Пакистаны Лахор хотын “Фаруки” охидын их сургуулийн багш зөнч Мухаммедийг санамсаргүйгээр доромжилсноос болж, олон нийтийн дургүйцлийг хүргэжээ. “Фаруки” охидын их сургуулийн багш оюутнуудад лалын “Эйд” баярын амралтын үеэр хийх гэрийн даалагаварт нь дасгалын номноос нь лалын тухай текст хуулж өгөхдөө алдаа гаргаснаас ийнхүү эсэргүүцэлтэй тулгарсан байна. Уурлаж бухимдсан олон тооны хүмүүс охидын сургууль руу халдаж, тухайн багшийг хайн, сургуулийн эд хогшлыг эвдлэн сүйтгэж, галдан шатаажээ. Энэхүү үймээнийг дэгдээхэд хүргэсэн хэргийн эзэн багш Афра Ифтикар нь эцэг эхчүүдийн гомдлын улмаас өнгөрсөн мягмар гаригт ажлаасаа халагдаж, дараа нь нуугдсан байна. Харин Пакистаны цагдаа нар олныг хамарсан үймээнтэй холбогдуулан “Фаруки” охидын их сургуулийн эрхлэгч Асим Фарукиг баривчилжээ. Мөн сургуульд хүмүүс үймээн дэгдээж, эд хогшлуудыг шатааснаас хойш Асим Фарукигийн хүү Самэр нуугдаж, сураггүй болсон байна. Одоогийн байдлаар цагдаа нар энэ хэрэг дээр мөрдөн байцаалт явуулж байгаа аж.
Б.Анхтуяа