
чуулганы нэгдсэн хуралдаанаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт
өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хөдөлмөрийн
тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны
хэлэлцүүлгийг хийж, хоёрдугаар хэлэлцүүлэгт шилжүүллээ. Хэлэлцүүлгийн
шатанд гишүүдийн дунд “Арваннэгдүгээр сарын 14-нийг Чингисийн мэндэлсэн
өдөр гэж үзэн, тэмдэглэх болж байгаа нь хэр үндэслэлтэй. Дөрвийн тоог
монголчууд муу ёрын тоо гэдэг. Ийм байтал яагаад заавал 14-нд Чингисийн
өдрийг тэмдэглэх гээд байна вэ, өөр өдөр тогтож болдоггүй юм уу” гэсэн
бол УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Нар хиртдэг өдөр Чингисийн өдрийг
тэмдэглэж болохгүй” гэж ч мэдэгдэв. Гэхдээ Төрийн байгуулалтын байнгын
хорооны дарга “Арваннэгдүгээр сарын 14-н гэдэг дээр эрдэмтэн судлаачид
нэлээд судалгаа хийсний үндсэн дээр тогтсон байдаг. Тиймээс эргэлзэх
хэрэггүй” гэсэн юм.
Эл хуульд өөрчлөлт оруулах хүрээнд мөн жил
бүрийн арваннэгдүгээр сарын 26-нд тохиодог Тусгаар тогтнолын өдрөөр бүх
нийтээр амрахгүй байхаар боллоо. Тодруулж хэлбэл, Тусгаар тогтнолын өдөр
хэвээр үлдэж байгаа ч амрахгүй болж байгаа юм. Одоо чуулганы нэгдсэн
хуралдаанаар УИХ-ын гишүүн Р.Гончигдорж нараас өргөн мэдүүлсэн Монгол
Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай
хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхлээд
байна. Энэхүү төслийн хүрээнд сумын Засаг даргад нэр дэвшигчийг багийн
нийтийн хурлаар хэлэлцэнэ. Улмаар сумын Засаг даргад нэр дэвшигчийг
сумын ИТХ-аар хэлэлцэн хамгийн олон санал авсныг Засаг даргаар ёсчилдог
байхаар тусгаад буй билээ.