Орон сууц, нийтийн аж ахуйн тендер хууль бус байжээ

Хуучирсан мэдээ: 2012.11.02-нд нийтлэгдсэн

Орон сууц, нийтийн аж ахуйн тендер хууль бус байжээ

Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан өчигдөр болж, дараах  асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
 
Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатар, менежментийн гэрээгээр ажиллаж байгаа орон сууц, нийтийн аж ахуйн компаниудын гэрээний  үүргийн биелэлтийг дүгнэсэн Аудитын  комиссын тайланг танилцууллаа.   Менежментийн гэрээгээр ажиллаж буй  орон сууц, нийтийн аж ахуйн компаниудын гэрээний үүргийн биелэлтэд хяналт шалгалт хийж, дүгнэлт гаргахаар Нийслэлийн Засаг даргын 2012 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн А/560 дугаар захирамжаар томилогдсон аудитын комисс нь 5 хүний бүрэлдэхүүнтэйгээр  ажиллан, батлагдсан удирдамжийн дагуу шалгалт хийж, дүгнэлтээ гаргажээ.

Монгол Улсын Засгийн газрын 1999 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 159 дүгээр тогтоолоор “Нийтийн аж ахуй үйлчилгээний салбарыг хувьчлах хөтөлбөр”-ийг баталж, 2001 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 35 дугаар тогтоолоор дээр батлагдсан хөтөлбөрийг хугацаа алдалгүй зохион байгуулахыг Дэд бүтцийн сайд, Төрийн өмчийн хорооны дарга нарт даалгажээ. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2001 оны 5/29 дүгээр тогтоолоор батлагдсан “Нийслэлийн өмчөөс 2002 онд хувьчлагдах эд хөрөнгийн жагсаалтад нийтийн тээвэр, халаалтын зуух, орон сууцны ашиглалт, тохижилт үйлчилгээний болон хэвлэл мэдээллийн байгууллагуудын зарим хэсгийг туршилтын журмаар хувьчлахаар заасан байна.
 
Дээрх шийдвэрийн дагуу Нийслэлийн Засаг даргын 2003 оны 282 дугаар захирамжаар “Менежментийн гэрээгээр орон сууц нийтийн аж ахуйн салбаруудыг үр ашигтай удирдах этгээдийг сонгон шалгаруулах уралдаант шалгаруулалтын журам“, “Менежментийн гэрээний үлгэрчилсэн загвар батлагджээ.  Эхний ээлжинд Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын харъяа Сүхбаатар дүүргийн “Усны гудамж өргөө“, Баянгол дүүргийн “Их нарлаг өргөө“, “Баянгол өргөө“ салбарыг 2 ба 10 дугаар хорооллоор, Баянзүрх дүүргийн “Алтан тэвш өргөө“ салбарыг 13 ба 16 дугаар хорооллоор салгаж, сонгон шалгаруулах тендерийг 2003 оны 7 дугаар сард зарласан байна.  Аудитын комисс Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын харъяа компаниуд системийн хэмжээгээр 2010 онд нийт 32.219,5 сая төгрөгийн борлуулалтын орлоготой, 34.073,7 сая төгрөгийн зардал гаргаж, 1.864,2 сая төгрөгийн алдагдалтай ажилласан бол, 2011 онд нийт 37.575,8 сая төгрөгийн борлуулалтын орлоготой, 38.779,0 сая төгрөгийн зардал гаргаж, 1.203,0 сая төгрөгийн алдагдалтай ажилласан гэж үзсэн байна. Мөн  конторуудын дансны авлага 2010-2011 онуудад 177,6 сая төгрөг буюу 10,3 хувиар буурсан бол богино хугацаат өр төлбөр 2010-2011 онуудад 271,1 сая төгрөг буюу 5,1 хувиар өссөн,   2011 онд нийт авлага 177.6  сая төгрөгөөр оны эхнээс  буурсан хэдий ч нийт авлагын 66.4%-ийг дамжин хэрэглэгчдээс авах авлага эзэлж байгаа нь харилцагч байгууллага, иргэдтэй хийх тооцоог тухай бүр хийж, авлагаа бууруулж ажиллахад анхаарах шаардлагатай байна гэж Аудитын комисс танилцуулаа.  

Мөн урт хугацаат өр төлбөр 16.242,5 сая төгрөгийн үлдэгдэлтэй байгаа нь дээрхи орон сууцны компаниудад 2002 оноос Азийн хөгжлийн банкнаас 35 жилийн хугацаатай, жилийн 2 хувийн хүүтэй 19,3 тэрбум төгрөгийн “Дулааны үр ашгийн төсөл”-ийн хүрээнд орон сууцны нийтийн аж ахуйн дулаан дамжуулах төв, дулааны зангилаа, барилгуудад суурилуулсан халаалтын цогц төхөөрөмжийг Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу үндсэн хөрөнгөнд бүртгэж авсантай холбоотой уг зээлийг урт хугацаатай өр төлбөрт бүртгэсэн байна. ОСНААУГазраас энэ асуудлын талаар Сангийн яаманд асуудал тавьсны дагуу эхний ээлжинд 3 жилээр төлөлтийг хойшлуулжээ.  2012 оны эхний хагас жилийн байдлаар үндсэн үйл ажиллагаанаас 23,9 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой ажилласан бөгөөд үүнээс 15,6 тэрбум төгрөг буюу 59,6 хувийг халаалт, халуун ус, 7,0 тэрбум төгрөг буюу 25,9 хувийг цэвэр бохир ус, үлдсэн 1,3 тэрбум буюу 14,5 хувь нь бусад орлогуудаас бүрдсэн байна.  Халаалт халуун усны орлогын 70,4 хувь буюу 10,3 тэрбум төгрөгийг дулааны үнэд, 11,5 хувь буюу 1,8 тэрбум төгрөгийг цалин болон НДШ, ЭМД-д, 9,3 хувь буюу 1,3 тэрбум төгрөгийг элэгдлийн зардалд 12,1 хувь буюу 1,8 тэрбум төгрөгийг  үлдсэн үйл ажиллагааны зардалд зарцуулсан байна.
 
Аудитын комиссын шалгалтаар, урт хугацаат өр төлбөр их хэмжээтэй байгаа нь аж ахуйн хэвийн үйл ажиллагааг явуулахад хүндрэлтэй нөхцөлийг бий болгосон байна,  төсөвт төлөх төлбөр, хураамжийг бүрэн тооцож төсөвт төвлөрүүлээгүй, Хөрөнгө, мөнгийг үндсэн баримтгүй зарцууулсан, Орон сууц компаниуд нь засвар ажлыг хийлгэхдээ магадлашгүй ажлыг санхүүжүүлж, зориулалт бусаар зарцуулсан гэх мэт зөрчил илэрчээ. Тиймээс тус комисс,  Нийслэлийн Засаг даргын захирамжаар менежментийн гэрээгээр орон сууц нийтийн аж ахуйн салбаруудыг үр ашигтай удирдах этгээдийг сонгон шалгаруулах уралдаант шалгаруулалтын журмыг баталсан нь “Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль”-ийн 81 дүгээр зүйлийн 1-д “Орон нутгийн өмчийг хувьчлах арга хэлбэр, журмыг энэ хуулийн зургадугаар бүлэгт заасныг удирдлага болгон Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал  тогтооно.” гэж заасныг зөрчсөн байна гэж үзээд , Орон сууц нийтийн аж ахуйн компаниудыг нийслэлийн өмчит үйлдвэрийн газар болгон өөрчлөн байгуулах шаардлагатай байна гэж дүгнэжээ.  Гэрээгээр ажиллаж байгаа компаниудын үйлчлэх хүрээнд хамрагдах өрхийн тоо хэмжээ харилцан адилгүй 2372- 7948 өрх байгаа нь зарим компаний үйлчлэх хүрээ хэтэрхий нүсэрдэж иргэдэд үйлчлэх үйлчилгээний түргэн шуурхай үйлчлэх тал дээр  цаг  хугацаа алдаж байна гэдгийг тэрээр танилцуулагтаа дурдсан.  Хамгийн бага өрхтэй “Ивэн эх” ХХК нь  санхүүгийн хувьд бие даан ашигтай ажиллах ямар ч бололцоогүй байгаа тул шинээр байгуулагдах орон нутгийн өмчит үйлдвэрийн газарт хамрагдах өрхийн тоог дунджаар 4500-аас багагүй байхаар бодож бүтэц зохион байгуулалтын шинэчлэлт хийх саналыг Нийслэлийн иргэдийн хуралд оруулан  шийдвэрлүүлэх саналтай байгаагаа хэллээ.    Шалгалтын дүнг сонсоод,  Орон сууц нийтийн аж ахуйн компаниудыг нийслэлийн өмчит үйлдвэрийн газар болгон өөрчлөх асуудлыг хууль эрх зүйн хүрээнд шийдвэрлэж,  Засаг дарга гаргасан Захирамжаа өөрөө хүчингүй болгох эрх байдаг учраас хууль зөрчин гаргасан 2003 оны 282 дугаар Захирамжийг хүчингүй болгож, менежментийн гэрээг цулах хэрэгтэй гэдэг дээр Удирдлагын зөвлөлийн гишүүд санал нэгдлээ.  Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, хүйтний улирал эхлэж байгаа учраас, цахилгаан дулааны доголдол гарч оршин суугчдыг хохироох эрсдэл үүсэж магадгүй учраас менежментийн гэрээг цуцлах үйл ажиллагаанд онцгой анхаарал хандуулан яаралтай шийдвэрлэх нь чухал гэж онцлон тэмдэглэлээ.
 

Сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагааг сайжруулахын тулд  шинэ дүрэм боловсруулна
 

Монголын Сууц Өмчлөгчдийн Холбоодын Дээд Зөвлөлийн тэргүүн Б.Жигжид СӨХ-дын үйл ажиллагааны талаар товч мэдээлэл хийлээ.  Монголын Сууц Өмчлөгчдийн Холбоодын Дээд Зөвлөл нь /МСӨХДЗ/ гишүүнчлэлтэй ТББ байгууллага бөгөөд  1999 онд байгуулагджээ. МСӨХДЗ-ийн эрх барих дээд байгууллага нь захирлуудын их хурал 5 жилд нэг удаа хуралддаг байна.

Их хурлын хооронд Дээд зөвлөлийн үйл ажиллагааг их хурлаас сонгогдсон Ерөнхийлөгч, орон тооны бус Тэргүүлэгчид /15 хүнтэй/,  Хяналтын зөвлөл /3 хүнтэй/ удирдан чиглүүлж, хянаж ажилладаг юм байна. Өдөр тутмын үйл ажиллагааг Тэргүүлэгчдээс сонгосон Гүйцэтгэх захирал, түүний ажлын алба /10 ажилтантай/ гүйцэтгэдэг. 2012 онд Дээд зөвлөл 118,3 сая төгрөгийн төсөвт багтаан ажиллаж, үүний 46 хувь нь гишүүний татвар 54 хувь нь аж ахуйн үйл ажиллагаанаас бүрддэг байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 637 Сууц өмчлөгчдийн холбоод байгаагаас Улаанбаатар хотод 527,  орон нутагт 110 нь үйл ажиллагаа явуулж байна гэж Б.Жигмэд хэллээ.   Хот хөдөөгүй байгуулагдсан олон тооны СӨХ-д эвлэлдэн нэгдэж нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний хэвийн, найдвартай ажиллагааг хангах, мэргэжлийн чиг удирдлагаар хангах, суугч-иргэдийн эрх ашгийг хамгаалах, төр, засгийн болон бусад  байгууллагатай холбож тусламж дэмжлэг авах, Төрөөс  явуулж  байгаа бодлого арга хэмжээг нэгтгэн зохион байгуулж, хэрэгжүүлэх үүрэг, зорилготойгоор МСӨХДЗ-ийг байгуулжээ. МСӨХДЗ  холбогдох яамд, нийслэл, орон нутгийн 20 гаруй байгууллагатай хамтарсан гэрээ, төлөвлөгөөтэй ажиллаж орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээ, тохижилт, өвлийн бэлтгэл ажлыг төлөвлөгөө, графиктайгаар явуулж хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавин ажиллахын хамт,  гишүүн СӨХ-дын засварын ажлын төсвийг үнэ төлбөргүй хийх, санхүүгийн үйл ажиллагаанд нь хяналт шалгалт явуулж, гарын авлага материалаар хангах, сургалт зохион байгуулах зэрэг олон арга хэмжээг авч хэвшин жилдээ 2 тэрбум шахам  төгрөгийн  үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлдэг байна. Дээд зөвлөл зардлынхаа 50 шахам хувийг аж ахуйн үйл ажиллагаагаараа зохицуулж СӨХ-дод аль болох дарамт болохгүй үйл ажиллагаагаа явуулахыг хичээдэг гэж тэрээр онцоллоо. 2012 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг  Хотын Ерөнхий менежерийн баталсан төлөвлөгөөний дагуу 5 сараас явуулж өнөөгийн байдлаар 96 хувьтай байгаа гэлээ.
 
Засаг даргаас үүрэг болгон ОСНААУГ-аас гаргасан өвөлжилтийн бэлтгэл ажил хангагдаагүй 228 СӨХ-доос 200 СӨХ-дын өвөлжилтийн бэлтгэл ажил төлөвлөгөөний дагуу хийгдсэн. Харин гишүүн бус  “Өрнөлт”, “Генерал-42”, “Эвсэг нөхөд”, “Төгөл”, “Монхаус”, “Гэгээн Өргөө”, “ЛЖ монгол”, “Баянт”, “Номин холбоо”, “Баянтбулаг”, “ХАА-30”, “БХ-30”, “Ганьт амилахуй”, “ТЕГ-50”, “Өнөр-19”, “Өнөр-20”, “Гурван-Эрдэнэ”, “Ус-30”, “Дэлгэр-Эрдэнэ”, “Өөрийн гэр”, “Булагжин”, “Гандирс”, “Алтан амирлахуй”, “Шинэ цогцолбор” зэрэг 24 СӨХ-д ХУД-ийн “Ажилчин”, БЗД-ийн “Сансар сүүб”, “Бийр”, “Өндөр дэнж”, ЧД-ийн “Тавин мянгат” зэрэг СӨХ-дын өвөлжилтийн бэлтгэл ажил бүрэн хангагдаагүй тул хугацаатай үүрэг өгчээ.  Сүүлийн 3 жилийн үзлэгийн дүнгээс үзвэл Нийслэлд ажиллаж байгаа гишүүн СӨХ-дын 85 хувь нь хангалттай, бүрэн хангалттай үзүүлэлттэй байгаа нь тэдний үйл ажиллагаа жигдэрч буйн илрэл гэдгийг тэрээр мөн онцоллоо. Танилцуулгын төгсгөлд МСӨХДЗ-ын тэргүүн Б.Жигжид, Сууц Өмчлөгчдийн Холбоодын Эрх Зүйн Байдал Нийтийн Зориулалттай Орон Сууцны Байшингийн Дундын Өмчлөлийн Эд хөрөнгийн тухай  хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах талаар саналаа ЗТБХБЯ-аар уламжлан Засгийн Газарт  өргөн барьсан боловч хэлэлцэгдээгүй. Үүнийг ойрын үед УИХ-аар хэлэлцүүлэн батлуулахад дэмжлэг үзүүлэхийг хүсээд,   Шинээр барьсан орон сууцны барилга, хотхонд  СӨХ байгуулагдахгүй байх, эсхүл барилгын гүйцэтгэгч нь СӨХ-ны үүргийг давхар гүйцэтгэсэн нэртэй суугчдаас засвар үйлчилгээний хөлс 2-3 жил авч ашиглаж байгаад тайлан тооцоо хийхгүй орхин явдагаас дундын өмчлөлийн эд хөрөнгө эзэнгүйдэж эцэст нь суугчид хохирох, гомдол гаргах явдал олноор гарах боллоо. Энэ асуудлыг цэгцлэх үүднээс ашиглалтад орох барилгад СӨХ байгуулах, бүртгэх журмын төсөл боловсруулсныг хянан үзэж зохих шийдвэр гарган  мөрдүүлэх саналтай байгаагаа хэллээ.  Мөн ашиглалтад хүлээж аваагүй барилгад суугчдыг урьдчилан оруулдаг, улс, орон нутгийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй ажлыг хянах, хүлээн авахад суугчдын төлөөллийг оролцуулдаггүйээс засварын ажил чанаргүй хийгдэж иргэдийн эрх ашгийг зөрчиж байгааг зогсоох, Үйл ажиллагаа нь хангалтгүй, удаа дараагийн тавьсан шаардлагыг  биелүүлдэггүй  СӨХ-дын ажлыг сайжруулах тодорхой ажил зохион байгуулж, хууль дүрмийн дагуу ажиллахгүй байгаа СӨХ-дын  гэрчилгээг хураах хүртэл арга хэмжээ авч дахин зохион байгуулах, Орон сууцны, хорооллын хог хаягдлыг зайлуулах ажлыг шинэ арга барил, зохион байгуулалтад шилжүүлэх, хүн амьдрахыг хориглосон орон сууцны асуудлыг бодлогын хүрээнд шуурхай шийдвэрлэх зэрэг саналтай байгаагаа танилцууллаа.

Таницуулгын дараа, НИТХ-ын дарга Д.Баттулга, СӨХ-ын үйл ажиллагааны тухай гомдол иргэдээс маш их ирдэг. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба болон, Засаг даргын Тамгын газар хамтран СӨХ-ны  нэгтэгсэн хурлыг зохион байгуулж бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагаа, цалин хөлс урамшуулал гэх мэт зүйлийг нарийн ярьж судалсаны дараа Засаг дарга захирамж гаргах нь зөв гэсэн санал дэвшүүллээ. Энэхүү саналыг нийслэлийн Засаг дарга дэмжин, СӨХ-ны асуудлыг Нийслэлийн иргэний танхимаар хэлэлцүүлэн, СӨХ-ны дагаж мөрдөх журмын төслийг боловсруулах нь зөв юм. Иргэдээс гаргасан санал дүгнэлтийг үндэслэн журам боловсруулж НИТХ-аар хэлэлцүүлье гээд, иргэний танхимаар хэлэлцүүлэх СӨХ-ын үйл ажиллагаа зохион байгуулалтын тухай журамын төслийг боловсруулах ажлыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ч.Бат-д үүрэг болголоо гэж Нийслэлийн хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж