Хулгайч сайтуудыг түр биш бүр хаая

Хуучирсан мэдээ: 2012.11.02-нд нийтлэгдсэн

Хулгайч сайтуудыг түр биш бүр хаая

Өдөр ирэх тусам техник, тех­нологи хөгжиж, хүмүүс ин­тернэт хэсч, хүссэн мэдээллээ авдаг болж байна. Энэ эрэлт хэрэгцээг дагаад элдэв төрлийн буюу мэдээллийн, зөвлөгөөний, за­рын гээд тоочоод барамгүй ца­хим хуудсууд нээгдэж бай­на. Цаашлаад садар самуун, аймш­гийн, зургийн гээд бүх төрлийн тө­рөлжсөн сайтууд борооны да­раах мөөг шиг олширч бай­гаа. Гэхдээ мэдээллийн хур­даар уралдаж байгаа сайтуу­дын өрсөлдөөн ширүүсч, эцэс сүүлдээ нэгнийхээ хүч хө­дөл­мө­рийг сорон, мөлжиж эхэл­лээ. Мэдээллийн чанартай 50-60 сайт байхад тэр дундаас бү­­хэл бүтэн редакцитай, баг­тай нь 5-6-хан байгаа юм. Бу­сад нь сэтгүүлчдийн оюун хө­дөл­­мөрийг хулгайлж, хүний мэд­­лэгийг шулж, мөлжиж бай­­на. Бүхэл бүтэн редакцийн сэт­­гүүлчдийн хүчээ зарж, хө­лөөрөө явж хийсэн, бичсэн, ярилц­сан бүх материалыг ямар ч зөвшөөрөлгүй, дураараа хуулж тавьчихаад хээв нэг сайт ажил­луулж, мундаг ажил­лаж бай­гаа мэт санаж суу­гаа хоёр­хон хүн байж л бай­на, тэр цахим хуудсуудын ард.  Тэр ч бүү хэл олон жил бол­сон, нэр хүндтэй, хамгийн их хандалтыг авдаг, ашиг орлого ихтэй сайтууд хүртэл ямар ч редакцигүй, бусдын хөдөлмөрийг мөлжөөд, ца­хим хуудсаа дүүргээд байж байгаа нь бодит үнэн. Сэт­гүүл­чид тавхайгаа эргэтэл яваад, хэн нэгнийг өдөржин хү­лээ­гээд, эх сурвалжийг нь олоод, заримдаа сар шахам, бүр жи­лээр хүлээж сурвалжлаад, хөлс хүчээ урсгаж байж нэг ма­те­риал бэлддэг. Нийтлэл би­чиж, ярилцлага авч байгаа. Гэ­тэл хүний  хөлсөө урсган байж хийсэн материалыг нэг­хэн се­кундын дотор хуулж та­виад, сай­тынхаа хандалтыг нэмэг­дүүлж байгаа нь дэндүү увайгүй үйлдэл биш үү. Ядахын мууд эх сурвалж дурьддаггүй, утсаар холбогдож хэлэх гэхээр эзэн нь олддоггүй сайт олон байна. Харин ойрноос ШӨХТГ-аас энэ хууль бус үйлдлийг зохицуулж, зарим сайтыг хааж эхэллээ. 

ШӨХТГ, Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтарч ажиллах гэрээнд гарын үсэг зурснаар энэ ажил эхэлсэн. Улмаар  “Amjilt.com”, “Coolstayle.com”, “Dencel.com”, “Ineehuu.com”, “Kino99.com”, “Kinochid.net”, “Mglvideo.com”,  “Mngtv.com”, “Mongolduu.com”, “Muzic.zaluu.com”, “Sakwarez.com”, “Shuurhai.com”, “Tansag.net”, “Tulhuur.com”, “Duulian.com”, “Topmongol.com”  гэсэн 16 сайтыг дотоодын болон гадаадын хүмүүсийн бүтээл туурвилыг хуулж тавьсан, хүний оюуны өмчийг зөвшөөрөлгүйгээр хулгайлсан гэх үндэслэлээр үйл ажиллагааг нь түр хугацаанд түдгэлзүүлээд байна. Цаашлаад өөр олон сайтыг хаах, зөрчлийг нь арилгуулах арга хэмжээ авах бололтой. Гэхдээ энэ мэтийн сайтуудыг түр хаах биш, бүрмөсөн зогсоох хэрэгтэй байгаа юм. Ядаж байхад энэ мэт сайтуудын эзэн олдохгүй байгаа талаар албаны хүн ярьсан байсан. Дээрээс нь гадаадад байдаг гэж байгаа. Тийм байхад түр зогсоож барьж нялцаганаад байх хэрэг байна уу. Үнэхээр л хянах гээд байгаа юм бол үг дуугүй л хаах хэрэгтэй. 

Гэхдээ  эхнээсээ  арга хэмжээ авч, түр ч болов зогсоож, хулгайч сайтуудыг “гавлаж” эхэлж байгаа О.Магнай даргад баярласнаа илэрхийлэх нь зүйтэй болов уу. Түүний хажуугаар зарим нэг зөвлөх, ховлох “юм”  байна. Цаашлаад ядахын мууд 15 хүнтэй, мэргэжлийн багтай сайтыг ажиллуулах журам гаргаж, бусдын хөдөлмөрийг үнэлдэг болгоход анхаарах хэрэгтэй. Бүхэл бүтэн мэдээллийн сайт гэдэг редакцийн бодлоготой, албадуудтай байх ёстой. Тэгж байж улс төр, эдийн засаг, урлаг соёл, спорт, нийгэм, гэмт хэрэг зэрэг олон булангаа мэдээллээр дүүргэж, хурдтай ажиллаж чадна. 2-3 хүн тийм олон булантай, булан нь дотроо задардаг сайтыг хийгээд явна гэж юу байхав. Бусдаас хуулж л таараа. Тийм болохоор зөрчлөө арилгуулах хугацаа энэ тэр өгдөг бол шал дэмий хэрэг. Энэ удаад түр хаагаад байгаа 16 сайт бол зүгээр л зах зух нь.  Цаашид сайн судалж, олон сайтыг түр биш бүр хаана гэдэгт найдаж байна. Тиймээс албаныханд “хов” хүргэж, зарим нэг сайтын нэр дурьдах гээд байгаа юм. Жишээлбэл, дээрх 16 сайтаас гадна “Bolod.mn”, “Nuuts.mn”, “Miniih.mn”, “Fact.mn”, “Toim.orloo.Info”, “Newsworld.mn”, “Mongoltimes.mn” гэх зэрэг үй олон хулгайч сайт байна. Эднийг ч гэсэн шалгах хэрэгтэй. Зүгээр л зах зухаас нь дурьдахад ийм шүү дээ. Энэ олон сайтад хоёр хүн ажиллаж чадаж байна уу гэдэг эргэлзээтэй. Тэгээд дээрээс нь нэг хүн маш олон сайтын эрх авч, нээчихээд, сүүлдээ зарж байна.  Жишээлбэл, “Bolod.mn” сайтын харьяа сайт гэхэд 20 шахчихсан. “Fact.mn”  “seruuleg.mn”, “newsworld.mn”, “ugluu.mn”, “miss.mn”, “scandal.mn”, “mongoltimes.mn”, “mongolcomment.mn”, “seruuleg.mn”  гэх мэт. Ийм олон сайт байгуулчихаад, “Сайтуудын холбоо” ТББ гээчийн нэрийг барьж, ажиллана. Тэр холбоонд нь сайтууд элсч, хоорондоо зөвшилцөж, хамтарч ажиллаж байсан уу гэвэл үгүй. Түүн­ээс гадна үй олон сайт бай­гуулсныхаа дараа эхнээс нь зарж байна.  “newsworld.mn”  гур­ван сая, “mongoltimes.mn” хоёр сая, “ugluu.mn” таван сая, “seruuleg.mn” 10 сая гэх мэт ханштай байгаа сурагтай.   Энэ тэгээд шударга өрсөлдөөн мөн үү. Ингэж дураараа дургиж, олон сайтуудаа бусд­ын хөлсөө урсгаж бичсэн мэдээ­гээр “тэжээж” хөөрхөн тар­галуулчихаад, хандалт нь овоо болоод ирэхээр зарж байгаа байх­гүй юу. Тэгсэн мөртлөө “Мон­голын сайтуудын холбоо”-ны мэдэгдэл энэ тэр гэж гар­гаж, мэдээллийн чөлөөт индэр бол­сон сайтыг хаалаа гээд бай­гаа юм аа. Ичиж үхмээр юм, тэр нөхдүүд. Нийгэмд болж байгаа захын жижиг ас­ууд­лыг хөндөөд биччихэж ча­дах сэтгүүлчгүй, хоёр хуул­даг нөхөр компьютерийн ард суулгаад, мэдээллийн сайт­уудаас арай дөнгүүр гэснийг дураараа авч тавиад, ажиллаж байгаагаа мэдээллийн эрх чөлөө гэж бодож байгаа бол энэ том эндүүрэл. Нэг залуу жүжигчнээс утас цохиод жижиг яриа авчихаж чадах нэг ч сэтгүүлчгүй, бусдын бүтээлийг улаан цагаан хуулж байгаа сайтуудыг тэгээд цахим сонин гэх үү. Ийм мэтийн шалдир, булдир, хулгайч сайтууд дүүр­сэн учраас бүхэл бүтэн редакцитай, төлөвлөгөөтэй, норм­той, зарчимтай ажиллаж бай­гаа мэдээллийн сайтууд, хөдөл­мөрлөж байгаа сэтгүүлчид хохирч байна. Тиймээс маш сайн хянаж, стандарт тогтоож, түүн­ийг биелүүлж чадахгүй бай­гаа сайтанцаруудын “амыг барих” цаг аль хэдийнэ болсон. Ядах­даа 15 хүнтэй ажиллаж чадах­гүй, өөрсдөө мэдээ, ярилц­лага, сурвалжлагандаа гүйж, нийтлэлээ бичиж гаргахгүй сайтыг түр хааж, зөрчил арилгуулж нялцаганаж яадаг юм. Зөрчлөө арилгаж байгаа нь энэ гээд, баахан мэргэжлийн бус, эсвэл оюутан хүүхэд авчраад суулгана биз. Нөгөөдүүл нь дахиад л бусдын хөдөлмөрийг сорж, хуулагч хийгээд л сууна. Үүн шиг тодорхой юм байхгүй. Ингээд ирээдүйн сэтгүүлчдийг эвдэж, хүний хөдөлмөрийг сорогч болгон хувиргаж байгаа юм. Сэтгүүлч бэлтгэдэг дээд сургуулийн нэгдүгээр курсийн оюутнууд вэд сайтад ажиллаж байгаа нэрээр багш нараасаа том амьтад байдаг гэнэ билээ. Энэ мэтчилэн сэтгүүлзүйн, тэр дундаа мэргэжлийн сэтгүүлчдийн нэр хүндийг унагахаа болих хэрэгтэй.

Өнөөгийн нийгэмд хүн үзэл бодлоо илэрхийлэх, цахим ертөнцөд мэдээллийн хурдаар өрсөлдөх эрхтэй. Гэхдээ мэдээллийн сайт буюу цахим сонин гэдэг үзэл бодлоо илэрхийлэх чөлөөт индрээс арай өөр байх ёстой. Тэнд бүхэл бүтэн редакци байж гэмээнэ утгаараа ажиллана. Харин үзэл бодлоо илэрхийлэх гээд байгаа хэл нь загатнасан нөхдүүдэд хандаж хэлэхэд блог гэж нэг сайхан талбар байна. Чөлөөтэй “хуцах” талбар болох блог байсаар байтал бусдын хоолноос, хөдөлмөрөөс сорж, идээд байгаа чинь “паразит шимэгч”-ээс ялгарахгүй байна. Одоо харыг нь хараар нь, цагааныг нь цагаанаар нь байлгах цаг болсон байх аа, О.Магнай дарга аа.

Н.ПУНЦАГБОЛД

Эх сурвалж: WWW.MMINFO.MN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж