“Бөхчүүд цагаан толгойн үсгийн дарааллаар сугална”

Хуучирсан мэдээ: 2012.11.02-нд нийтлэгдсэн

“Бөхчүүд цагаан толгойн үсгийн дарааллаар сугална”

Монгол туургатны үндэсний бөхийн барилдаан ням гаригт манай Улаанбаатар хотноо болно. “АСА” циркт болох уг барилдаанд оролцох бөхчүүдийн түрүүч туурга нэгт Монголдоо ирсэн байна. Энэ удаагийн барилдаанд Өвөрмонголоос 30, Буриадаас 20, Тувагаас 29, Алтай болон Халимагаас тус бүр гурван хүний бүрэлдэхүүнтэй бөхчүүдийн баг ирж байгаа юм. ОХУ-ын Алтайн Хязгаарын улсаас туургатны барилдаанд анх удаа бөхчүүдээ илгээж байгаа нь энэ. Барилдааны бэлтгэл ажлыг хангаж дууссан гэдгийг албаныхан хэллээ. Зөвхөн барилдах биш Монгол туургатны наадмыг зохион байгуулж байгаа гэдгээрээ энэ удаагийн барилдааны онцлог оршиж байгаа аж. Монгол туургатны үндэсний бөхийн V их наадамд зодоглох бөхчүүдийн нэрс тодорсоор байгаа бөгөөд -85 кг-ын жинд Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дэлхийн аварга, олимпийн хүрэл медальт Х.Цагаанбаатар оролцохоор мэдүүлгээ өгсөн нь олны анхаарлыг зүй ёсоор татаж байна. Х.Цагаанбаатарыг үндэсний бөхийн аймгийн арслан цолтой гэдгийг бөх сонирхогчид андахгүй сайн мэднэ. Тэрээр 2005 онд Дорноговь аймгийн наадамд түрүүлж аймгийн арслан цол хүртсэн юм. Үүнээс гадна Лондоны олимпийн дэвжээнд эх орноо төлөөлөн оролцсон чөлөөт бөхийн олон улсын хэмжээний мастер, сумын заан О.Үйтүмэн болон аймгийн арслан Т.Баасанхүү, Т.Мягмаржав нар -85 кг-ийн жинд зодоглох аж. Үүнээс гадна Буриад, Тува, Өвөрмонголын хэд хэдэн шилдэг бөх оролцохоор ирсэн байна. Монгол туургатны барилдааны гурван удаагийн аварга, улсын заан Ч.Санжаадамба, мөн нэг удаа түрүүлсэн харцага А.Бямбажав нар оролцохоор бэлтгэл сургуулилтаа хангаж дуусчээ. Барилдааны талаар даян аварга Г.Өсөхбаяртай цөөн хором ярилцлаа.

-Монгол туургатны үндэсний бөхийн V их наадам хугацаа бага үлдлээ. Бэлтгэл ажил хэр байна вэ?

-Наадмын бэлтгэл ажил 90 орчим хувьтай явж байгаа. Маргааш /өнөөдөр/ монгол туургатны бөхчүүдээ угтан авснаар ерөнхийдөө бэлтгэл ажил жигдэрнэ.

-Наадамд оролцож байгаа бөхчүүдээ хаана байрлуулж байгаа вэ?

-“Палас” зочид буудалд бөхчүүдээ байрлуулна. Харин бэлтгэлээ бөхчүүд маань “Шонхор” биеийн тамирын дээд сургууль дээр базаах юм. 

-Монгол туургатны бөхийн наадамд бөхчүүдийн цолыг хамааралгүй сугалаагаар барилдуулдаг. Сугалааны үйл ажиллагааны талаар товч мэдээлэл өгөх үү

-Сугалааг ирэх сарын 4-ний өдөр барилдаан эхлэхийн өмнө явуулахаар болсон.  Даваа болгоны өмнө сугалаа сугалуулж шударга байлгах үүднээс маргаантай барилдааныг давталтаар үзүүлэх юм. Бөхчүүд цагаан толгойн үсгийн дарааллаар сугалаагаа сугалдаг. Өөрөөр хэлбэл, нэрсийн жагсаалтад хэдэд бичигдэхээ тодорхойлно гэсэн үг.  Ерөнхий зарчим нь нэгийг сугалсан бөх хоёрыг сугалсан бөхтэй, гурвыг сугалсан бөх дөрвийг сугалсан бөхтэй гэх мэтчилэн оноолтод ордог. Жишээлбэл, Монгол туургатны бөхийн наадмын гурван удаагийн аварга Ч.Санжаадамба, өнгөрсөн жил Тувад болсон наадмын аварга А.Бямбажавтай нэгийн даваанд ч таарах магадлалтай.

-Багуудад онцлох ямар бөхчүүд байна?

-Онцолбол анхны наадамд манай Ө.Даваабаатар харцагыг хаяж байсан Буриадын Ренчин Бямбаевыг нэрлэж болох юм. Мөн өнгөрсөн наадмаар -85 кг-ын жинд үзүүрлэж байсан Тувагийн арслан Сайын Белек жин өгсөж +85-д орж ирсэн. Ер нь -85 кг-ын жинд түрүү жилийн аварга Андрей Монгуш тэргүүтэй Тувагийн бөхчүүд маш хүчтэй байгаа. Мэдээж Өвөр Монголын аварга бөхчүүд ирнэ. Багууд ерөнхийдөө маш жигд хүчирхэг бүрэлдэхүүнийг илгээсэн.

-Энэ удаагийн монгол туургатны үндэсний бөхийн наадмын онцлог юу вэ?

-Алтайгаас бөхчүүд монгол туургатны үндэсний бөхийн наадамд анх удаагаа оролцож нэг туургатан маань бидэнтэй нэгдлээ. Бас бусад туургатны бөх сонирхогчид монгол туургатны үндэсний бөхийн наадмыг үзэхээр олноороо зорин ирж байна. Үүнээс гадна манай олимп, дэлхийн тамирчид оролцож байгаа гээд л нэрлэбэл олон онцлог бий. Мөн Өвөрмонголоос энэ удаагийн наадмыг үзэхээр 200 гаруй хүн манай улсад ирж байгаа. Нэг ёсондоо бөхчүүдээ дэмжинэ гэсэн үг. Өмнө нь ийм олон хүн багаа дэмжихээр Монголд ирж байсан тохиолдол бараг үгүй болов уу.

-Наадмын шагналын сан 50 сая төгрөг гэж сонссон. Үүнийгээ хэрхэн задалж байгаа юм бол?

-Монгол туургатны үндэсний бөхийн наадам нь бусад барилдаануудаас хавьгүй өндөр бай шагналтай. Бид нэг удаагийн наадмын бай шагналд л гэхэд 50 сая төгрөг зарцуулдаг. Энэ удаагийн наадамд түрүүлсэн бөх долоон сая, үзүүрлэсэн нь дөрвөн сая төгрөг авна. Давааны урамшуулал л гэхэд 250 мянган төгрөгнөөс эхэлж байгаа Даваа ахих тусам авах мөнгөний хэмжээ нэмэгдэнэ гэсэн үг л дээ.

-Барилдаан ямар дүрмээр болох талаар тодохой тайлбар хэлэх үү?

-Мэдээж Монгол үндэсний бөхийн дэгийн дагуу л барилдана. Барилдааны хугацаа даваа харгалзахгүйгээр 10 минут байна. Энэ хугацаанд хаялцахгүй бол баруун, зүүн давхар шуудагнаас золгуулна. Хаялцаагүй тохиолдолд нэг бөх нь барьцгүй, нөгөө бөх нь давхар шуудагны барьцтайгаар барилдааныг үргэлжлүүлнэ. Барьц задарсан тохиолдолд нөгөө бөх нь давхар шуудаг авна. Маргаантай барилдаан дээр санал зөрөлдсөн тохиолдолд барилдааныг бичлэгээр харж үнэн зөв шийдвэр гаргана. Энэ дашрамд хэлэхэд, барилдааны тасалбарыг зарж эхэлсэн. Тиймээс тасалбараа авч бөхчүүдээ дэмжээрэй гэж уриалмаар байна.

Эх сурвалж: “СПОРТЫН ШУУДАН” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж