Зэвсэглэсэн хүмүүс Ливийн парламентын ордныг эзлэв

Хуучирсан мэдээ: 2012.11.02-нд нийтлэгдсэн

Зэвсэглэсэн хүмүүс Ливийн парламентын ордныг эзлэв

Ливийн шинээр байгуулагдсан Засгийн газрын бүрэлдэхүүнийг эсэргүүцэж, огцорсон гишүүдийг дэмжигч зэвсэглэсэн хүмүүс өнгөрсөн лхагва гаригт парламентын ордон руу дайрч, эзлэн авсан байна. Эдгээр зэвсэглэсэн хүмүүсийн дунд хуучин гишүүд ч байгаа бөгөөд тэд улс төрчидтэй уулзаж, огцорсон гишүүдийн асуудлыг авч хэлэлцэхийг хүсч байгаа аж. Ливийн Засгийн газрын шинээр бүрэлдэхүүнээ байгуулахдаа дарангуйлагч агсан Муаммар Каддафитай холбоотой гэсэн шалтгаанаар хэд хэдэн хуучин сайдуудыг парламентаас хасчээ.

Ливи улс өнгөрсөн долдугаар сард парламент байгуулахыг зөвшөөрөн, ардчилсан замаар сонгууль явуулсан билээ. Үүний дагуу парламентын сонгууль болж, улмаар Ливийн Засгийн газар шинэ бүрэлдэхүүнээ зарласан бөгөөд гишүүдийг сонгохдоо Ерөнхий сайд Аль Зейдан ардчилагч болон лалын шашинтнуудын хоёр том намын гишүүдийг нэгтгэн багтаасан байна. Гэвч түүний сонгосон Засгийн газар ийнхүү эсэргүүцэлтэй тулгарчээ. Ливийн парламентийн ордон руу дайрсан хүмүүсийн ихэнхи нь Мисурата хотоос ирсэн хүмүүс байгаа бол үлдсэн нь нийслэл Триполигийн оршин суугчид аж. Одоогоор парламентын байранд Ерөнхийлөгчийн хамгаалалтын албаныхан хашигдаад байгаа бөгөөд тэд зэвсэглэсэн хүмүүстэй ямар нэгэн тулаан хийгээгүй байгаа юм байна. Үүний хажуугаар Ливийн Засгийн газраас олон салангид цэргийн бүлэглэлүүдийг нэгтгэн нэг том арми бүрэлдүүлэхийг хичээж байгаа аж.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж