МАХН-ын дэргэдэх МАСЗХ-ны ерөнхийлөгч байхаасаа эхлээд улс төрийн тогоонд чанагдах хугацаандаа түүнд сонсоогүй нэр, зүүгээгүй нэр хоч цөөн. Олонхи улстөрчийн хувьд иймэрхүү нэр хоч ичингүйрэл төрүүлэхүйц зүйл байдаг бол У.Хүрэлсүхийн хувьд тийм биш. Харин ч хал үзэж, халуун чулуу долоосон, үхэхээс бусдыг үзсэн улстөрч, өөрийн намын төлөө нэр төр байтугай нэг насныхаа амьдралыг золиосолж чадах үнэнч кадр, жинхэнэ “мужик” болгон бусдаас товойлгож харагдуулдаг. Ямар ч байсан өөрөө бол үүндээ 100 хувь итгэлтэй явдаг нэгэн.
Анх удаа УИХ-д сонгогдсоныхоо дараа буюу Н.Энхбаярыг Ерөнхий сайд байхад Удирдах зөвлөлийн хурал дээр намынхаа даргын өөдөөс “Намын ажлыг та мэддэг юм уу, танай эхнэр мэддэг юм уу” гэж хэлээд хөөгдөж гарснаас эхлээд Онцгой байдлын сайд байхдаа Хөвсгөл далайд төөрөөд дөрөв хоносон Л.Гүндалайг олж авчраад үнэнээсээ баярлан нулимс унагасан, хамгийн сүлд УИХ-ын гишүүн Г.Баярсайханыг чуулганы танхимаас зангианаас нь чирж гаргаж ирээд, телевизийн камерын өмнө шанаадаж унагасан гээд түүний улстөрчийн имижийг өсгөсөн, унагасан олон тохиолдлыг монголчууд андахгүй. Түүний хэлсэн үг, хийсэн үйлдэл болгон тэнэг, цэцэн алинаар ч дуулиан тарьж, өөрөө ч түүндээ эрдэж амьдардаг Монголын улс төрийн бас нэгэн сонин фигур.
Улстөрчийн нэр хүндээр тохой доогуур Г.Баярсайхан гэдэг нөхөр өөдөөс нь салаавч үзүүлсэнд бачимдан, түмний нүдэн дээр цохиж унагасан МАН-ын экс генсек хууль шүүхийн асуудал яригдаад эхэлмэгц “МАН-ын мянга мянган гишүүдийн бухимдал юм шүү. Манай намыг бүлэгтэй болгоод аль” хэмээн загнасан. Сонгуулийн өмнө нэгэн сэтгүүл дээр загасны уурга барьсан нүцгэн зургаа тавиулсан нь ч гэсэн намын генсекийн хувьд бүрдүүлсэн бас нэгэн сонирхолтой имиж.
Хувийн чанартай зүйл огт хийдэггүй, хийсэн үйлдэл, хэлсэн үг бүхнээ намынхаа төлөө чиглүүлж ирсэн энэ эрхэм өнөөдөр дахиад л ээлжит сенсаациа тарилаа. Тэр нь УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзахаар УИХ-ын даргад өргөдөл өгсөн явдал. Ямар учраас өргөдлөө өгсөн тухай өөрөө тайлбарлаагүй байгаа ч лав ямар нэг зүйлийн төлөө хариуцлага хүлээж буй явдал яавч биш. Сонгуулийн өмнө “Нам нэрээ солиод сонгуульд ялагдвал хариуцлагыг би хүлээнэ” гэж амласан У.Хүрэлсүх дарга сонгуулийн дараа энэ хариуцлагаа хэдийнэ хүлээчихсэн. Тиймээс өнөөдөр түүний УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзаж буй явдал бол улс төрийн дараачийн нүүдэл нь гэж ойлгох хэрэгтэй.
Хар л даа, “У.Хүрэлсүх УИХ-аас гарах өргөдлөө өглөө” гэсэн мэдээний дор “Хайран хүн, яагаад УИХ-аас гарчихав аа” гэж халагласан нэг ч сэтгэгдэл алга. Бүгд л “Браво, У.Хүрэлсүх бол жинхэнэ мужик. Түүн шиг сайн дураараа суудлаасаа буух хоншоортой аавын хүү байхгүй л дээ” гэсэн сэтгэгдлүүд дүүрэн байна. Уг нь бол УИХ-ын гишүүн болно гэдэг дураа хүрэхээр орж ирээд, дургүйгээ хүрэхээр гараад явчихдаг байр суурь биш. Өмнө нь УИХ-ын түүхэнд Төрийн шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров нарын гурван хүн УИХ-ын гишүүнээс татгалзаж байв. Н.Жанцанноров гуайд ард түмэн итгэж саналаа өгсөн ч өөрийнх нь байх газар энэ биш байна гэдгийг ойлгоод, чаддаг ажлаа хийхээр явцгаасан билээ. Үүнийг аргагүй байдал гэж хэлж ч болно.
Харин У.Хүрэлсүхийн хувьд тийм биш. “Чоно махнаас гарав” гэгчээр У.Хүрэлсүх улс төрөөс гартлаа өдий. 2008 оны сонгуулийн өмнө болсон Хадгаламж банкы хэрэг шиг зүйл болоогүй л бол шүү дээ. Тиймээс түүний сүүлд хийсэн энэ алхам хожмоо эрх баригч намтай хийсэн тэмцлийн нэг хэлбэр, эсвэл улстөрчийн карьераа өсгөх бас нэг содон имиж л болж үлдэх болов уу.
“У.Хүрэлсүх улс орныхоо төлөө УИХ-ын гишүүнээс татгалзав. У.Хүрэлсүх браво”