний зээл олгохоор болжээ. Тодруулбал, тус улсын алслагдсан бүс нутагт зам, гүүр, сургууль, эмнэлэг барихад зориулж 80 сая ам.долларын зээл олгохоор болсон байна. Сүүлийн үед Мьянмарын Засгийн газраас эдийн засаг, улс төрийн болон бусад салбарууддаа шинэчлэл хийх болсонтой холбоотойгоор Дэлхийн банкнаас тус улсад зээл олгохыг зөвшөөрчээ. Түүнчлэн Мьянмарын Засгийн газрын авч хэрэгжүүлж буй шинэчлэлийн бодлого нь олон улсын зүгээс сайшаагдаж байгаа бөгөөд өнгөрсөн сард АНУ тус улсад тавиад байсан хоригоо цуцалсан байна. Мөн Дэлхийн банкнаас Мьянмарт зээл олгохыг зөвшөөрсний зэрэгцээ 165 сая ам.долларын хугацаа хэтэрсэн өмнөх өрийг нь цайруулжээ. Мьянмар улс өнгөрсөн 2010 оны арваннэгдүгээр сард явуулсан сонгуулиар цэргийн дэглэмийг халж, ардын Засгийн газрыг байгуулснаас хойш ерөнхийлөгч Тейн Сейн шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлж эхэлсэн байна.
Б.АНХТУЯА