“Иргэд 5000 кв.м хүртэл газар эзэмших эрхтэй”

Хуучирсан мэдээ: 2012.11.02-нд нийтлэгдсэн

“Иргэд 5000 кв.м хүртэл газар эзэмших эрхтэй”

Монгол Улсын иргэн бүрт газар өмчлүүлэх хуулийн хугацаа ирэх онд дуусах байсныг 2018 оны нэгдүгээр сар хүртэл сунгасан байгаа. Өнгөрсөн хугацаанд нийт иргэдийн 30 хувь нь газар өмчилж авсан бөгөөд газар олголтын хувь ийм бага байгаа нь нэг талаас газрын хуваарилалт шударга бус байгаатай холбоотой хэмээн үзэж “Шударгаар газар хувьчлах” хөдөлгөөнийхөн үйл ажиллагаа явуулж байгаа юм. Тус хөдөлгөөний тэргүүн Б.Батсайхантай ярилцлаа.

-Монгол Улсын иргэн бүрт газар өмчлүүлэх тухай хуулийг 2005 онд баталсан. Гэтэл өдгөөг хүртэл газар өмчлөл ердөө 30 хувьтай байна. Танай хөдөлгөөний зүгээс дээрх байдлыг газар хуваарилалт шударга буй байгаатай холбоотой гэж тайлбарлаж байна. Шалтгааныг нь тодруулахгүй юү?

-Иргэн бүрт газар өмчлүүлэх хууль хэрэгжээд 10 жил болж байна. Би 2001 онд МАХН-ын гишүүн байсан. Тухайн үед газар өмчлүүлэх тухай хуулийг баталж, үүний дараа АН-ын гишүүн Э.Бат-Үүл дарга газар тариалангийн чиглэлээр газар олгох гээд бас хөдөлгөөн хийж байсан. Тухайн үед батлагдсан хуульд өрх гэрт газар өмчлүүлнэ гэж байсан. Тэгэхэд хэдэн ч ам бүлтэй байсан нэг л газар эзэмшиж байсан юм.

Харин 2005 онд батлагдсан хуулийн дагуу иргэн бүрт 0,07 га газар өмчлүүлнэ  гэж өөрчилсөн. 0,07 га газар нь 35*20 метрийн хэмжээтэй талбай. Хуучин 20*25 метр буюу 500 кв.м газар олгож байсан. Тиймээс нийслэлийн ихэнх айлууд 500 кв.м газартай. Нэгэнт 500 кв.метрээр авчихсан, 0,07 га болгоход талбай байхгүй гээд олонх нь хуучны хэмжээтэйгээ байгаа. Одоо гэтэл 0,07 га газраа авах гэхээр талбай байхгүй болохоор иргэнд газар өмчлүүлэх нь тэгш бус хуваарилалттай байгаа юм. Хуульд иргэн бүрт тэгш өмчлүүлнэ гэж заасан хэрнээ өмчлүүлэлт нь 30 хувьтай байна гэдэг тэгш бус байгаагийн илрэл. Магадгүй энэ хууль хэрэгжих хугацааг сунгах нэг шалтгаан болсон байх.  Газрын тухай хууль болон газар өмчлүүлэх тухай хуульд тухайн жилийн газрын төлөвлөгөөг сум, дүүргийн Засаг дарга гаргаж, Иргэдийн төлөөлөгчдийн хуралд шилжүүлдэг. Шат шаттайгаар дээшээ явж Засгийн газар баталдаг. Яагаад газрыг шударгаар өмчилье гэж яриад байна гэхээр төлөвлөгөө гаргадаг төлөөллөө бид удахгүй сонгох гэж байна. Тиймээс газрыг шударгаар өмчлүүлэхэд зөв хандлагатай хүнийг сонгох хэрэгтэй гэдэг үүднээс Орон нутгийн сонгуулийн өмнө үүнийг гаргаж байгаа юм. Иргэн бүр газраа эзэмшиж чадахгүй байгаа, газар өмчлөлтийн ажлын явц яагаад хангалтгүй байна вэ гэдгийг бодох хэрэгтэй байгаа юм.

-Аймаг, сум, нийслэлд газар авах хэмжээ ялгаатай байдаг гэж байна. Тухайлбал нийслэлд  0,07 га, аймагт 3500 кв.м, сумдад 5000 кв.м гэдэг тоо иргэдийг төөрүүлж магадгүй?

-Иргэн бүрт газар өмчлүүлнэ гэхдээ хүмүүсийн толгойд 0,07 га гэдгийг суулгасан байсан. сум, аймаг, нийслэлд ч ялгаагүй 0,07 га гэж иргэд ойлгоод байгаа юм. Уг нь бол нийслэлд 0,07 га хүртэл, аймгийн төвд 3500 кв.метр /35*100/, суманд 5000 кв.метр /5*100/ хүртэл газрыг өмчилж болно гэсэн байдаг. Иргэд үүнийг мэдэхгүй байна гэдэг нь хуулийг бүрэн сурталчлаагүй байгаагийн хамгийн том илрэл юм. Магадгүй Засаг даргын хамаатан, танил тал мэдэж байж болно гэвч олонхи үүнийг хэзээ ч мэддэгүй.  Үүнийг мэдэхгүй байгаа нь шударга бус байна гэж бид үзэж байгаа юм. Тиймээс иргэн бүр шударгаар газар өмчлөх эрхтэй гэдэг хөдөлгөөн байгуулаад байгаа юм.

Бид ард түмэнд эдийн засгийн эрх чөлөө олгох оролдлогуудыг хийсэн боловч дутагдалтай талууд олон байна. Нийт насанд хүрсэн 18-аас дээш насны 1,5 сая иргэний 10 хүрэхгүй хувь нь газраа өмчилсөн байдаг. Ганцхан жишээ ярихад, Өмнөговь аймгийн Ханбогд суманд очиход иргэд ярьж байгаа юм. Зарим нэг хууль мэддэг хүмүүс нь хуулийн дагуу 5000 кв.м талбайгаа авъя гэхээр өөдөөс нь 0,07 га хашааны газар л олгоно. Өөр газар байхгүй гэсэн хариулт өгч байгаа юм. Нийслэл рүү шилжин ирэгсэд нэмэгдээд байна гэдэг. Гэтэл сумандаа ногоо тариад, хашаагаа тохижуулаад, үйлдвэрлэл эрхлээд явах газрыг нь олгохгүй, боломжуудыг нь нээж өгөхгүй болохоор хот руу “дурлахаас” аргагүйд л хүрч байгаа юм.  Монгол Улс газар нутгийн хэмжээгээр дэлхийд зургаад ордог. Гэтэл яагаад иргэдэд газар олдохгүй байгаа гэж. Гэтэл дарга нар нь хэдэн га газрыг дураараа авч байхад жирийн иргэн газар авъя гэхэд газар олдохгүй байна вэ гэхээр иргэдэд хуулийг сурталчлаагүй байгаа хэрэг. 0,07 га хүртлэх газрыг зөвхөн нийслэлд, харин аймаг, сумдад үүнээс илүү газар авах боломжтой гэдгийг иргэдэд ойлгуулах ёстой юм.

-Нэгэнт нийслэлээ дагаад суурьшиж байгаа үед иргэд аймаг, сумдад газар авах уу?

-Энэ бол зөвхөн нийслэлд амьдардаг хүмүүсийн бодол. Газар авна гэхээр нөгөө хашаа, зуслангийн газар гэсэн сэтгэхүйгээс салаагүй хүмүүсийн бодол. Хүн амын 60 гаруй хувь нь нийслэлд амьдардаг гэдэг ч бас тодорхой хувь нь орон нутагт байгаа. Газрыг шударгаар эзэмшүүлье гэдгийг орон нутгийн сонгуулийн өмнө аль нэг нам гэлтгүй улстөрийн сонгуульд оролцож байгаа бүх намууд анхаарлаа хандуулаасай гэж бодож байгаа юм. УИХ-аар 2013 оны Төсвийн төслийг хэлэлцэж буй. Ерөнхий сайд Н.Алтанхуяг нийт төсвийн 3,7 хувийг шинэчлэлийн хөтөлбөрт зарцуулъя гэсэн. Энэ мөнгөөр 4-5 аймгийн дэд бүтцийг хөгжүүлж, ус, цахилгаан станцыг барих зэргээр дөрвөн жилийн хугацаанд 21 аймгийг хот болгох зорилгоор ажиллана гэсэн. Аймаг, сум хөгжиж эхэлбэл  газар нь үнэд орох, үнэ цэнэтэй болж эхэлнэ. Тэнд нь хөгжил байвал хот руу шилжилт хөдөлгөөн буурч эхэлнэ. Энэ үед иргэд хэр хэмжээний газар авах ёстой гэдгээ мэддэг, түүндээ түшиглэн амжиргаагаа дээшлүүлэх боломж бий болж байгаа юм.

Мөн 2016 онд аймгийн төвүүдийг нийслэлтэй холбосон цардмал зам тавихаар төлөвлөсөн. Ингэхээр зам дагасан бүх газрууд үнэд орж эхэлнэ. Хүмүүст газар өмчлүүлэхдээ тэгш хандах ёстой гэдгийг л дор бүрнээ ойлгох хэрэгтэй байгаа юм. Ер нь Монголын бүх иргэн 5000 кв.метр газар авбал нийт газар нутгийн 0,67 хувь болно. нэг хувьд нь ч хүрэхгүй байхад газар байхгүй гээд сууж болохгүй. Хүн бүр 5000 метр квадрат газар авахгүй шүү дээ.

-Хуульд дээр дурдсанчлан заасан байхад газрын албанаас газар байхгүй гэдэг тайлбар хэлдэг?

-Уг нь газрын алба мэдээллийн эрин зуунд түгжигдмэл байж болохгүй юм. Газар эзэмшээгүй иргэн очоод хаана, ямар хэмжээтэй газар байна, өөртөө, хүүхдэдээ, эхнэртээ хаана, ямар байрлалд газар авах боломжтой вэ гэдэг нь зургаар, интернэтэд байршуулсан файлаар байршуулах боломжтой юм. Түүнээс нь иргэд сонголтоо хийж, хаана газар эзэмших боломжтой байна гэдгийг нээлттэйгээр харж байх ёстой. Одоо бол манай газрын албад түгжигдмэл байдалд байна. Мөн иргэд өөрсдөө надад газар өгөх болов уу, үгүй болов уу эсэхэд эргэлзээтэй ханддаг. Тиймээс өмчлүүлсэн газрын мэдээлэл ч мөн нээлттэй байх ёстой юм. Үүнийг хэцүү асуудал болгоод байдаг юм уу, ямар ч гэсэн өнгөрсөн 10 жилд хэрэгжүүлсэнгүй. Энэ бол шударга бус явдал юм. Өөр нэг шударга бус зүйл нь хүүхдийн эрх. Эцэг эх нь хүүхдийнхээ өмнөөс газар аваад, түүнийгээ худалдчихдаг. Насанд хүрээд, газар өмчилж авах гэхээр аль хэдийнэ нэр дээр нь аваад зарагдсан байдаг. Нэг л удаа үнэгүй өмчлүүлнэ гэсэн байгаа болохоор тэр. 

-Нийслэлд хаягтай иргэн аймаг, сумдад газар авах эрхтэй юу?

-Нийслэлийн иргэд Монгол Улсын нутаг дэвсгэрийн хаана ч газар эзэмших эрхтэй байдаг бол хөдөө орон нутгийн иргэд нийслэлээс бусад газар гэж заасан байдаг. Орон нутгийн иргэн нийслэлд шилжин ирээд газар авч болно гэхдээ бага талбайтай. Харин сумандаа бол 5000 кв.метр талбайг авах боломжтой байдлаар иргэдэд сонголт хийлгэх хэрэгтэй. Шударгаар газар олгох санаачлагыг анх УИХ-ын сонгуулийн үеэр манай намын дарга орон нутгийн намын удирдлагуудтай уулзаж байх үед орон нутагт ямар асуудал байна вэ гэдгийг тодруулж байсан юм. Олон асуудал ярьж байсан ч  газрын хувьчлалын асуудлыг илүү их ярьсан. Мөн хүүхдийн асуудал ярьж байсан юм. Тиймээс энэ асуудлыг хөндөх ёстой юм байна гэж хөдөлгөөнийг зохион байгуулаад байгаа юм.

-Иргэд газар олдохгүй байна гэж их ярьдаг. Гэтэл таныхаар бол газар байна гээд байна л даа?

-Газар олдохгүй байна гэдгийг нийслэлд, мөн аймгийн Засаг даргын Тамгын газрын байшингийн дэргэд газар олдохгүй байна гэж ярьдаг. Бусад газар нь асуухгүй байгаа юм. Шинэчлэлийн Засгий газрын мөрийн хөтөлбөрт байгаа дэд бүтцийг нь хөгжүүлээд ирэхээр хол ойр нь хамаагүй газар үнэт орж эхэлнэ. Дэд бүтцийг нь хөгжүүлээд ирэхээр аяндаа газрын үнэ цэнэ мэдэгдэнэ.

-Газрыг иргэдэд тэгш хуваарилах боломж нь байна. Харин одоо үнийг хэрэгжүүлэх, бодлогын талаас нь ямар арга хэмжээ авах вэ?

-Эхний ээлжинд бид уриалга гаргаж байна. Уриалгын хугацаанд бид иргэдээс санал авч, санал солилцсон. Одоо бид бүх намуудын төлөөлөлд энэ санаачлагыг өгч байгаа юм. Аль нам байх нь хамаагүй  иргэдийнхээ төлөө, энэ ажлыг дэмжиж ажиллаасай гэж хүсч байгаа юм. Иргэдийнхээ нэгдмэл эрх ашиг дээр намчирхахаас илүү ард түмнээ төлөөлж, УИХ-д сууж байгаа бол үүнийг дэмжих байх.  Одоо газрыг эдийн засгийн эргэлтэнд оруулна гэж яриад байгаа. Газрыг эдийн засгийн эргэлтэнд оруулна гэдэг нь банкны барьцаа, зээл биш. Иргэн өмчилсөн газар дээрээ газар тариалан, жижиг бизнес эрхэлж болно шүү дээ.

-Төрийн явуулж байгаа бодлого хэрэгжээд эхлэхээр саармагжаад, иргэдэд хүрч байгаа хуулийн сурталчилгаа багасаад, ойлголт нь буруу яваад байна. Энэ УИХ-ын бүтцийн байгууллагын буруу юу, иргэдийн ухамсар дорой байна уу?

-Би МАХН-ын гишүүн, гэхдээ АН-ын Ерөнхий сайдын зарим саналыг дэмжиж байгаа. Төрийн албыг нийтийн алба болно гэдэг ч юм уу. Хуучин юмыг халахгүй бол хэзээ ч шинэтгэл хийж чадахгүй, энэ бол үнэн. Ойлголтын зөрүүтэй байдлыг л халах ёстой юм.

-Ойлголтын зөрүү гэснээс нийгэм хавтгайрсан халамжийн бодлогоос салж, тэгш хуваарилалтын зарчим руу орно  гэж яриад байдаг. Гэтэл цэцэрлэгт явж чадахгүй 60 мянган хүүхдэд сар бүр 20 мянган төгрөг, жилдээ 240 мянган төгрөгөөр хуураад байна л даа. Гэтэл цэцэрлэгт явдаг хүүхдүүд нь жилд 945 мянган төгрөг авч байна. Үүнийг яаж өөрчлөх вэ?

-УИХ-ын 2008 оны сонгуулийн үеэр цэцэрлэгийн хүүхдийн мөнгийг төрөөс даана гэсэн. Тухайн үед төрөөс даахдаа нэг өдрийн хоолны мөнгө нь 1000 орчим төгрөг болгосон юм. Цэцэрлэгт явдаг хүүхэд дулаан байранд, хоолтой, хичээл заалгана, асран хамгаалагчтай болж байна гэсэн үг. Цэцэрлэгт хамгийн боломжтой айлын хүүхдүүд суудаг. Яг өнөөгийн нөхцөлд бол. Цэцэрлэгт явж чадахгүй байгаа 60 мянган хүүхэд байна. Тэд амьдралын боломжгүй, авлига өгч чаддаггүй айлын хүүхдүүд байдаг. Тэд сард 20 мянган төгрөг л төрөөс авна. Гэтэл цэцэрлэгт явж байгаа нь төрөөс гурав дахин илүү мөнгө авна дээрээс нь халамж, мэдлэг, аюулгүй орчныг төрөөс бүрдүүлдэг.  240 мянган цэцэрлэгийн хүүхэд, 60 мянган цэцэрлэггүй, гэртээ байгаа хүүхдүүдэд тэгш хуваарилалт явуулаач л гэсэн санаа.

-Тэгш хуваарилалтыг хэрхэн зохицуулах вэ?

-Бид бол санаа гаргаж байгаа юм. Үүнийг бодлогодоо тусгаж ажиллах нь ард түмний төлөөллөөс сонгогдсон хүмүүс хийх ёстой юм. Цэцэрлэгээр яваагүй хүүхэд, явсан хүүхэд хоёрын ялгаа маш зөрүүтэй байдаг. Сурлагад нь хүртэл нөлөөлдөг. Засгийн газраас шинэчлэлийг хийх 3,7 тэрбум төгрөг байгаа. Үүнийгээ энэ цэцэрлэгт явдаггүй 60 мянган хүүхдэд зарцуулах ёстой юм. Яаж зарахыг бодлого тодорхойлдог хүмүүс хийх ёстой юм. Гарцыг олох хэрэгтэй. Бид бол энэ бодлого буруу байна гэдгийг л гаргахыг зорьж байгаа юм.

-Уриалгыг намын удирдах зөвлөл, улмаар УИХ дахь бүлгээр дамжуулах уу?

-Бид аль болох олон хүнийг нэгтгэх хэрэгтэй байна. Нам бус, намын гишүүн хэн байх нь хамаагүй. Ялангуяа эцэг эхчүүд дэмжээсэй гэж бодож байна. Би энэ асуудлаар мөн Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэд хандана гэж бодож байгаа.  980 мянган хүүхдэд нэг сард 50 тэрбум төгрөг тарааж байхаар цэцэрлэггүй, тэр халамжаас хоцроод байгаа хүүхдүүдэд чиглэсэн зүйл хийх хэрэгтэй байгаа юм. Гэхдээ нэг чухал зүйл нь үнэхээр мөнгө авах гэж байгаа бол хүсэлтээ гаргаж ав гэсэн заалтыг оруулж өгсөн нь зүйтэй байсан.

Ш.ОЮУНЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж