Шатахууны үнэд өөрчлөлт орох бололтой

Хуучирсан мэдээ: 2012.11.02-нд нийтлэгдсэн

Шатахууны үнэд өөрчлөлт орох бололтой

Нэг хэсэг намжих нь уу гэсэн горьдлого тээж байсан үнийн доргионы дараагийн давалгаа үүсэх нь тодорхой боллоо. Шатахууны үнэ юу угүй өсөх хэд хэдэн шалтгаан гарч ирэв. ОХУ-д дотооддоо АИ-92 бензины хомсдолтой байгаа. Учир нь гэвэл АИ-92 дэлхийн стандартын шатахуун биш гэж үзээд томоохон нефтийн үйлдвэрүүд дээрээ техникийн шинэчлэл хийж буй. Монголын хилийн ойролцоох үйлдвэрүүд дээр  өнгөрсөн жилээс шинэчлэлт хийгээд эхэлсэн. Үүнээс хамаарч шинэчлэлийн дараах үйлдвэрийн үйл ажиллагаа эрэлтээ дийлэхгүй, үйл ажиллагаа нь ч жигдрээгүй байгаа аж.

Өнгөрсөн аравдугаар сард “Роснефть”-иэс Монголд нийлүүлсэн АИ-92 бензиний нэг тонн нь 44 ам.доллар байсан үед Монголын тал үнээ нэмэлгүй алдагдлаа үүрч ажиллажээ. Гэтэл энэ арваннэгдүгээр сараас “Роснефть”-иэс ирүүлж буй АИ -92 бензиний үнэ тонн тутамдаа 49 ам.доллараар нэмэгджээ.

Энэ оны аравдугаар сард Наушки өртөөгөөр орж ирсэн А-80 бензиний үнэ тонн тутамдаа 1133 ам.доллар байсан бол энэ сард дээрх үнэ хөдлөөгүй байна. Харин АИ-92 бензин өмнөх сард нэг тонн нь 1345 ам.доллараар Наушки өртөөгөөр орж ирсэн бол энэ сараас 1394 ам.доллар болж, тонн тутамдаа 49 ам.доллараар нэмэгдэж 3,6 хувиар өсчээ. Харин дизелийн түлш Наушки өртөөгөөр орж ирэхдээ өмнөх сард тонн нь 1151 ам.доллар байснаа энэ сард 1206 ам.доллар болж, тонн тутамдаа 55 ам.доллараар өсч, 4,8 хувиар үнэ нэмэгдсэн мэдээлэл байна.

Эдгээрээс шалтгаалаад шатахуун литр тутамдаа бараг 200 орчим төгрөгөөр
нэмэгдэж орж ирж ирэх бололтой. Үнэ өссөн шатахууныг тээвэрлэсэн галт тэрэгний
цуваа маргааш гэхэд Улаанбаатарт орж ирэх тухай мэдээлэл байна.

Үүнээс гадна сүүлийн жилүүдэд ОХУ-ын зүгээс Монгол Улсын Засгийн газарт ямар нэг байдлаар шахалт, сэрэмжлүүлэг өгөх үүднээс нефтийн бүтээгдэхүүний үнээ тасралтгүй нэмэх хандлага гаргаж байв. Үүний нэг жишээ нь 2010 оны зун “крантаа” хааж монголчуудыг шатахууны үнийн өсөлтөд нэрвүүлж байв. Шатахууны үнийг дагаад бүх бараа, үйлчилгээний үнэ өсдөг тул ийм нэг таагүй байдал энэ сард үүсч мэдэхээр болоод байна.

Мөн ОХУ-ын сайтуудаар мэдээлснээр ирэх 2013 онд Роснефтийн хувьцааны төрийн багцын зургаан хувийг Их Британийн зомданид худалдахаар яригдаж байгаа нь Оросын нефть бүтээгдэхүүний үнэд өөрчлөлт орох бас нэг шалтгаан болж байж мэдэхээр байна.

Д.ОЮУН

НЭМЭЛТ:

12:51 цагт:

УУЛ УУРХАЙН ЯАМНААС АЛБАН ЁСНЫ МЭДЭЭЛЭЛ ӨГӨӨГҮЙ БАЙНА

Шатахууны үнэ литр тутамдаа нэмэгдэх сураг чих дэлслээ. Энэ талаар
дизель түлшний бодлогыг зангидах  учиртай Уул уурхайн яамнаас тодруулах
гэтэл олон нийтэд хэрэгтэй мэдээлэл өгчихөөр албаны хүн алга байлаа.
Харин тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Жигжид хэвлэлийн
төлөөлөгчөөрөө “Одоогоор тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна” гэж
дамжуулав.  Хамгийн гол нь маргааш Улаанбаатар хотод нэмэгдсэн үнэтэй шатахуун орж
ирнэ гэсэн мэдээлэл бий. Гэтэл аравдугаар сарын 26-нд Уул уурхайн  яам,
Монголбанк, шатахуун импортлогч компаниудын төлөөллөөс хамтран шатахууны
үнийг тогтворжуулах боломжтой гэх гэрээ байгуулсан байгаа. Үүнд дөрвөн
компани хамрагдсан бөгөөд цаашдаа бүх компанийг татаж оруулна хэмээж
байсан.

Шатахууны үнийг хэлэлцэж байх зөвлөлийг Засгийн газрын
хуралдаанаар оруулж, байгуулах тухай яригдаж байгаа бөгөөд энэ зөвлөл
байгуулахаар шатахууны үний талаар тодорхой хариултуудыг өгнө гэсэн
тайлбарыг Уул уурхайн яамнаас сүүлийн хоёр сарын туршид өгч ирсэн. Одоогоор тус яамнаас шатахууны үнийн асуудлаар хэвлэлийнхэнд албан ёсны мэдээлэл хийх эсэх нь тодорхойгүй байна.

У.БОЛОР


12:56 цагт:

НИК ШАТАХУУНЫ ҮНЭЭ НЭМНЭ ГЭВ

ОХУ-ын шатахуун нийлүүлэгчид үнээ нэмснээс бол “НИК” ХХК ойрын өдрүүдэд
буюу ирэх долоо хоногоос нефтийн  бүтээгдэхүүнийхээ үнийг 200-230
төгрөгөөр нэмэх болсон талаар НИК ХХК-ийн Гүйцэтгэх захирал М.Халиунбат
NEWS.mn-д мэдээллээ. Өнгөрсөн аравдугаар сард “Роснефть” компанийн
Монголд нийлүүлсэн АИ-92 бензин нэг тонн нь 44 ам.доллараар нэмэгдсэн ч
Уул уурхайн яамнаас өгсөн чиглэлийн дагуу шатахуун импорлогчид үнээ
нэмэлгүй, алдагдал хүлээсэн гэх тайлбарыг эх сурвалж хэлж байна. Энэ
арваннэгдүгээр сараас “Роснефть”-иэс ирүүлж буй АИ-92 бензиний үнэ тонн
тутамдаа дахин 49 ам.доллараар нэмэгдэж /Нийт 93 ам.доллар/, одоо 1394
ам.доллар болоод байгаа юм.

Б.ХАЛИУН

16:43 цагт:

“М-ОЙЛ” ҮНЭЭ НЭМЭХГҮЙ ГЭВ

Монголд нийлүүлж буй шатахууны үнээ өнгөрсөн сард тонн тутамд нь 44
ам.доллараар нэмсэн ОХУ энэ сард дахин үнээ нэмэх нь бараг тодорхой
болоод байна. Үүнээс шалтгаалаад шатахууны үнэ нэмэгдэх тухай мэдээллийн
дагуу  нефть импортлогч компаниудтай холбогдож байна.

“НИК” ХХК
дээрхи үнийн өөрчлөлттэй холбоотойгоор ирэх долоо хоногоос нефтийн 
бүтээгдэхүүнийхээ үнийг 200-230 төгрөгөөр нэмэх талаар тус компанийн
гүйцэтгэх захирал М.Халиунбат хэлсэн бол  “М-Ойл” компанийн гүйцэтгэх
захирал Р.Батбаяр “Бид шатахууны үнээ нэмэхгүй” гэсэн байр суурь
илэрхийллээ.

У.БОЛОР

18:09 цагт:

Д.ГАНХУЯГ: ЗАСГИЙН ГАЗАР ИМПОРТЛОГЧДОД САНАЛ ТАВИНА

ОХУ-ын “Роснефть” компани Монголд нийлүүлж буй шатахууны үнээ дахин
нэмэх болсон учир Монголын нефьт импортлогчид шатахууны үнээ нэмж
магадгүй нөхцөл байдал үүсээд байгаа. Өнөөдрийн гол сэдэв болоод буй эл
асуудалд Уул уурхайн сайд Д.Ганхуяг хариулт өгөхдөө “Нөхцөл байдал ийм
байгаа ч шатахуун импортлогч компаниудыг Засгийн газраас санал болгосон
хөнгөлттэй зээлийн  саналыг хүлээн авч, үнээ нэмэхгүй байх болов уу гэж
найдаж байгаа” гэлээ.

“Дэлхийн
зах зээл дээр нефтийн үнэ хямдарч байгаа. Манай нефьт импортлогчид
нийлүүлэгч компаниа бусад орнуудад зарж байгаа шигээ Монголд хямд
зарахыг шаардах үүрэгтэй. Шатахуун түгээх станцуудаар олон нийтэд зардаг
шатахуун бол нийт шатахууны худалдааны 40 хувийг эзэлдэг. Иймд Засгийн
газрын зүгээс жижиглэнгийн шатахууны үнийг нэмүүлэхгүй байх тал дээр
санаа тавьж байгаа” хэмээн тэрбээр “Eagle news” телевизэд өгсөн
ярилцлагадаа хэлжээ.

Жижиглэнгийн шатахууны худалдаанд Монгол
банк 120 сая ам.долларын дамжуулан зээлдүүлэх зээл олгох санал тавьсан
байгаа. Зээлийн хүүгийн өсөлт болон валютын ханшийн зөрүүнээс
хамгаалахад  зориулж Засгийн газар батлан даалт гаргаж, Монгол банкнаас 3
жилийн хугацаатай 120 сая ам.долларын зээл санал болгосон байгаа юм.

Б.ХАЛИУН


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж